Малчид Үндсэн хуулийн дээр амьдрах ёстой юу?

Хуучирсан мэдээ: 2023.08.08-нд нийтлэгдсэн

Малчид Үндсэн хуулийн дээр амьдрах ёстой юу?

Малчид Үндсэн хуулийн дээр амьдрах ёстой юу?

УИХ-аас баталсан хуулиар малчид Үндсэн хуулийн дээр амьдардаг жишгийг тогтоогоод байна.

Учир нь, УИХ хаврын чуулганаа завсарлуулахын өмнө малчдын Нийгмийн даатгалын шимтгэл /НДШ/-ийн 50 хувийг төрөөс даах хуулийг баталсан нь Монгол Улсын иргэдийн нэг хэсэг нь хуулийн доор, нөгөө хэсэг нь хуулийн дээр амьдардаг хоёр ертөнц бий болгосон гэж хэлж болох юм.

Эрх баригчид малчдын НДШ-ийн 50 хувийг төрөөс даах болсноо “Ид хөдөлмөрийн насны 220 мянган малчнаас ердөө 20 гаруйхан хувь нь НДШ төлдөг нь дээрх арга хэмжээг төрөөс зайлшгүй авах шалтгаан болсон” гэж тайлбарласан. Гэвч энэ нь зайлшгүй авч хэрэгжүүлэх ёстой арга хэмжээ гэхээс илүүтэй ирэх онд болох УИХ-ын сонгууль бодсон, цаашлаад УИХ дахь малтай гишүүдийн малчны НДШ-ийг төрөөс даах нэрээр татвар төлөгчдийн нуруунд ачаа үүрүүлсэн шийдвэр болж, буугаад буй юм.

Хуульд зааснаар таван жилийн турш малчдын НДШ-ийн 50 хувийг төрөөс даана. Энэ нь татвар төлөгчид шимтгэлээс нь төлөлцөнө гэсэн үг.

Хүчин төгөлдөр үйлчилж буй Нийгмийн даатгалын тухай хуулиар хөдөлмөр эрхэлж байгаа иргэн бүр НДШ сар бүр төлдөг. НДШ-ийн 12.5 хувийг даатгуулагч, харин ажил олгогч 13.5 хувийг төлдөг. Нийт дүнгээрээ 26 хувийн НДШ-ийг сар бүрийн цалингаасаа суутгуулдаг.

Энэхүү хувь хэмжээ асар их дарамт учруулж, өр ч бий болгоод байгаа тул буулгах ёстой гэдэг асуудлыг хувийн хэвшлүүд хөндсөөр ирсэн. Гэвч эрх баригчид “НДШ-ийн хувь хэмжээг бууруулбал Нийгмийн даатгалын сан алдагдалд орно” гэдэг хариу тайлбар хийж ирсэн ч өнөөдөр малчдын НДШ-ийн 50 хувийг төрөөс хариуцаж эхэлсэн нь үндсэндээ өөрсдөө засаглаж байвал татвар төлөгчдөд дарамт үүсэх, Нийгмийн даатгалын санд үүсч буй алдагдлын хэмжээ өсөх зэрэг хамаагүй болж хувирсныг харж болохоор байна.

Уг нь дээрх заалттай холбогдуулж, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргана гэж мэдэгдсэн ч хандаагүй байгаа. Харин хуульч О.Батхүү дээрх заалтыг хүчингүй болгож өгөхийг хүссэн гомдлыг өнгөрсөн долдугаар сарын 28-нд Цэцэд гаргасан юм.

Тэрбээр Цэцэд гомдол гаргах болсон үндэслэлээ  “Нийгмийн даатгалын багц хуульд малчдын НДШ-ийн 50 хувийг төрөөс хариуцаж төлөх тухай заалт батлагдсан. Үндсэн хуулийн 14.1 дэх хэсэгт “хүн бүр хуулийн өмнө тэгш байна” гэдэг заалт бий. Энэ хууль батлагдсанаар тэгш байх зарчим алдагдсан. Та бид цалин, хөлсөө авах бүрийд НДШ төлдөг. Гэтэл бид 100 хувь НДШ-ээ төлж байгаа атал малчид 50 хувиар тооцон төлөх нь Монгол Улсын иргэн хуулийн өмнө тэгш байна гэдэг зарчим алдагдаж байна.

Үндсэн хуулийн 14.2-т зааснаар "Монгол Улсын иргэнийг нас хүйс, шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхаж болохгүй” гэдэг. Гэтэл энэ хуулиар мөн адил ялгаварлан гадуурхалтыг бий болгож байгаа.  Малчид төрийн хайр халамжид багтаад  бусад нь багтахгүй байгаа нь ялгаварлан гадуурхалтыг бий болгож байна. Энэ нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байна. Тиймээс дээрх хуулийн заалтыг хүчингүй болгож өгнө үү гэдэг үндэслэлээр Цэцэд хандаж байна” гэдгээ мэдэгдсэн юм. Гэхдээ Цэц түүний гомдлыг хараахан хүлээн аваагүй байгаа аж. Учир нь, дээрх хууль "Төрийн мэдээлэл" эмхэтгэлд хэвлэгдээгүй байгаатай холбоотой юм байна.

Иймээс хууль Төрийн мэдээлэл эмхэтгэлд хэвлэгдсэний дараа Үндсэн хуулийн Цэц дээрх гомдлыг хүлээн авах эсэх асуудал хөндөгдөх нь.

Хуульд зааснаар Цэц гомдлыг хүлээн авах эсэх асуудлаарх шийдвэрээ 30 хоногийн  дараа гаргах ёстой. Нэг ёсны гомдол гаргасан өдрөөс эхлэн 30 хоног тоологдоно гэсэн үг. Хэрвээ Цэц хуульч О.Батхүүгийн гомдол үндслэлтэй байна гэж үзэн, гомдлыг хүлээн авбал УИХ намрын чуулганаа эхлүүлсний дараа энэхүү асуудлыг хүлээн авах эсэхээ хэлэлцэнэ. Харин Цэц “Гомдлыг хүлээн авах шаардлагагүй” гэж үзвэл УИХ-аар хэлэлцэхгүй.

Иймээс Цэц Үндсэн хуулийнхаа манаач болж чадах эсэхийг харах л үлдэж байна.

Өнгөрсөн хугацаанд Цэцэд УИХ-аас баталсан хууль нь Үндсэн хууль зөрчсөн гэдэг олон гомдол очиж байсан ч эрх баригчдын талд шийдвэр гаргаж ирсэн нь олонтаа. Тийм ч учраас Цэцэд Үндсэн хуулиа дээдэлдэг, ёс зүйтэй, шударга хүнийг томилохыг шаардсан шүүмжлэл олонтаа тавигдаж байв. Харамсалтай нь, улстөрчдийн үгийг дуулгавартай дагах гишүүнийг Цэцэд суулгах нь эрх баригч намд илүү ашигтай байж ирснээс дээрх шүүмжлэл, шаардлага хангагдаж байсан удаагүй. Гэхдээ энэ удаад Цэц иргэнээ ялгаварласан УИХ-ын дээрх заалтыг хууль зөрчсөн гэж үзэхгүй бол Цэц манах ёстой хуулиа машинаар сольсон гэдэг шүүмжлэлээсээ салахгүй, дээр нь эрх баригчдад их халгаатай.

Учир нь, 2015 онд Засгийн газар Цэцийг машинаар "авлигадсан"-аар хүссэн шийдвэрээ гаргууллаа гэдэг шүүмжлэл хүчээ авч, гишүүдийг нь огцруулах асуудал хөндөгдөж байсан.  Энэ удаад Цэц Үндсэн хуулийг манах эрх мэдлээсээ ухарвал МАН-ынхан ч бас давхар хариуцлага хүлээж таарна. Ирэх жил УИХ-ын сонгуультай. НДШ-ийнхээ 50 хувийг төрөөр даалгаж байгаа малчин 240 мянга бол энэхүү шимтгэлээс нь төлөлцөж буй татвар төлөгчид түүнээс олон.

Тиймээс ирэх сонгуульд эрх баригчид үсгүй хусуулахыг хүсээгүй л бол малчдыг Үндсэн хуулийн дээр гаргасан заалтыг Цэц хүлээн авах нь хамгийн шударга шийдвэр болно. Хэрхэх нь цаг хугацааны асуудал болж хувирч байна.

Гэхдээ энэ бол цаад агуулгаараа хэн нь цалингаасаа НДШ төлдөг, хэн нь НДШ-ээ татвар төлөгчдөөр төлүүлж, дарамт учруулдаг юм бэ гэдгийг шийдэх маш чухал асуудал юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж