Хятад улсын хойд болон зүүн хойд хэсэгт үерт сүйрсэн байшингуудыг сэргээн босгох ажлыг түргэтгэж, хүмүүсийг өвлөөс амжиж гэртээ буцах боломжоор хангахын тулд хөдөө аж ахуйн газрыг засна гэж тус улсын хэвлэлүүд мэдээлжээ. Хойд Хэбэй муж болон ойр орчмын бүс нутгийн ферм, хотуудыг сүйрүүлсэн үерийн улмаас 1.5 сая гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Мөн үерийн улмаас сүйрсэн эрчим хүч, харилцаа холбооны сүлжээг сэргээх ажлыг хурдасгана гэж Хятадын Засгийн газрын эрх баригчид мэдэгдлээ.
Үерийн улмаас Хятадын хойд болон зүүн хойд хэсэгт 30 гаруй хүн нас барсан гэж тус улсын хэвлэлүүд мэдээлсэн ч амиа алдагсдын тоо болон нүүлгэн шилжүүлсэн нийт хүмүүсийн талаарх шинэчилсэн тоо гараагүй байна. Доксури хар салхи Хятад улсын хойд хэсгийг дайран өнгөрснөөр өнгөрсөн долдугаар сарын сүүлчээр их хэмжээний бороо орж, нийслэлд 140 жилийн турш болоогүй их үерийн гамшиг тохиосон.
Хятадын зүүн хойд хэсгийг хар салхи дайрах нь ховор тохиолддог бөгөөд ихэнх тохиолдолд баруун эсвэл баруун хойд зүг рүү шилждэг гэж цаг уурын мэргэжилтнүүд мэдэгдэв. Оюутнуудын шинэ улирлын хичээлийг цаг тухайд нь эхлүүлэхийн тулд сургууль, асрамжийн газар болон бусад олон нийтийн байгууламжийг сэргээн засварлах ажлыг эрчимжүүлнэ гэж Засгийн газрын хуралдаанаар мэдэгджээ.
Санхүүгийн байгууллагууд гамшигт нэрвэгдсэн бүс нутгийн тариаланчид, хөдөө аж ахуй, үржлийн аж ахуйн нэгжүүдэд нөхөн олговор олгох ажлыг түргэсгэх, иргэдийн амьдралд үзүүлэх нөлөөллийг багасгахын тулд зээл олгож, тусламжийг яаралтай олгох ёстой гэж Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэжээ.
800 мянга гаруй цагдааг гамшигт нэрвэгдсэн бүс нутагт хүмүүсийн аюулгүй байдал, эд хөрөнгийг хамгаалах, "нийгмийн тогтвортой байдлыг үр дүнтэй хамгаалах" зорилгоор томилсон гэж Синьхуа төрийн мэдээллийн агентлаг мэдээлсэн. Гамшгийг далимдуулан "хулгай хийх, дээрэмдэх, хэрүүл маргаан үүсгэх, үймээн дэгдээх, эд материал дээрэмдэх зэрэг гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүсийг цагдаа нар хатуу арга хэмжээ авна" гэж мэдэгджээ.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Холбоотой мэдээ