Хятадын анхны эзэн хаан Цинь Ши Хуаны бунхан 2200 жилийн настай. Тус бунханд үхлийн аюултай занга байж магадгүй гэсэн таамаглалд үндэслэн археологичид булшийг нээхээс эмээж байна.
МЭӨ 221-210 онд төр барьж байсан Цинь Ши Хуан эзэн хааны булш Шаньси муж дахь Шиань хотын Линтон дүүрэгт байдаг. Эзэн хааныг нас барсных нь дараа хамгаална гэж үздэг бэлгэдлийн чанартай терракота дайчин баримлууд тус бунханг хамгаалдаг аж. Булшны зарим хэсгийг тодорхой хэмжээнд судалсан ч дотор нь юу байгаа бол гэх болгоомжлолоос үүдэн хэзээ ч нээж байгаагүй.
Цинь Ши Хуаныг нас барснаас 100 жилийн дараа эртний түүхч Сима Чиан бунхан дотор занга байж магадгүй гэх таамаглалыг анх дэвшүүлжээ. Тодруулбал, "Бунханд орсон хүн бүр рүү харвах зориулалттай нум, сум хийхийг урчуудад даалгасан. Шар мөрөн, Хөх мөрөн зэрэг 100 голын усыг механикаар урсгахад мөнгөн усыг ашигласан. Өндөр дэгдэмхий чанартай мөнгөн ус нь цаг хугацааны явцад үүссэн хагарлаар урсан гарч болзошгүй" гэж таамагласан байдаг. Энэхүү таамаглалыг зарим эрдэмтэн хэт хийсвэр гэж үгүйсгэж байсан ч 2020 онд хийгдсэн нэгэн судалгаагаар бунханы ойр орчим дахь мөнгөн усны хэмжээ ер бусын их байгааг илрүүлжээ.
Түүнчлэн Цинь Ши Хуаны тухай түүхээс харахад тэр мөнх амьдралыг хайн, мөнгөн ус ууж байжээ. Түүнийг мөнгөн устай дарс тогтмол уусаар 49 насандаа хордож нас барсан гэж таамагласан байдаг.
Дээрх таамаглалаас гадна бунханг гэмтээж болзошгүй гэж болгоомжилсон тул археологичид одоо хүртэл булшийг ухаагүй байна. Цинь Ши Хуан хааны бунхан нь ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэлтэй байдаг.
Эх сурвалж: BUSINESS INSIDER
Холбоотой мэдээ