“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гадаад харилцаа, олон нийттэй харилцах албаны Ахлах мэргэжилтэн Буянгийн Батцэцэг нь 2023 оны наймдугаар сарын 9-ний өдөр зуурдаар таалал төгсч, бид бүхэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Б.Батцэцэг нь 1985 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан суманд төрж өссөн.
1992-2002 онд Хэнтий аймгийн арван жилийн дунд сургуульд, 2002-2006 онд СУИС-ийн харьяа Радио, телевизийн дээд сургуулийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд Удирдлагын академийн Төрийн удирдлагын магистрантурт суралцаж байсан. Тэрээр 2013-2020 онд "MNC" телевизэд сэтгүүлч, 2021-2022 онд “Зүүнбаян төмөр зам” ХХК-нд Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтнээр ажиллаж байгаад 2022 оноос “Монголын төмөр зам” ТӨХК-нд шилжин ажиллаж ирсэн билээ.
Б.Батцэцэг нь 2013 онд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн “Ган үзэгтэн”, 2015 онд Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан, 2017 онд БСШУЯ-ны Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг, 2021 онд Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн хүндэт одон медалиар тус тус шагнагдаж салбартаа манлайлан ажиллаж байсан тэргүүний сэтгүүлчдийн нэг байлаа. Б.Батцэцэгийн маань дайчин зан чанартай, сэргэлэн цовоо, чин шударга, гал цогтой, хөдөлмөрч хичээнгүй, хамт олныг манлайлагч, хамтран ажиллаж буй хүндээ түшигтэй, тусч цайлган сэтгэл бид бүхний зүрх сэтгэлд үеийн үед дурсагдах болно. Талийгаачийн ар гэр, найз нөхөд, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгч, хамт олонд гүн эмгэнэл илэрхийлье!
Ум сайн амгалан болтугай!
Холбоотой мэдээ