Орос, Хятадын 11 байлдааны хөлөг онгоц энэ долоо хоногийн эхээр Аляскын эрэгт хүрэлцэн ирсэн нь энэ төрлийн хамгийн том цугларалт байв. АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин үүнтэй холбоотойгоор дөрвөн эсминец илгээжээ.
Тэнгисийн цэргийн хүчнийхэн ингэж цугларч, хамтран ажиллах үндсэн хоёр шалтгаан бий. Тодруулбал, нөлөөлөх, тулалдаанд бэлтгэх гэсэн хоёр шалтгаантай.
Даалгавар нэг буюу тэнгисийн цэргийн нөлөөлөл нь дэлхий даяар үргэлж тохиолддог үйл явдал. Гэхдээ ихэнхдээ үл үзэгдэх өргөн хүрээний үйл ажиллагааг хамардаг. Энэ нь Энэтхэг-Номхон далайн боомтуудаар дамжин өнгөрч эргүүл хийхээс эхлээд сувгаар дамжин өнгөрч буй хөлөг онгоцуудад цөмийн хөдөлгүүртэй довтолгооны шумбагч онгоц явж байна гэж дохио өгөх, эрэг дээр нисэх онгоц тээгч хөлөг онгоцыг байрлуулах зэрэг үйл ажиллагааг хэлнэ. Өөр бусад үйл ажиллагаа байдаг ч хамгийн гол зорилго нь “Бидэнд ийм зүйл байгаа, үүнийгээ ашиглахаас айхгүй байна” гэсэн мессежийг бусдад хүргэх аж. Тэнгисийн цэргийн хүчин ийм үйл ажиллагаанд ихэнх цагаа зарцуулдаг.
Сүүлийн тохиолдлыг Хятад, Орос хоёрын зүгээс найз нөхөд болон дайснууддаа хандаж хийсэн хамтарсан мэдэгдэл гэж болно. Энэ бол “Бид хамтдаа, эх орноосоо хол, ямар ч ял шийтгэлгүйгээр хамтарч ажиллаж чадна” гэсэн мессеж юм.
Гэхдээ үүнийг шууд утгаар нь өдөөн хатгалга гэж харах нь учир дутагдалтай. Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын Хааны Тэнгисийн цэргийн флот 2021 онд Энэтхэг-Номхон далайд өөрсдийн хөлөг онгоцоо байрлуулах үеэрээ мөн ийм мессеж өгч байв. АНУ-ын байлдааны хөлөг онгоцууд ч мөн ялгаагүй ийм мессежийг үргэлж илгээдэг.
Харин тулалдаанд бэлдэх буюу хоёр дахь даалгавар нь илүү сонирхолтой. Эхний даалгавар бүтэлгүйтсэн тохиолдолд юу болоход бэлтгэх гэсэн үг юм. Энэ төрлийн хамтарсан ажиллагаа нь энгийн нэг Холливудын киноноос тэс өөр. Нэг газар цуглараад зураг авхуулах нэг хэрэг, хамтдаа тэмцэх, дайтахад суралцах нь мөн нэг хэрэг.
Далайд хамтдаа байлдах чадварыг бий болгоход тагнуулын систем, логистик, харилцаа холбоо, тушаал, даалгаврын дүрэм зэргийн нарийн сүлжээг бий болгож, харилцан ойлголцох шаардлагатай. НАТО-гийн хөлөг онгоцууд бүгд ижил дүрмийн дагуу ажилладаг тул харьцангуй давуу талтай байж болох ч хүн нэг бүрийг сургах, нэг өнцгөөс бүхнийг хардаг болгоход цаг хугацаа шаардагдана.
Шотландын ойролцоо жилд хоёр удаа зохиогддог үндэстэн дамнасан далайн сургуулилалтын эхний долоо хоногийг Интеграцийн үе шат гэж нэрлэдэг.
Хятад, Оросын тэнгисийн цэргийн флотууд энэ удаагийн цугларалтаар хоёр үүрэг даалгаврыг биелүүлсэн. “The Telegraph” хуудаснаа дүгнэснээр тэдний үйл ажиллагааны 80 хувь нь нөлөөллийн зорилготой байсан аж. Мэдээж Хятад, Орос хоёр хамтрахын тулд илүү их дадлага хийх шаардлагатай.
Түүнчлэн Аляскийн стратегийн ач холбогдлыг энд онцлон дурдууштай. АНУ 1898 онд Оросуудаас 7.2 сая доллараар худалдаж авсан өргөн уудам нутаг бол Аляска юм. Аляска нь ОХУ-ын нутаг дэвсгэрээс 30 гаруй км зайд оршдог.
Аляскад НАТО-ийн нөлөө нэмэгдсээр байгаа бөгөөд мөргөлдөөн гарах магадлалтай бүс нутагт тооцогддог. ОХУ-аас бусад Арктикийн бүх үндэстэн НАТО-ийн гишүүн гэхэд хилсдэхгүй.
Аляска нь нь газрын тос, хийгээр баялаг бөгөөд газар нутгийн 29 хувь нь мөсөн голоор бүрхэгдсэн байдаг. Алеутын арлууд баруун талаар нь 2000 орчим км сунан тогтсон. Тус арлууд дээр баллистик пуужингийн довтолгооноос хамгаалах АНУ-ын анхны хамгаалалтын шугам болох Кобра Дэйн радарын станц байрлана. Мөн энэ нь хойд хэсгийн хамгийн их хүн амтай бүс нутаг юм. Хятад, Оросын хөлөг онгоцуудын цугларалт ч Алеутын арлуудтай хамаатай.
Аляскад АНУ-ын есөн бааз байдаг боловч нэг нь ч Тэнгисийн цэргийн хүчин болон Тэнгисийн явган цэргийн хүчинд харьяалагддаггүй. Тэнгисийн цэргийн хүчин хоёр мөс зүсэгчтэй бол ОХУ-д 54 бий.
АНУ энэ цугларалтыг заналхийлэл гэж үзээгүй гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ Бүгд найрамдах намаас сонгогдсон сенатор Лиза Мурковски “Энэ үйл явдал нь Аляскын үндэсний батлан хамгаалах үйлсэд гүйцэтгэх үүргийг санууллаа” гэж хэлжээ. Мөн тус муж дахь цэргийн оролцоог өргөжүүлэхийг уриалав.
Мөн “Хятад, Орос тэргүүтэй түрэмгийллийн шинэ эринд бид орсныг энэ үйл явдал харуулж байна” гэж сенатор Дэн Салливан хэлжээ.
Стратегийн харилцааг ерөнхийд нь авч үзвэл Орос, Хятад улсууд ийм төрлийн цугларалтын давтамжаа нэмэгдүүлж буй нь анхаарал татах болсныг “The Telegraph” хуудас онцолжээ. Сүүлийн жилүүдэд Хятад улс Оросын тогтмол хийдэг сургуулилалтуудад дуртайяа оролцох болсон. Жил бүр оролцоо нь бага багаар нэмэгдэж, хамтран ажиллах арга барил нь бага зэрэг өөрчлөгдөж байгаа аж. “Тиймээс энэ удаагийн цугларалтыг гайхаад байх зүйлгүй” гэж Аляскын Фэйрбанксын их сургуулийн Арктикийн аюулгүй байдал, тогтвортой байдлын төвийн захирал Трой Буффард хэллээ. Түүний хэлснээр, ОХУ дэлхийн хаана ч хөдөлж чадна гэдгээ харуулахыг хүсчээ.
Эх сурвалж: THE TELEGRAPH, ANCHORAGE DAILTY NEWS
Холбоотой мэдээ