НИТХ-ын ээлжит бус хуралдаан өчигдөр /2023.08.09/ боллоо. Хуралдаанаар нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулж, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн 177.5 тэрбумаар бонд гарган, БНХАУ-аас коксжсон нүүрс авах санал гаргасныг НИТХ-ын гишүүд дэмжсэн. Энэ талаарх байр суурийг хүргэж байна.
"Монгол нүүрс” ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.ЗОЛЖАРГАЛ:
-Надад эрх байсансан бол 177 тэрбум төгрөгөөр Хятадаас хагас кокс буюу "жигнэж" тортогийг бууруулсан нүүрс авч ирж түлэхийн оронд нийтийн байна уу, хувийн байна уу хамаагүй 1000-2000 өрхийн утаа багатай дулаан сууцыг зээлээр шийдэх байсан.
Хагас коксжуулсан нүүрсэн түлшний өртөг баримжаалбал 1 тонн тутамд 1.5 сая төгрөг болох байх. Жил бүр утааны эсрэг мөнгөөрөө гэр хорооллыг барилгажуулаад байвал үр дүнд хүрнэ.
Утааны эсрэг арга хэмжээг богино, дунд, урт хугацааны гэж ангилах буруу юм байна. Богино хугацааны шийдэл гэж байхгүй. "Утааны эсрэг" бүх мөнгөөрөө гэр хорооллыг барилгажуулж хашаандаа эсвэл нийтийн дулаан сууц барихыг дэмжмээр байна. 2018 онд хэлж байсан үгээ тоть шиг давтсаар л байна! Мэргэжлийн хүн бодлоо хэлэх нь улстөржиж байгаа хэрэг огт биш гэдгийг нэмж хэлье.
Эрчим хүчний сайд Б.ЧОЙЖИЛСҮРЭН:
-Туршилтаар мидлингээр шахмал түлш хийхэд 157 мг/м3 байсан бол 43 мг/м3 болсон. Дэгдэмхий 19.5-аас 11.8 хувьтай гарсан. Хүхрийн хэмжээ 0.97 хувь байсан бол 0.41 хувьтай гарсан үр дүнтэй байна. Ойролцоогоор 45 орчим хувь буурсан.
Өөрөөр хэлбэл, агаарын бохирдлын хэмжээ одоо байгаагаас хоёр дахин буурах тооцоо байна.
Хэрэв, нийслэлээс 177.5 тэрбумын бонд гаргасан тохиолдолд 115 мянган тн хагас коксжих нүүрсийг ойрын хугацаанд буюу ирэх арваннэгдүгээр сарын 15-н гэхэд тендерийг зарлаж, үйлдвэрлээд 2023 оны арванхоёрдугаар 15-наас 2024 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл түлж, туршиж үзье гэсэн санал оруулж байна.
Туршилтаас айхгүй байгаа. Хоёрдугаарт, 2023 ондоо багтаагаад 600 мянган тн хагас коксжих нүүрсний үйлдвэр баръя гэж байгаа. Одоо байгаа медленгээ үйлдвэрлээд дорвитой үр дүн гарахгүй нь. Эс бөгөөс утаан дээрээ дорвитой өөрчлөлт гаргаж чадахгүй. 177 тэрбум харамсаар мөнгө мөн үү гэвэл мөн. Улаанбаатарчууд хүсвэл галлагааг туршиж үзүүлнэ. Айлуудад туршиж үзсэн. Нүүрсийг боловсруулж байгаа болохоос биш бүрэн утаагүй болно гэж ойлгож болохгүй. Одоо байгаа утааны бохирдлыг хоёр дахин бууруулах юм.
НИТХ-ын төлөөлөгч М.ТУЛГАТ:
-Мөнгө босгож нийслэлийн тулгамдсан асуудлаа шийдэж болно. Гэтэл тэр мөнгийг юунд зарцуулах гэж байна гэдгийг үзэхээр 170 тэрбум төгрөгөөр нь хагас коксжих нүүрс буюу асаагч худалдаж авна гэнэ. Утааны асуудлыг үндсээр нь шийдэхгүй жил болгон ингэж шийдэх нь ээ.
Хоёрт, 150 тэрбум төгрөгөөр "Алтай" хотхоноос Сонсголонгийн гүүр хүртэлх "Сэлбэ сэргэлт"-ийн бүтээн байгуулалтын ажлыг хийх гэнэ. Өнөөдөр иргэдэд тулгамдаж буй асуудлыг бондоор шийдэхгүй гэдэг нь тодорхой байна.
Ардчилсан нам төсвийн тодотгол дээр үерт өртсөн айл өрх, аж ахуйн нэгжүүдийн хохирлыг тусгахыг шаардаж байна. Энэ асуудлыг хэрхэн шийдэх нь тодорхойгүй байна. Ямар ч гарц гаргалгаа алга. Нийслэлийн удирдлагын зүгээс байгалийн давагдашгүй хүчин зүйл учраас тэр асуудлаа даатгалаар шийд гэдэг хариултыг өгөх гээд байна. Энэ бол авлигын үер. Яагаад нэг ч албан тушаалтанд хариуцлага тооцохгүй байна вэ. Сая болсон Дарь-Эхийн үер жалганд буусан зөвшөөрөлгүй хэдэн айлын буруу болж байна. Хэн нь хотоос хэдэн километр зайнд өчнөөн га газар хашаалаад, хэн нь гуу жалганд алга дарам газарт авч байгааг бүгд харж байна. Энэ шударга бус асуудалтай тэмцэх ёстой.
Холбоотой мэдээ