Өмнөд Солонгос төдийгүй дэлхийд алдартай “BTS” хамтлагийн залуус цэргийн алба хаах шийдвэр өнгөрсөн оны аравдугаар сард гарч байв. Тус улсад хөдөлмөрийн чадвартай бүх эрэгтэй дор хаяж 18 сар цэргийн алба хаах ёстой байдаг. “BTS”-ынхэн энэ үүргээс чөлөөлөгдөх эсэх талаар олон жил маргалдсаны эцэст хамтлагийн гишүүд насны эрэмбээр цэргийн албаа хааж эхэлсэн.
Тэгвэл энэ удаад хамтлагийн гишүүн Шюга цэрэгт явах болсныг “HYBE” агентлагаас өчигдөр /2023.08.07/ мэдэгдлээ. Түүнээс өмнө хамтлагийн хамгийн ахмад гишүүн Жин болон Ж-Хөүп нар цэрэгт явсан.
“Шюгагийн цэргийн үүрэгтний хугацаа эхлэх болсныг шүтэн бишрэгчдэд нь мэдэгдье. Цэргийн албаа хаагаад, эсэн мэнд эргэн ирэх хүртэл нь түүнийг үргэлжлүүлэн дэмжиж, хайрласаар байгаарай” гэж “HYBE” агентлаг мэдэгдсэн байна.
“BTS” хамтлаг 2013 онд анхны уран бүтээлээ толилуулснаас хойш эх орондоо олон тэрбум ам.доллар авчирсан. Түүгээр ч зогсохгүй дэлхий дахинд Өмнөд Солонгос улсыг сурталчилж өгчээ. Тэд НҮБ-ын индэрт үг хэлэхээр уригдаж, Цагаан ордонд ерөнхийлөгч Жо Байдентай уулзаж байв. “BTS”-ынхэн цэрэгт явснаар дэлхийн “K-Pop”-ын хөгжил удааширч байна гэдгийг агентлагийн дарга Бан Си-хьюк хэлжээ. “Тэд байхгүй болсноор дэлхийн K-Pop зах зээл мэдэгдэхүйц агшсан. Цэргийн алба хааснаар хувь хүнийх нь карьерын замнал, үндэсний баялаг болох үнэ цэн нь эрсдэлд орсон” гэжээ.
Эх сурвалж: AFP
Холбоотой мэдээ