Хуриман дээрээ ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай бүжиглэж, олны шүүмжлэлийн бай болж байсан Австрийн гадаад хэргийн сайд асан Орост суурьшчээ. Энэ удаагийн ХҮМҮҮС буландаа Австрийн гадаад хэргийн сайд асан Карин Кнайслыг онцолж байна.
Карин Кнайсл нь 2018 онд 53 настайдаа хуримаа хийсэн бөгөөд хуриман дээрээ Путинтай бүжиглэсэн нь Европын бусад улстөрчдийн зэмлэл, шүүмжлэлийг дагуулсан юм. Түүний үйлдлийг Европын холбоотнууд нь Путины өмнө толгой бөхийсөн үйлдэл гэж хурцаар шүүмжилж байв. Тэрбээр Словенитэй хиллэдэг Гамлиц хэмээх жижиг хотод өөрөөсөө нэг насаар ах, бизнес эрхлэгч Вольфганг Майлингертэй гэрлэсэн байдаг. Хуриман дээр нь Путин цэцгийн баглаатай мэндчилж, шинэхэн гэргийг бүжгэнд урьсан аж.
Карин сүүлд хэвлэлд ярихдаа, 2019 оноос хойш Путинтай уулзаагүй гэсэн ч саяхан түүнийг Оросын Рязань мужийн Петрушовод суурьшсан гэдгийг эх сурвалжууд мэдээлэв.
Хуримаас нь хойш түүнийг нийтийн албанд ажиллахыг нь хориглож, маш олон сүрдүүлэг, тэр ч бүү хэл амь насанд нь халдах заналхийлэл хүлээж авсны улмаас 2020 оны есдүгээр сард Австри улсаас явахад хүрсэн байна. Карин хэзээ ОХУ-д нүүж ирсэн нь тодорхойгүй байгаа ч Петрушовод тэрбээр ном бичиж, Санкт-Петербург дахь Горькийн нэрэмжит их сургуулийн төвд урилгаар багшилж байгаа тухай мэдээлжээ. Тус сургуулийн вэб сайтад Кариныг төвийн тэргүүнээр бичигдсэн байдаг. Үүний зэрэгцээ 2021 оны гуравдугаар сарын эхээр түүнийг "Роснефть"-ийн ТУЗ-д сонгосон бол Орос улсаас Украинд дайн эхлүүлсний дараа 2022 оны тавдугаар сард ТУЗ-ийн гишүүнээсээ буусан. Мөн 2020 онд Оросын төрийн өмчит "RT" сувагт нийтлэл бичиж эхэлсэн бөгөөд түүнийг Кремлийн улс төрийн хөтөлбөрийг дэмжигч хэмээн нэрлэдэг.
Карин 2022 оны есдүгээр сард Владивостокт болсон Дорнын эдийн засгийн чуулганд оролцож байхдаа сэтгүүлчдэд Ливанд цагаачилсан гэж ярьж байв. Сүүлд тэрбээр өөрийгөө "улс төрийн дүрвэгч" гэж тодорхойлсон.
Карин Австрийн дипломат албыг 2017-2019 оны хооронд тэргүүлсэн. Ойрхи Дорнодын чиглэлээр мэргэшсэн тэрбээр гадаад хэргийн сайд болохоосоо өмнө лектор, сэтгүүлч байсан. Австрийн Вена хотод төрсөн Карин бага насныхаа нэг хэсгийг Ойрхи-Дорнодод өнгөрүүлжээ. Эцэг нь Йорданы хаан Хуссейний хувийн нисгэгчээр ажиллаж, тус улсын эзэн хааны агаарын тээврийн компанийг хөгжүүлэхэд чухал үүрэгтэй оролцож байсан тул Карин бага насаа Амман хотод өнгөрөөсөн байна. Залуудаа хүний эрхийн Эмнести интернейшнл болон олон улсын байгаль орчны байгууллагуудад идэвхтэй оролцдог байжээ.
Карин 1983-1987 онд Вена хотын их сургуульд хууль, дорнын хэлүүдийг судалж төгссөн байна. Төгссөнийхөө дараа олон улсын харилцааны чиглэлээр Йерусалим дахь Еврейн их сургууль, Амман дахь Йорданы их сургуульд тус тус суралцжээ. Дараа нь Жоржтауны их сургуулийн орчин үеийн Араб судлалын төвд Фулбрайтын судлаачаар нэг жил ажилласан байдаг. 1992 онд тэрбээр Үндэсний удирдлагын дээд сургуулийг төгссөн бөгөөд Ойрхи Дорнодын дайтаж буй талуудын хилийн тухай ойлголт сэдвээр олон улсын эрх зүйн ухааны докторын зэрэг хамгаалжээ.
Төрөлх германаас гадна араб, англи, франц, испани хэлээр ажлаа явуулдаг байсан бөгөөд еврей, унгар, итали хэлний үндсэн мэдлэгтэй.
Ажлын гараагаа 1990 онд Австрийн Гадаад хэргийн яаманд олон улсын хуулийн албанд ажиллах болсноор эхлүүлсэн бөгөөд 1998 оныг хүртэлх хугацаанд Парис, Мадрид хотуудад томилогдон ажиллажээ. Дипломат албанаас гарсныхаа дараа Вена хотын ойролцоох Зайберсдорф хотод суурьшин улс төрийн карьер хөөж эхэлсэн байна. Улмаар 2005-2010 оны хооронд орон нутгийн зөвлөлд бие даасан гишүүнээр ажилласан байна. Мөн герман, англи хэлээр гардаг орон нутгийн хэвлэлд гэрээт сэтгүүлчээр ажиллажээ. Австрийн өргөн нэвтрүүлгийн корпорацид улс төрийн дүн шинжилгээ хийдэг нэвтрүүлгээр олон нийтэд танигдсан бөгөөд хэд хэдэн төрөлжсөн болон уран зохиолын бус ном бичсэн байдаг.
Олон улсын эрх зүй, Ойрхи Дорнодын түүх, эрчим хүчний зах зээлийн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтний хувьд Венийн Дипломат академи, Рейнгау дахь Европын бизнесийн сургуульд багшилж, Үндэсний батлан хамгаалахын академи, Винер Нойштадт дахь Цэргийн академид зочин багшаар ажиллаж байжээ. Тэрбээр Венийн их сургуулийн Улс төр судлалын тэнхимд 10 жил ажилласан.
Улс төрийн үзэл баримтлалын хувьд Европын холбоог хурцаар шүүмжилсэн нийтлэл олныг бичсэн бөгөөд цагаачлалын асуудалд хуучинсаг байр суурийг илэрхийлдэг байв.
Холбоотой мэдээ