Аз жаргалын индексээр бусад улс оронтой өрсөлдөхүйц эгнээнд жагсдаг Улаанбаатарт асуудал мундахгүй. Улирлын чанартайгаас эхлээд нийгэм, эдийн засаг гээд дурдаад байвал олон. Үүний нэг нь лагийн үнэр. Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх шаардлага үүссэн ч тус ажил таван жил хойшилж буй. Хойшлохын хэрээр лагийн үнэр хотын төвд ч ханхийнэ. Салхигүй өдөр хүртэл лагийн үнэр огиудас хүртэл хамар цоргих нь нийслэлийнхэнд нэмэлт цэвэрлэх байгууламж зайлшгүй хэрэгтэй болсныг илтгэдэг. Гэлээ ч бүтээн байгуулалтын ажил нь он дамжсаар л. Хэдийгээр албаныхан ирэх жил ашиглалтад оруулах ам гарсан ч 2024 оныг лагийн үнэр хүлээж тэсэхгүй нь. Хаа нэг үнэртдэг бохир одоо агаар мэт тархжээ.
Шинэ төв цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил 76 хувийн гүйцэтгэлтэй явж байгааг Барилга хот байгуулалтын яамнаас өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Гүйцэтгэл явцтай байгаа ч лагийн үнэр хотын төв, зүүн хэсэг рүү үнэртэж байгаа нь орчны бохирдол төдийгүй эрүүл мэндэд ч сөрөг нөлөөтэйг албаныхан хэлүүлэлгүй мэдэх ёстой.
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл”-ийн хөрөнгийг Хятадын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Төслийн цэвэрлэх байгууламжийн хүчин чадал нь хоногт 250 мянган м3 ахуйн болон урьдчилан цэвэрлэсэн үйлдвэрийн хаягдал усыг Монгол Улсын MNS:4943-2015 стандартын түвшинд хүргэж цэвэршүүлэх, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах зорилготой бөгөөд төслийн барилга угсралтын ажлыг 36 сард дуусгаж, үргэлжлүүлэн стандартын дагуу 1,6 жил гүйцэтгэгч компани туршилт тохируулга, зүгшрүүлэлтийн ажлыг хийх ба төслийг 2024 онд хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн.
ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН БАРИЛГА ДЭЭР 600 ОРЧИМ ХҮН АЖИЛЛАЖ БАЙНА ГЭВ
Шинэ цэвэрлэхийн төслийн ТЭЗҮ-г анх 2015 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар Францын “Артеллиа энд транспорт” компани боловсруулсан. Цэвэрлэх байгууламж нь бохир ус цэвэрлэх, лаг боловсруулах гэсэн үндсэн хоёр технологийн дагуу ажиллахаар төлөвлөсөн. Цэвэрлэх байгууламжид одоо ашиглагдаж байгаа хоёр коллектор, шинээр холбогдох Туул-1 коллектороор дамжуулан бохир усыг өөрийн урсгалаар хүлээн авахаас гадна гарсан усыг 6,5 км урт сувгаар дамжуулан Туул голд нийлүүлэхээр төлөвлөсөн билээ. Бохир усыг цэвэрлэх технологийн процесс нь механик цэвэрлэгээ, биологи цэвэрлэгээ, нэмэлтээр физик, химийн гуравдагч цэвэрлэгээний шатлал процесс нэмэгдсэнээр гарч байгаа ус MNS 4943-2015 стандартыг хангасан цэвэр ус гарах юм.
Барилга угсралтын ажилд дотоодын барилгын байгууллагуудаас туслан гүйцэтгэгчээр 10 компанийн 200-250 ажилтан, Хятадын 370 ИТА-чид оролцож байгааг салбар яамнаас мэдээлсэн.
Барилга угсралтын ажлыг төлөвлөгөөний дагуу явуулахад зарим хөндлөнгийн хүндрэлүүд гарч байгаагаа боловч цар тахлаас үүссэн хугацааны алдагдлыг нөхөх, барилга угсралтын төлөвлөгөөг шинэчлэн төлөвлөж 2023 онд төслийн барилга угсралтын ажлын 95 хувьд хүргэх зорилготой ажиллаж байгаагаа төслийн нэгж илэрхийлж буй. Гэвч энэ байдлаар ирэх онд лагийн үнэр хотыг бүхэлд нь бүрхэх нь. Хэрэв дахин хойшлуулашгүй нөхцөл байдал үүссэн гэх шалтгаанаар барилгын ажлыг ирэх жил ч хойшлуулбал хотын агаар, хүмүүс бохироо дийлэхгүй нь.
Энэ бол асуудал. Үнийн өсөлт, цар тахлын хоригоос шалтгаалж шаардлагатай бүтээн байгуулалтын ажил саатах ёсгүй. Угтаа бол энэ өмхий зайсанд ч, төрийн ордны гадна талбайд ч үнэртэж байгаа.
Шийдвэр гаргах түвшний хүмүүс нь хамраа таглаад явдаггүй л бол тулгамдаад байгаа өмхийн асуудалд гол анхаарлаа хандуулна. Гэтэл цаг агаар дулаарахын хэрээр тодорсон үнэрт хэн арга хэмжээ авах талаар нэг ч мэдээлэл гарсангүй.
Холбоотой мэдээ