Уур амьсгалын өөрчлөлт хүн-зэрлэг амьтдын зөрчлийг хурцатгаж байна

Хуучирсан мэдээ: 2023.08.09-нд нийтлэгдсэн

Уур амьсгалын өөрчлөлт хүн-зэрлэг амьтдын зөрчлийг хурцатгаж байна

Уур амьсгалын өөрчлөлт хүн-зэрлэг амьтдын зөрчлийг хурцатгаж байна

Тусгай хамгаалалттай газар нутгийн ойролцоо амьдардаг Африкийн орнуудын эрх баригчдад хүн ба зэрлэг амьтдын зөрчил том сорилт болдог. Улмаар ард иргэдийг зэрлэг ан амьтдын аялал жуулчлалд оролцуулах, ашиг тусыг нь хуваалцах хөтөлбөрүүдийг нэг шийдэл болгон дэвшүүлсэн.

Эдгээрийн ашиг тус нь Танзани улсад маш их байдаг. Зэрлэг ан амьтдын аялал жуулчлал нь тус улсын гадаад орлогын гол эх үүсвэр юм. 2021 онд аялал жуулчлалын салбар 2.6 тэрбум ам.доллар буюу дотоодын нийт бүтээгдэхүүний  5.7 хувийг бүрдүүлжээ.

Тус улс нь 2022 онд Зэрлэг амьтдыг хамгаалах хуулийг баталсан бөгөөд хүн-зэрлэг амьтдын хоорон дахь зөрчлийн улмаас хохирсон иргэдэд санхүүгийн болон материаллаг нөхөн олгох ёстой ч бодит байдал дээр хэрэгждэггүй байна. Танзанид 2012-2019 оны хооронд уг зөрчлийн улмаас  хүн болон амьтны амь үрэгдсэн 1000 гаруй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд хохирогчдын дийлэнх хувийг хөдөө орон нутгийн иргэд эзэлжээ.

Газар тариалан, байгаль орчны чиглэлээр судалгаа хийдэг тогтвортой байдлын эрдэмтэн Кидухи, Мбамба тосгоны хүмүүст тулгамдаж буй асуудлыг судалжээ. Эдгээр хоёр тосгон нь Танзани улсын дөрөв дэх том тусгай хамгаалалттай газар болох Микуми үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй хиллэдэг.

Уг хоёр тосгонд хүн ба зэрлэг амьтдын мөргөлдөөн тогтмол гарах болсон байна. Мөргөлдөөн нь амьдрах орчин алдагдаж, зэрлэг амьтад ус, хоол хүнс хайн тусгай хамгаалалттай бүсээс гарах  болсонтой холбоотой аж. Цаг агаарын өөрчлөлт нь цэцэрлэгт хүрээлэнгийн зэрлэг амьтад болон Кидухи, Мбамба хотын оршин суугчдын хоорондох хурцадмал байдлыг нэмэгдүүлж байна. 

УС, БЭЛЧЭЭРИЙН ХОМСДОЛ

Кидухи, Мбамбагийн тосгонд хур тунадас багасч, урт хугацааны ган гачиг болсноор заан, цөөвөр чоно, арслангууд тусгай хамгаалалттай бүсээс гарч,  хоол хүнс хайхад хүргэсэн гэж үздэг. Оршин суугчдын энэхүү мэдэгдлийг Микуми үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зэрлэг ан амьтдын шинжээчид ч баталжээ. Хур тунадас багассанаас Микуми тусгай хамгаалалттай газрын ургамлын бүтэц алдагдаж, заан шиг том амьтад холоос хоол хүнс хайхад хүргэсэн гэж тосгоны оршин суугчид тайлбарлав. Үүний зэрэгцээ зэрлэг арслангуудын идэш болдог буга, зээр зэрэг нь ургамал, ус хайн алс хол нүүжээ. Тиймээс тус цэцэрлэгт хүрээлэнгийн арслан, гиена зэргэлдээх тосгоны үхэр, ямааг барих болсон байна.

Маасай зонхилон оршин суудаг Кидухи хотод цөөвөр чонын дайралт тогтмол гарч, мал барих болсноор барахгүй оршин суугчдын амь насанд аюул учруулах болжээ. Зарим нь үхэр малаа хамгаалахын тулд шөнийн цагаар эргүүл хийж, тэр хавьд байнга ажиглагддаг цөөвөр чоныг хөөж, амь насаа эрсдэлд оруулдаг гэнэ. Тус тосгоны нэгэн оршин суугч хэлэхдээ, "2021 оны хоёрдугаар сард арслан хот руу дайрч, 11 ямааг барьчихаад зөвхөн ганц ямаа идчихсэн. Хэдийгээр дайралт шөнө дунд болсон ч арслан өглөө болтол хотонд байсан. Би болсон явдлын талаар зэрлэг амьтдын удирдлагуудад мэдээлсэн бөгөөд тэд ирж арсланг сулласан. Гэвч өнөөдрийг хүртэл хохирлоо барагдуулаагүй" гэж ярьжээ. 

УРГАЦ АЛДАХ

Мөн тусгай хамгаалалттай газрын эргэн тойронд хүн-зааны хооронд  мөргөлдөөн гардаг гол шалтгаан нь зэргэлдээх тосгоны ферм рүү заан дайрснаас үүддэг байна. Мбамбагийн хохирогчид  ургац хураалтын оргил үе болох таваас  наймдугаар сар хүртэл бараг өдөр бүр заан тариалангийн талбай руу дайрч, мөргөлдөөн болдог гэв.

Мбамбын ихэнх оршин суугчдын олонх нь  газар тариалангаар амьжиргаагаа залгуулдаг. Тиймээс заануудын фермүүдэд учруулсан хохирол нь оршин суугчдын амьжиргаанд маш их нөлөөлдөг. Тариалангийн ихэнх хэсгийг тусгай хамгаалалттай газрын заанууд гэмтээсэн тул айл өрхүүд  хүнсний хомсдолд санаа зовж байгаагаа илэрхийлжээ. Нэгэн тариачин хэлэхдээ, "Миний хувьд энэ нь бараг жил бүр тохиолддог. Заанууд  бүх ургац, ялангуяа эрдэнэ шиш, будаа зэргийг дайрч иддэг" гэж ярьжээ.

Кидухи мужид энэ судалгаанд хамрагдсан олонх иргэдийн хэлснээр цөөвөр чоно, арслангийн дайралтаас үүдсэн малын хорогдолд орон нутгийн засаг захиргаа, тусгай хамгаалалтын газрын ажилтнууд санаа зовдоггүй байна. Мөн тэд нөхөн төлбөр авахаар хөөцөлдсөн ч шийдвэрлэнэ гэсэн амлалтаас өөр юу ч хүлээж авч чаддаггүй гэжээ. Улмаар ийм хэргүүдийг мэдүүлэхээ ч больсон байна. 

ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВАХ ЁСТОЙ ВЭ?

Африк даяар Засгийн газруудын хувьд мөргөлдөөний хохирогчдод санхүүгийн нөхөн олговор нь эн тэргүүний хэрэгжүүлэх менежментийн бодлого юм. Байгаль хамгааллын зарим мэргэжилтнүүд үүнийг үр дүнтэй гэдэгт эргэлзэж байгаа ч  хохирогчдын эдийн засгийн хохирлыг үл тоомсорлох нь нөхцөл байдлыг улам дордуулж болзошгүй. Танзани дахь Тарангире болон Сэрэнгети үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийсэн судалгаагаар, нөхөн олговрын тогтолцоо хангалтгүй, хөрш зэргэлдээх иргэдийн оролцоо хязгаарлагдмал зэрэг нь өшөө авалтын аллагын гол шалтгаан болохыг тогтоожээ. Хохирсон оршин суугчид өш авах зорилгоор зэрлэг ан амьтдыг олноор агнах үзэгдэл гаарвал нөхцөл байдал хурцадна. Тиймээс нэгдүгээрт, төр нөхөн олговрын тогтолцоогоо сайжруулах хэрэгтэй.

Хоёрдугаарт, Танзани улсын цаг уурын нөхцөл байдалд анхаарал хандуулах хэрэгтэй. Ирэх жилүүдэд илүү урт ган гачиг, усны хомсдолтой байх төлөвтэй байна. Үүнээс үүдээд хүн ба зэрлэг амьтдын зөрчил улам бүр нэмэгдэж магадгүй. Уур амьсгалын өөрчлөлт зэрлэг ан амьтдын нөөцөд сүйрлийн нөлөө үзүүлж байгааг үл харгалзан Танзани улсын засгийн газар эдгээр эрсдэлд хариу арга хэмжээ авахдаа маш удаан байна.

Бодит арга хэмжээний нэг нь цэцэрлэгт хүрээлэн болон түүний зэргэлдээх тосгонуудын эвдэрсэн газар, усны эх үүсвэрийг сэргээх зэрэг байгальд суурилсан шийдлүүдэд хөрөнгө оруулах явдал юм. Энэ нь эдгээр нөөцтэй холбоотой хурцадмал байдлыг багасгах болно.

Хохирогчдын сайн сайхан байдлыг үл тоомсорлож, тусгай хамгаалалттай газар нутгийн зэргэлдээ оршин суугчдад зэрлэг ан амьтдын аялал жуулчлалын бодит ашиг тус дутмаг байгаа нь зэрлэг ан амьтдын оршин тогтноход ноцтой аюул учруулж болзошгүй юм. Танзани улсын эдийн засагт зэрлэг ан амьтдын аялал жуулчлал ихээхэн хувь нэмэр оруулдаг тул байгаль хамгаалах энэхүү цогц сорилтыг шийдвэрлэх тодорхой арга хэмжээнүүд нь чухал гэж үзэж байна. 

ЭХ СУРВАЛЖ: CONVERSATION

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж