Дарь эхэд болсон үерийн улмаас 105 гаруй автомашин урсаж, хохирсон талаар бид мэдээлсэн. Одоогийн байдлаар үерт урссан авто машины хохирлын үнэлгээг даатгалын компаниуд хийж байгаа аж. Мөн Монголын даатгалын холбооноос даатгалын компаниуд үерийн эрсдэлийг сонгож даатгуулсан ус, үерт автсан тээврийн хэрэгслийн эзэнд нэн түрүүнд нэг сая төгрөг олгож үргэлжлүүлэн нөхөн төлбөрийг шуурхай олгож ажиллах тохиролцоонд хүрсэн талаар мэдээлсэн юм. Жолооч автомашиныхаа хохирлыг бүрэн барагдуулах хүртэл бичиг баримт хөөцөлдөхөөс эхлээд олон ажил гардаг тул ийнхүү эхний ээлжид 1 сая төгрөг урьдчилан өгч үргэлжлүүлэн нөхөн төлбөрийг тооцож олгож байхаар шийдвэрлэсэн байна.
Түүнчлэн үерт урссан авто машиныг даатгалын өмгөөллийн талаар Өмгөөллийн “Хэруга Партнерс” нөхөрлөлийн өмгөөлөгч А.Базар “Хэрэв та Тээврийн хэрэгслийн даатгалтай бол тухайн даатгалын компанидаа нэн даруй утсаар мэдэгдэх, зөвлөгөө авах хэрэгтэй. Нөхөн төлбөрийн баримтуудаа бүрдүүлээд нөхөн төлбөр авах боломжтой. Гэхдээ Даатгалын гэрээний нөхцөлөөс хамаарч, байгалийн эрсдэл, үер, усны эрсдэл даатгагдсан эсэхээс хамаарч нөхөн төлбөр олгохгүй байх эсвэл хэсэгчлэн олгох боломжтой.
Харин та Тээврийн хэрэгслийн даатгалгүй, зөвхөн Жолоочийн хариуцлагын даатгалтай бол нөхөн төлбөр авах боломжгүй. Учир нь, Жолоочийн хариуцлагын даатгал бол таны машины даатгал биш.
Хэрэв та машинаа банк эсвэл банк бус санхүүгийн байгууллагын зээлээр авсан бол зээл авах үед даатгал хийгдсэн байх гэж бодож байна. Даатгалын гэрээ нь алга болсон, үерийн усанд устсан бол банк эсвэл ББСБ-тайгаа холбогдож даатгалтай эсэхээ тодруулах, даатгалын гэрээний мэдээллээ авах боломжтой” гэжээ.
Дашрамд дуулгахад, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар мэдээлэл хийх үеэрээ машин нь үерт өртсөн иргэдэд тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэхээр шийдвэр гаргасан гэдгийг тодотгосон юм.
Өөрөөр хэлбэл, даатгал нь дотроо төрөл нь олон янз байх бөгөөд осол гэмтэл, хулгайд алдагдах, галд шатах, ус чийгт автах зэрэг эрсдэлийн төрөлтэй. Учир нь аль эрсдэлийг сонгож даатгуулах нь жолоочийн өөрийн сонголт. Олон эрсдэлийг сонгох тусам даатгалын хураамж нэмэгддэг байна.
Холбоотой мэдээ