Ардчилсан намын гишүүд өнөөдөр /2023.08.08/ хоёр дахь өдрөө үерийн бүсэд ажиллаж байна.
Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хороодод наймдугаар сарын 5-нд уулын үер бууснаас 350 гаруй айл өрхийн хашаа байшин, гэр усанд автсан юм. Мөн 25 аж ахуйн нэгж, 100 гаруй автомашин үерт өртсөн. Тиймээс тус намын 400 гаруй гишүүд өчигдрөөс дээрх хороодод ажиллаж, оршин суугчдад туслан лаг шаврыг цэвэрлэж байгаа юм. Тухайлбал, өнөөдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо буюу Дарь-Эхэд хүн бүл цөөтэй, өндөр настай ээжтэйгээ амьдардаг гэр бүлд тусаллаа. Тухайн айлын гэр нь тэр чигтээ урссан, буурь нь лаг шавартай байсныг цэвэрлэв. Үерийн бүсэд хүн бүл цөөтэй, бусдын тусламж хэрэгтэй айлууд маш олон байгаа аж. Тэдэнд Ардчилсан намын гишүүд хүрч, тусалж, ажиллахыг чармайж буй юм байна.
Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрынхан дээрх голомтын бүсэд үерийн хор уршиг арилтал өдөр бүр ажиллах болжээ.
Сануулахад, Баянзүрх дүүргийн 21 хороонд үерийн эрсдэлтэй бүсэд байгаа 46 айлыг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулна гэдгээ Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас мэдэгдээд буй. Ингэхдээ Богдын аманд газар эзэмшүүлэхээр болж, замыг засч, эрчим хүчтэй болгохоор Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийнхан мөн судалгааг эхлүүлээд буй.
Л.ЭНХТУУЛ