Сурвалжлага: Шинэ ургацын ногооны үнэ өмнөх жилийнхээс эрс өсчээ

Хуучирсан мэдээ: 2023.08.09-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Шинэ ургацын ногооны үнэ өмнөх жилийнхээс эрс өсчээ

Сурвалжлага: Шинэ ургацын ногооны үнэ өмнөх жилийнхээс эрс өсчээ

Жил бүрийн наймдугаар сар гарахад хүнсний зах, худалдааны төвүүдээр шинэ ургацын ногоо худалдаалагдаж эхэлдэг. Иймээс бид энэ удаад “Наран туул” захыг зорьж, шинэ ургацын ногоо хэдий хэрийн үнээр борлуулагдаж байгаа талаар сурвалжиллаа.

Мах, гурилтай байхад л хоолтойгоо залгачихна гэж үздэг монголчуудын сэтгэлгээ өөрчлөгдөж, хүнсэндээ ногоо түлхүү хэрэглэхийг зорьдог болсон. Хэдийгээр “Наран туул” захын хүнсний тасаг хүн багатай ч худалдаачид борви бохисхийх завгүй байх аж. Нэг хэсэг нь шуудайтай төмс, лууван, байцаагаа гаднаас үүрч дүүрэн орж ирэх бол нөгөө хэсэг нь шинэ ургацын ногооныхоо үнэ ханш, хаана тарьж ургуулсан талаар үйлчлүүлэгч нартаа тайлбарлана.

Үйлчлүүлэгчид “Шинэ лууван кг нь хэдэн төгрөг вэ. Янзтай сайхан ургажээ. Төмс, лууван шинээс нь авъя” гэцгээн, уут, уут дүүрэн савлаж авцгаана.

Нарийн ногоо ч төрөл бүрээрээ лангуун дээр алаглана. Өргөст хэмх, улаан лооль, чинжүү, бууцай, брокли, өргөст хэмх гээд өнгө алаглана. Зарим нарийн ногоо нь өмнөд хөршөөс импортлогдсон бол зарим нарийн ногоо нь эх орны хөрсөнд ургасан. Дотооддоо нарийн ногоог тариалдаг болсноор импортын нарийн ногоотой ийн зэрэгцэн худалдаалагддаг болсон.

Лангуун дээрх шинэ ургацын монгол лууван 1 кг нь 4500, төмс 2000, манжин 4500, байцаа 2500, сонгино 4500, хүрэн манжин 4500, монгол брокли 7000, чинжүү 10 мянган төгрөгийн үнэтэй байв.

“Шинэ ногооны үнэ хэдтэй байгаа вэ” гэх иргэдийн асуулт бүрт төвөгшөөлгүй, ногооныхоо үнэ бүрийг найрсагаар танилцуулж буй худалдаа эрхлэгчийг Д.Нямсүрэн гэдэг.

Тэрбээр ногоо бөөний үнэ нь буюу шуудайгаар авбал 500 төгрөг хасагдана. Хуучин төмс 1 кг нь 1000 төгрөгийн үнэтэй. Хуучин лууван, манжингийн нөөц нь дууссан гэсэн юм.

Тодотгоход, шинэ ногооны үнэ өмнөх жилийнхээс бараг хоёр дахин өчсээ. Өнгөрсөн жил 1 кг төмс 1200-1000 төгрөг, лууван 1800, байцаа 1000, шар манжин 2500, хүрэн манжин 2000 төгрөгөөр худалдаалагддаг байсан юм.

Ногооны худалдагч Д.Нямсүрэн “Би “Барс” захаас очиж ногоогоо татдаг. Ногоо бүрийн кг тутамд 500-1000 төгрөг л нэмж зардаг. Ер нь сүүлийн үед хүмүүс хүнсний ногоо зэргийг захад ирж авах нь багассан. Гэртэйгээ ойр байрлах хүнсний дэлгүүр, супермаркетаас авдаг болчихсон. Өнөөдөр бол 200 мянган төгрөгийн орлоготой байна. Одоохондоо хүмүүс баяр наадам, амралт зугаалгаар хөдөө явчихсан учраас хүн бага, худалдан авалт жаахан тааруу байна. Баяр ёслолоор бол худалдаа сайн байдаг. Цагаан сар, үндэсний их баяр наадам дөхөхөөр өдөрт нэг сая гаруй төгрөгийн ногоо борлуулж буудаг байсан.

Монгол, хятад ногоонд нэг их ялгаа байдаггүй. “Баялаг ундраа”-гийн лабораторийн албанаас долоо хоног болгон  бүх төрлийн ногоонуудаас дээж авч, шинжилгээнд  оруулдаг. Чанарын ялгаа байдаггүй” гэв.

Мөн тэрбээр “Манайд шинээр нийлүүлэгдсэн ногоо гэвэл лууван, манжингаас гадна намар болохоор гахай өргөст хэмх худалдаалагддаг. Нэг кг нь 1200-1500 төгрөгийн хооронд зарагддаг. Төмс, манжин луувангаа бид өөрсдөө тариад, түүнийгээ худалдаалдаг. Миний хувьд худалдаа эрхлээд зургаан жил болж байна. Хувиараа бизнес эрхэлдэг тэр тусмаа хүнсний ногоо зардаг хүмүүст ногооны хаягдал гэдэг зүйл хамгийн  их алдагдал авчирдаг. Учир нь ногоон дээр дахин боловсруулах, ашиглах гэсэн зүйл байдаггүй. Зооринд ялгаад оруулаад тавьсан хаягдлаа малчдад хавар, намарт шуудайгаар нь мянган төгрөгөөр  зарахаас өөр сонголтгүй байдаг” гэж хэллээ.

Худалдаа эрхлэгч У.Аюур: 

-Миний хувьд тарьсан ногоогоо борлуулдаг. Дөнгөж бизнес хийгээд эхэлж байгаа хүний хувьд хүнсний ногоогоо зооринд хадгалах л хамгийн чухал байдаг гэдгийг маш их мэдэрч байна. Өөрийн гэсэн зоорь байхгүйгээс хүний зоорь түрээсэлдэг. Ногоонуудаа муутгаж хаягдал болохгүйн тулд маш шуурхай зарж борлуулах л хэрэгтэй байна даа.

Нарийн ногоог шууд худалдаанд гаргахгүй бол их хэцүү. Оройн сэрүүнд нарийн ногоогоо хурааж далд хийдэг. Тиймээс бид оройн цагаар ажиллах шаардлагатай болдог. Өдөр хураавал нарийн ногоо наранд муудахаас гадна тээвэрлэлтийн үеэр муудах эрсдэлтэй. Усалсны дараа ногоог  хураавал хатуурч, хадгалалт удаан даадаг. Хэрэв хөргүүртэй бол өдөр хураагаад өглөө нь гаргаад байвал ажил маань их хөнгөрөх юмсан. Зарим өдөр нарийн ногоо зарагдахгүй байх тохиолдол бий. Ийм үед нарийн ногоогоо өөрсдөө л иддэг.  Өөрийн гэсэн зоорьтой бол хавар ногоо үнэд орох цагаар зарвал арай илүү ашигтай, унацтай байх юм билээ” гэлээ.

Хүнсний ногооны үнэ өссөн шалтгааныг худалдаачид “Өнгөрсөн өвлөөс эхлэн хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөн. Түүнтэй зэрэгцээд ногооны үнэ ч дотоодод ч, импортоор орж ирж байгаагийнх нь үнэ ч өссөн. Тээвэрлэлтээс эхлээд олон асуудал бий. Тэр бүх зардал шингээд л энэ үнэ дээр тогтсон болов уу. Бид үнэ ханш хөөрөгддөггүй, их сайндаа 1000 орчим төгрөг л нэмж зардаг гэлээ.

Өмнө нь худалдаачид Сэлэнгэ, Булган, Төв аймаг, мөн Хятадаас импортоор орж ирсэн хүнсний ногоог бөөндөн авч худалдаалдаг байсан бол одоо өөрсдөө тарьсан ногоогоо борлуулдаг болсон нь анзаарагдав. Гэхдээ жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас олгогддог зээлд хамрагдах боломж байдаггүй нь нэлээн том бэрхшээл болж буй гэдгээ ч тэрбээр нуугаагүй юм.

Худалдан авагчдын хувьд “Хүнсний ногоо хоол хүнсэндээ түлхүү хэрэглэх нь эрүүл мэндэд тустай ч үнэ нь өдөр тутамд өсч буй. Мөн дээр нь чанарын шаардлага хангасан элдэв химийн бодисгүй ногоо худалдаалагдаж чадаж байгаа эсэхэд санаа маш их зовдог. Төр энэ асуудлыг анхаарч, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагууд нь шинжилгээгээ сайн хийх шаардлага тулгарч байгаа” гэж хэлэв.

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны мэдээгээр энэ онд 19.8 мянган га-д төмс, 12.2 мянган га-д хүнсний ногоо тариалсан.

Харин хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээлийг арилжааны банкны эх үүсвэрээр санхүүжүүлэн, Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн хэмжээг 13 хувь байхаар шийдвэрлэж, 2023 оны төсөвтөө хүүгийн хөнгөлөлтөд зориулан 135.5 тэрбум төгрөгийг батлуулсан.  Энэхүү арга хэмжээний хүрээнд нийт 982.0 тэрбум төгрөгийн зээлийг хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд 5-6 хувийн хүүтэй, 2-5 жилийн хугацаатайгаар арилжааны 10 банкны эх үүсвэрээр хөнгөлөлттэй зээл олгож буй. Үүнээс газар тариалангийн үйлдвэрлэлд эргэлтийн хөрөнгийн зориулалтаар нийтдээ 120.0 тэрбум төгрөгийн зээл олгох бөгөөд үүнээс үр тариа, төмс, тос, тэжээлийн ургамал тариалагчдад 90 тэрбум, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалагчдад 30 тэрбум төгрөг хуваарилагдаж буй.

Хөрөнгө оруулалтын зориулалтаар 222.6 тэрбум төгрөгийн зээл олгоно. Үүнээс газар тариалангийн техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд  37.0 тэрбум, үр тарианы таримлын  үтрэм байгуулахад 14.5 тэрбум, өвлийн хүлэмжийн цогцолбор аж ахуй байгуулахад 50.0 тэрбум, инженерийн хийцтэй услалтын систем байгуулахад  40.9 тэрбум, бүх төрлийн будаа, чихрийн манжин тариалах, усжуулахад  27.1 тэрбум, нийслэл хот болон 21 аймагт төмс, хүнсний ногооны зоорийн аж ахуй байгуулахад 90.0 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөж, хэрэгжилтийг зохион байгуулж байгааг мэдэгдсэн удаатай.

Л.ЭНХТУУЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж