“Хоол ч хоолойгоор давахгүй байна шүү дээ. Яаж биднийг тайван бай гэж хэлээд байгаа юм бэ. Хөл толгой нь олдохгүй энэ бужигнаан дунд хэнд, хаана хандахаа ч мэдэхгүй байна. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнг ирсэн дээр нь нүүр тулж уулзмаар байна. Яахаараа бид нар дотогш орж болдоггүй юм бэ” гэж 40 гаруй насны эмэгтэй Баянзүрх дүүргийн 127 дугаар сургуульд байршиж байгаа Онцгой байдлын түр штабын байранд бухимдлаа илэрхийлнэ. "Бид аргаа барж байна. Бидэнд шийдэл хэрэгтэй байна" гэж хэлэхтэй зэрэгцэн нүднээс нь нулимс бөмбөрнө.
“Та түр хүлээж бай л даа. Нөхцөл байдлыг бид ойлгож байна. Дотор хуралтай байгаа учраас оруулах боломжгүй байна шүү дээ” гэж цагдаагийн алба хаагч түүнд учирлав.
Баянзүрх дүүргийн 21 болон 27 дугаар хороо Дарь-Эхийн шинэ буудал, Монел өгсөх зам, Хайлаастаас Дарь-Эхтэй холбогдсон зам дагуух айл өрхүүд гурав хоногийн өмнө үерт өртөж, эд хөрөнгө, сэтгэл санаа, эрүүл мэндийн хувьд ноцтой хохирол амсаад байгаа юм. Онцгой байдлын шуурхай штаб Баянзүрх дүүргийн 127 дугаар сургууль дотор байршиж, үерт өртсөн иргэдийг түр байрлах байраар хангахаас гадна, учирсан хохирлоо хаана, хэнд хандаж барагдуулах талаар мэдээлэл авах боломжоор хангаж ажиллаж байгаа юм. Тийм учраас орох оронгүй, оочих аяга ч үгүй болсон иргэд гурван хоногийн турш үймэлдэж, төрөөс авч хэрэгжүүлж байгаа тусламж үйлчилгээг авахаар ийнхүү тус штаб дээр ирээд байгаа энэ аж.
ИРГЭД: ХОХИРЛЫН ҮНЭЛГЭЭ ХИЙЛГЭХ НЭРИЙДЛЭЭР ХҮНД СУРТАЛ ГАРГАЖ БАЙНА
-Бага насны хүүхдээ үүрэх нь үүрч, тэврэх нь тэвэрч, ганц нэгхэн бичиг баримтаа гялгар уутанд хийчихсэн 10 орчим тооны иргэд штабын удирдлагуудтай уулзахаар ирээд байгаа нь энэ аж. Үерт өртсөн айл өрх, албан байгууллагуудыг хохирлын үнэлгээгээ хийлгэж, холбогдох бичиг баримтаа бүрдүүлж өгөхийг шаардсан нь иргэдийг бухимдахад хүргэжээ. “Хэвлэл мэдээллийн байгууллагаас өгч байгаа мэдээллийг харахад үерт өртсөн айл өрхүүдэд шаардагдах тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэж байна. Хоол хүнс, хувцас, цаашлаад гэр олгож байгаа гэх мэдээлэл байгаа боловч нэг ч хүн манай хашаагаар очоогүй. Тэр тусламж үйлчилгээ нь хаагуур нь яваад байгааг хэлж мэдэхгүй юм. Энд сууж байгаа дарга нар нь өмссөн хувцастайгаа үлдсэн иргэдээс элдэв янзын бичиг баримт нэхэж суухаар айл нэг бүрээр нь ороод газар дээр нь хохирлын үнэлгээ хийгээд, хохирлыг нь яаралтай барагдуулахад л анхаарал хандуулаад ажиллачихмаар байна. Энд суугаад юу шийдэгдэх юм бэ. Өөрийн биеэр үерийн зовлонг туулж, эд хөрөнгөөрөө хохирч, орох ч орогүй болоогүй болохоор энэ хүмүүсийн хоолойгоор нь хоол даваад байх шиг байна. Цайны цаг болчихсон байна гээд бидний асуудалд анхаарах ч сөхөөтэй хүн алга. Дөнгөж сая УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ирээд дотогш орчихлоо. Бидэнд дарга нар ирээд асуудалтай танилцлаа гээд сүрийг үзүүлээд явах нь сонин биш байна. Шийдэл хэрэгтэй байна. Бид цаашид яаж амьдрах юм бэ. Асуудалтай танилцаад байх зүйл байхгүй. Нүднийх нь өмнө үерт өртсөн айл өрхийн амьдрал ямар хэцүү байгаа нь харагдаж байна шүү дээ” гэж нэгэн эмэгтэй учирлав.
ИРГЭН: ДАРГА НАР СОНГУУЛИАР ГАЗРЫН ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОСНОО МАРТЧИХСАН БАЙНА
-Түүний үгийг тэнд байсан иргэд дуу нэгтэйгээр дэмжив. Асуудлаа, амьдралаа ярих гэсэн иргэд ам амандаа шуугилдана. “Аргаа барсандаа л бид ийм байдалтай байна. Тайван бай л гэх юм. Тайван байх арга алга. Сүүлдээ үерт өтсөн айлууд зөвшөөрөлгүй газар буучихсан байсан мэт мэдээлэл түгээж байна. Бид эзгүй хээр газар ирээд буучихсан байсан юм биш. Тэгж ярих юм бол сонгуулийн өмнө эд нар өөрсдөө бидэнд газрын гэрчилгээг нь гаргаж өгсөн шүү дээ. Өнөөдөр л гэнэт ухаан ороод энд ийм айлууд амьдарч байсан юм уу хэмээн гайхах нь холгүй байна.
Баянзүрх дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүд Хууль зүйн сайд Х.Нямбаатараа 2020 оны сонгуулийн өмнө дагуулж ирж “Биднийг дэмжих юм бол та нарын газрын гэрчилгээг шийдэж өгнө. Цаашлаад засмал зам, сургууль цэцэрлэг, худаг хүртэл байгуулж өгнө” гэж яриад явснаа мартчихдаг юм уу. Бид ч тэднээс бичиг баримтаа шаардсан, авсан. Тэд зам тавьж, сургууль барьж, худаг, тог цахилгааны асуудлыг шийдэж өгсөн шүү дээ. Тэд сонгуулиар санал авахын тулд газрын зөвшөөрөл олгосноо одоо мартчихсан байна. Биднийг дур зоргоороо суурьшлын бүс үүсгэчихсэн мэтээр яриад байх юм. Зам тавьсан учраас бид замаа бараадаж бууна. Сургууль, цэцэрлэг, худаг буудалдаа ойртохыг хэн хүнгүй л хүснэ шүү дээ. Бидэнд хотын төвд хэдэн өрөө байранд амьдрах боломж байхгүй учраас олдсон, өгсөн газар дээр нь л амьдарч байсан. Үнэхээр үерийн ам, голын урсац хаасан юм бол төр яагаад зам тавьж, сургууль барьсан юм бэ. Энд 10 гаруй жил амьдарч байна. Анх удаа л ийм айхтар үер буухыг үзлээ. Одоо бидэнд шалтаг, шалтгаан биш шийдэл хэрэгтэй байна. Үерийн усанд урссан гэрийнхээ буурь, лаг шаврандаа зууралдсан хашаа хороогоо харахаар сэтгэл эмтэрч байна. Цагаа тулахаар хашааны ганц банз ч бидэнд үнэ цэнэтэй. Ганц банз авах гэж өөрөөсөө, үр хүүхдээсээ ч харамлаж байж сая л нэг бүрэн бүтэн хашаа, гэр оронтой болж байтал үерт урсгачихлаа. Тайван суух арга алга” гэж хүүхдээ дагуулан явсан 40 орчим насны эмэгтэй хэлж байна.
ИРГЭД: ЦАГ НАРГҮЙ ХУРАЛДААД ЯМАР Ч ШИЙДЭЛ АЛГА
-Үерт өртснөөс хойш Онцгой байдлын алба хаагчид, цэрэг, цагдаа нар цаг наргүй маш сайн ажиллаж байна. Харин дээд удирдлагууд нь юу ч хийхгүй, иргэдийг чирэгдүүлж байна. Хорооныхоо байцаагч болон онцгой байдлын байцаагчтайгаа уулз гэсэн юм хэлэх. Онцгой байдлын байцаагчтай уулзахаар “Манайх ганцхан байцаагчтай дүгнэлт нь хоёр, гурав хоногоос гарна” гэж хэлж байна. Энэ хооронд идэх хоолтой ч хүн байна, хоолгүй ч хүмүүс байна. Учир байдлаа хэлээд уулзаад ярилцъя, шийдэл хайж олоё гэхээр "хуралдаж байна" гээд хариулт өгөхгүй юм. Хуралдаад хуралдаад бидний асуудлыг шийдэж чадахгүй байна. Асуудал шийддэг дарга нар нь ирчихсэн байгаа бол айл, айл нэг бүр дээр нь очоод дүгнэлтийг нь гаргуулмаар байна. Танайх яасан гэж асуух биш газар дээр нь очоод өөрийн биеэр, нүдээр үзчих л дээ. Шаардлагтай багаа дагуулаад яв л даа. Түргэн шуурхай байгаад өгөөч ээ. Түргэн шуурхай дүгнэлтээ гаргуулаад эргээд хохирлоо барагдуулж, хэвийн амьдралдаа орохыг л бид хүсч байна. Түүнээс биш нохойн гөлөг төөрүүлж байгаа юм шиг энд ирэхээр тийшээ яв, тэнд очихоор ийшээ ир гээд дүгнэлт гарах дарааллыг хүлээх юм бол бидний хохирлыг барагдуулах ажил үлгэрийн далай болж өнгөрөх нь. Дөнгөж сая УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Ямартай ч та бүхний асуудлыг шийдэж өгнө” гээд дотогш орлоо. Түүнийг ямар нэгэн шийдэл хэлэх байх гээд хүлээж байна. Бодитоор учирсан хохирлоо л барагдуулахын төлөө явж байгаа болохоос бичиг цаасны төлөө яваагүй шүү дээ хэмээн амьсгаа авах ч завдалгүй ярина.
Сайхан сэтгэлтэй хүмүүс, албан газрууд тусламж дэмжлэг их л өгч байгаа дуулдах юм. Хаагуур нь зөрөөд байгааг мэдэх юм алга. Хашаа хороогоор нь яваад тараасан зүйл алга. Бидэнд тусламж үзүүлэх нь бүү хэл нийслэл, дүүргийн дарга нар ч ирж уулзаагүй гэв.
-Хоёр хоногийн өмнө Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа ирж уулзсан. “Та Хөдөлмөр халамж, үйлчилгээний газар дээр очоод ямар хэмжээний хохирол амссан талаар өргөдлөө бичиж өгөөрэй. Өргөдлийн дагуу арга хэмжээ авна. Гэхдээ гэр орон өгнө гэж хэлж чадахгүй. Нийт 18 гэр олгохоор ярьж байна. Тэр гэрийн эзэд нь бараг тодорхой болчихсон” гэж хэлсэн. Манай хувьд гэр нураагүй. Харин үерийн усанд умбачихсан. Гэрийн дээвэр нь гайгүй. Туурга гэж авах юм алга. Хохирлын асуудлаар хэсгийн ахлагчтайгаа уулз л гэх юм. Хэсгийн ахлагчтайгаа уулзахаар танд арга хэмжээ авчихсан гэж байна. Ямар арга хэмжээ авсан талаар нь сонсохоор “Танд нэг удаагийн хүсний тусламж үйлчилгээ үзүүлнэ” гэж хэлсэн. Одоогоор ирсэн зүйл алга. Өчигдөр боов боорцог, янз бүрийн тусламж үзүүлсэн хүмүүс манай тэр хавиар их явсан. Хохирлын хэмжээгээ тогтоолгох бичиг баримтаа бүрдүүлж өг гэсэн. Ирэхээр мэдэж байгаа нэг ч хүн алга. Халамж хариуцсан хүн нь утсаа авахгүй байна. Хийвэл хийгээд, өгвөл өгөөд явчихмаар байна. Сүүлдээ хаашаа, хэнд хандвал юу өгөх юм бол гэсэн бодол суулгаж байна. Төр захиргааны удирдлагууд хохирлыг нь барагдуулна гэж хэлсэн болохоор бид бас хохирлоо барагдуулчих юмсан гэж горьдно биз дээ. Бичиг баримт бүрдүүлж, хохирлоо үнэлүүлнэ гэдэг бол иргэдэд маш хүндрэлтэй асуудал болж байна гэв.
АСУУДЛЫГ ШИЙДДЭГГҮЙ, АСУУДАЛТАЙ ТАНИЛЦДАГ ДАРГА НАРЫН ЖИШЭЭ Ж.ЧИНБҮРЭН БОЛОВ
УИХ-ын гишүүг Ж.Чинбүрэн цаг гаруй хүлээлгэсний эцэст уулзалтаас гарч ирэв. "Иргэдийн санал хүсэлтийг холбогдох хүмүүст нь хүргүүллээ. Аль болох хурдан шуурхай арга хэмжээ авахаар ажиллаж байгааг иргэд та бүхэн ойлгоорой" гэснээс өөр зүйл хэлээгүй нь иргэдийг улам бухимдуулав.
Дотор байхаас штабын гадна талбай хүртэл дорвитой шийдэл хүлээсэн иргэд түүнийг бүчин зогслоо. Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд оршин суух иргэн хэлэхдээ “Хохирлын үнэлгээгээ тогтоолгоод бичиг баримтаа өг гэж байна. Хохирлын компани нийт хохирлын гурван хувьтай тэнцэх хэмжээний шимтгэл авах юм байна. Тухайлбал, манай хашаа байшинг 25 сая төгрөгөөр үнэллээ гэхэд би 750 мянган төгрөгийн төлбөр төлөх юм байна. Гэтэл энэ үнэлгээг Онгой байдлын газраас дахин үнэлж, бууруулж тогтоодог гэх яриа ч байна. Ингэж давхар, давхар үнэлгээ хийж байхаар нэгдсэн нэг байдлаар үнэлгээгээ газар дээр нь хийгээд явбал хэн хэндээ амар байна гэв. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнд үнэндээ иргэдэд хэлэх шийдэл алга. Харин цаашид дахин ийм үерт иргэд, албан байгууллагуудыг өртүүлэхгүйн тулд зөвшөөрөлгүй газар буусан иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлэхээс гадна голын урсац хааж газрын зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудад хариуцлага тооцох ёстой гэхээс өөр зүйл хэлсэнгүй.
Гамшиг боллоо, үерт урслаа, хүний амь эрсэдлээ гэхэд газар дээр нь очиж танилцлаа гэх сүржин үгээр халхавчилж иргэдийнхээ зовлонг сонсч, чухал царай гаргадаг дарга нарын бас нэгэн жишээ УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн болов. Өмнө нь олон дарга нар ирсэн, одоо ч ирж байна, цаашид ч ирнэ. Асуудалтай танилцдаг асуудал нь хэвээр байдаг цагаан гартай, цэвэрхэн хувцастай ямар ч том даргыг иргэд хүсэхгүй байна. Харин асуудлыг шийдэх, эргээд хэвийн амьдарлд нь шилжихэд нь цаг алдалгүй туслах хэн нэгнийг хүлээж байна.
ИРГЭН: ҮЕРИЙН УЛМААС БИЕН ДЭЭР ТУУРАЛТ ГАРЧ, ХАРШИЛ ӨГЧ БАЙНА
-Баянзүрх дүүргийн 127 дугаар сургууль дээр 300 хүний багтаамжтай түр байр гаргасан байгаа юм. Тус сургуулийн хоёр давхарт байрлаж байгаа түр байрны орчин нөхцөлтэй танилцахаар очиход Улаанзагалмайн нийгэмлэгийн сайн дурын ажилчид үүдэн хэсэгт нь байрлаж, үдийн хоолондоо орж байна. Түр байрлах заалны үүдээр орвол 10 орчим тооны хүүхэд нааш, цааш хөөцөлдөн гүйх бөгөөд цонхны хажууд хоёр эмэгтэй хуучилж харагдана. Хариуцсан хүн байгаа талаар лавлахад мэдэх хүн алга. Харин ус аваад гарах зуураа “Энэ хүүхдүүдийн аав ээж нь гэрлүүгээ явсан. Оройхон ирэх байх” гэсэн хариултыг улаан загалмайн сайн дурын ажилтан өгөв.
Түр байранд байрлаж байгаа 30 гаруй насны эмэгтэйн хэлж байгаагаар үерт өртсөн иргэдийг байрлуулах байр ажиллаж байгаа гэх мэдээллийг өчигдөр өглөө авсан байна. Түүнээс өмнө нөхрийнхөө ажилчдын гэрээр хонож байсан түүний хувьд “гэр оронгүй болсон бидэнд зориулсан түр байр гаргасан юм байна” гэж хэлэхтэй зэрэгцэн хоолой нь зангирч байна.
“Үер нүд ирэмхийн зуургүй л гэр рүү ороод ирсэн. Эд хөрөнгө яахав хүүхдийнхээ амийг, өөрийнхөө амьтай л аврах талаар бодсон. Манайх ам бүл гурвуулаа. Нөхөр хүүхдийн хамт, таван ханатай гэрт амьдарч байсан. Хүүхдээ нүцгэнээр нь хөнжилд ороогоод гарч ирсэн. Өөрөө өмссөн хувцастайгаа л үлдсэн. Маргааш нь буйран дээрээ очиход үерт өртсөн зурагт, хөрөгчийг онцгойгийн алба хаагч нар өргөж гаргалцсан. Гэрээс үлдсэн зүйлгүй. Холбогдох хүсэлт, бичиг баримтаа бүрдүүлээд өгчихсөн. Яаж шийдэхийг нь мэдэхгүй л байна. Ямартай ч түр байрлах байранд байрлаж байна. Сүүлийн хоёр хоног нөхрийнхөа ажлын хамт олныхоор л хоног төөрүүлж байгаад ирсэн. Түр байрлах байранд ирэхэд цай, боорцог өгч байна. Ундаа, ус уу гэж байна. Одоогоор эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй байгаа ч удахгүй хамрагдах байх гэж бодож байна. Үерийн улмаас бие загатнаад, харшил өгч байна. Өмнө нь харшилгүй байсан. Гэтэл саяхнаас биен дээр юм туураад, загатнаад байна. Бодвол харшил өгч байх шиг байна” хэмээн ярих ээжийнхээ энгэрээс нь зуурах хоёр настай хүү. Хөл нүцгэн заалны голоор хөөрцөглөн гүйх хүү тайзан хэсэгт хурааж тавьсан хөнжил гудсан дээгүүр бусад хүүхдүүдийн хамт хөөцөлдөж тоглоно. Үүдний хэсэгт байршуулсан ус, ундаанаас нэгийг авч ээжээрээ задлуулж цааш гүйхдээ асгаж орхив. Дахиж асгаж болохгүй шүү гэж ээжээсээ зэмлэл хүртсэн ч ход ход инээсээр…
Холбоотой мэдээ