Монгол Улсын Засгийн газраас цахим үндэстэн болох бодлогын хүрээнд олон улсын стандарт шаардлагад нийцсэн E-Gate цахим гарцыг өнөөдөр /2023.08.08/нээлээ. Энэхүү цахим гарцаар чиптэй үндэсний гадаад паспорттой Монгол иргэд өнөөдрөөс эхэлж нэвтрэх боломжтой боллоо. Харин гадаад иргэдийн хувьд тухайн улстай харилцан тохиролцсоны үндсэн дээр гадаад иргэдийг нэвтрүүлэх ажлыг хийж эхлэх юм байна.
E-Gate төхөөрөмжийн талаар Хилийн цэргийн 0218-р ангийн захирагч, хурандаа Я.Билгээ мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Цахим гарц ашиглалтад орсноор шалгалтын ажлын хугацаа улам хурдан болж байна. Монгол иргэдийн үндсэн мэдээллийн сангаас тухай иргэнийг бодит байдалтай нь илрүүлэн харьцуулан шалгах ажлыг цахимаар хийдэг. Иймд илрүүлэлтийн ажил маань улам л сайжирч боловсронгуй болж байгаа юм. Өөр ижил төстэй, өөр хүний бичиг баримтыг ашиглах асуудлууд гардаг байсан. Харин одоо цахим гарцтай болсноор энэ асуудал шийдэгдэж байна.
Одоогийн байдлаар "Чингис хаан" олон улсын агаарын замын боомтод ирэх чиглэлд 4, гарах чиглэлд 4 цахим гарцыг ашиглалтад оруулж байна. Өмнө нэг зорчигчийг 40 секунт орчим шалгадаг байсан бол өнөөдөр цахим гарц маань хугацааг 2 дахин багасгаж 20 секунт орчимд шалгаж байна. Цахим гарц ашиглалтанд орсноор иргэд боомтоор нэвтрэхэд илүү хурдан амар боллоо. Энэхүү цахим гарцаар 2023 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс хойш олгогдсон чиптэй буюу шинэ цахим пасспортой нэвтэрнэ” гэв.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын хамтын ажиллагааны сургалтын хэлтсийн дарга Т.Ганжаргал:
-2021 онд Монгол Улс олон улсын иргэний нисэх байгууллагын нийтийн түлхүүрийн санд элсэж орсон. Энэхүү санд элсэж орсноор олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн цахим гадаад пасспортой болох эхлэл тавигдсан. 2022 оны тавдугаар сарын 1-ээс Монгол Улсын 16 насанд хүрсэн бүх иргэдэд тоон гарын үсгийг олгож эхэлсэн. Дараа нь энэ оны гуравдугаар сарын 1-нээс бүх иргэдээ үндэсний цахим энгийн гадаад паспортыг олгож эхэлсэн. Таван сарын хугацаанд нийт 140 мянга гаруй иргэн цахим гадаад паспорттой болсон байна. Би сая орж ашиглаж үзэхэд 22-хон секунд нэвтрээд цахим үнэмлэхээ уншуулаад гарч байна. Эхний ээлжинд Монгол Улсын иргэд нэвтрэх боломжтой. Цаашлаад үе шаттайгаар гадаад иргэд нэвтэрч болохоор төлөвлөн ажиллаж байна.
Чингис хаан олон улсын нислэгийн ахлах дэслэгч Н.Урантуяа:
-Монгол Улс олон улсын жишгийг дагаад цахим гарцтай болсноор төрөөс иргэдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээг түргэн шуурхай болгож байгаа юм. Иргэдэд урт дараалал хүлээхгүй, цахим гарцаар түргэн шуурхай үйлчлүүлэх боломжтой болж байна. Өмнө дараалал үүссэн тохиолдолд хүмүүс бухимдалтай ханддаг байсан бол одоо тийм асуудал үүсэхгүй боллоо. Мөн хилээр орох, гарах үйлчилгээ маань түргэн шуурхай болж байгаа зэрэг олон давуу талтай гэж харж байна.
Л.ЭНХТУУЛ