Ардчилсан намынхан өчигдөр /2023.08.07/ үерийн голомтод очиж ажилласан нь эрх баригчдын дургүйцлийг төрүүлэв үү, “троллууд”-аараа дайралт хийж, сошиал ертөнцийг шуугиулаад авав.
Баянзүрх дүүргийн 21, 27 дугаар хороо буюу Дарь-Эх, Монелийн уулзварт наймдугаар сарын 5-нд уулын үер бууснаас эрдэнэт дөрвөн хүний амь эрсдэж, 200 гаруй айлын гэр хашаа усанд автаж, зарим өрх амьдрах орон гэргүй болсон.
Үер ямар аймшигтай вэ гэдгийг монголчууд энэ зун илүүтэй мэдэрч байна гэж хэлж болно. Тиймдээ ч хүн бүр үерт өртсөн иргэддээ чадлынхаа хэрээр туслахыг чармайж буй. Мөн үерт өртсөн иргэдийн хувьд “Лаг шавар цэвэрлэхэд хүн хүч хэрэгтэй байна. Техник хэрэгсэл хөлсөлхөд маш үнэтэй байгаа тул улаан гараараа үзэхээс аргагүй байна” гэдгээ мэдэгдсэн. Хэдийгээр онцгой, зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд үерийн голомтод ажиллаж байгаа ч өнгөрсөн хугацаанд замын лаг шаврыг цэвэрлэх ажлаасаа илүү гарч чадаагүй. Тиймээс иргэдийн гэр барааг лаг шавраас нь салгахаас эхлээд ачих, хашаа хороог нь сэлбэх ажилд Ардчилсан намын 400 гаруй залуус гар бие оролцсон юм. Гэвч энэ нь санаачлага гаргаж чадаагүй улс төрийн намынхны хувьд улстөржүүлэх сэдэв нь болов бололтой. Монголчууд “Тэвдэж явахад тэвнээр ч тусалсан маш том дэм” гэж ярьдаг. Тиймээс хуруу нэмж чадахгүй бол хошуу бүү нэм гэж иргэд хариу барьж байна.
Ардчилсан намын гишүүд өнөөдөр ч /2023.08.08/ үерийн голомтод үргэлжлүүлэн ажиллах аж. Үерийн дараа халдварт өвчин дэгдэх эрсдэл өндөр байдаг. Тиймээс лаг шаврыг яаралтай цэвэрлэж, ариутгал халдваргүйжүүлэлт хийх нь хамгаас чухал байгаа.
Монгол түмэн үерт өртсөн ард иргэддээ чадлынхаа хэрээр туслахыг хичээж, хөнжил, гудас, хувцас, гурил, будаа гээд хүний амьдралд хэрэг болдог бүхий л зүйлээр туслахыг эрмэлзэж, хандив ч цуглуулж, тусламжаа хүргэсээр буй.
Хийх хүн аргаа олдог, хийхгүй гэсэн хүн шалтаг тоочдог гэж үг бий. Хэн нь илүү санаачлагатай, хэн нь илүү сэтгэлтэй, хэн нь илүү ард иргэдтэйгээ сэтгэл санаа нэг байна вэ, хэн нь хэн бэ гэдгийг энэ өдрүүдэд монголчууд илүү таньж авч байна.
Г.ХОРОЛ