"Эндсэн ээж, дүү хоёрыгоо ямар шалтгаанаас амиа алдсаныг мэдэхгүй"

Хуучирсан мэдээ: 2023.08.08-нд нийтлэгдсэн

"Эндсэн ээж, дүү хоёрыгоо ямар шалтгаанаас амиа алдсаныг мэдэхгүй"

"Эндсэн ээж, дүү хоёрыгоо ямар шалтгаанаас амиа алдсаныг мэдэхгүй"

Хүчтэй үер буусны улмаас /2023.08.05/ хоёр иргэн цахилгаанд цохиулж амь насаа алдсан гэх мэдээллийг албаныхан өгсөн. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага дарь эхийн нэгдүгээр гудамжинд байрлах монгол гэрт иргэн М /61 настай, эмэгтэй/ иргэн О /32 настай, эмэгтэй/ нар цахилгаанд цохиулан нас барсан. Тэд Хэнтий аймгийн Хэрлэн сумын оршин суугчид байсан бөгөөд Улаанбаатар хотод түр хугацаанд ирээд байсан талаар мэдээлж байв.

Эх сурвалжийн хэлж байгаагаар тухайн айл нэг сарын өмнө айлын хашаа харахаар буусан байна.

Талийгаачийн ар гэртэй холбогдоход "Нэг сарын өмнө тэр айлын хашаанд буусан гэж сонссон. Талийгаач хоёрын маань байсан айл нь ээжийн маань төрсөн дүүгийнх юм. Эндсэн ээж дүү хоёр маань тогонд цохиулж нас барсан эсэхийг ч сайн мэдэхгүй байна. Олон нийтийн сүлжээгээр тухайн айл нь өндөр хүчдэлийн шонгоос дур мэдэн тог татаж хэрэглэдэг байсан гэх мэдээлэл цацагдаж байна. Тэрийг ёстой хэлж мэдэхгүй байна.  Бид хоёр талийгаачийнхаа шарилыг аваад Хэнтий аймаг руу гарч явна. Ирэх Лхагва гаригт хөдөөлүүлнэ. Улсын онцгой комисс, нийслэлийн удирдлагууд надтай огт холбогдоогүй" гэсэн юм.

Улаанбаатарт орсон ширүүн борооны улмаас дөрвөн хүний эрдэнэт амь эрсдэж, олон айл өрх усанд автан, орон гэргүй болж өмч хөрөнгөөрөө хохироод буй. Хотын дарга Д.Сумьяабазар "Үерийн гамшиг болж дөрвөн хүн харамсалтайгаар нас барсан. Хэдийгээр ар гэрт нь тохиосон гарз хохирол, уй гашууг нөхөж барахгүй ч гэсэн нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс эндсэн хүмүүсийн ар гэрт нь тус бүр хоёр өрөө орон сууц олгохоор шийдвэрлэлээ. Мөн одоогоор үерт өртөж орон гэргүй болсон 16 өрхөд тус бүр бүрэн тавилгатай гэр олгоно. Түүнчлэн машин нь үерт өртсөн иргэдэд тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэхээр шийдвэр гаргалаа" гэж мэдэгдсэн. Гэвч одоо хүртэл нас барсан иргэдийн ар гэрийнхэнтэй холбогдоогүй байгааг хэлж байна.

Тэгвэл олон нийтийн сүлжээгээр эдгээр иргэдийн түр хугацаанд байрлаж байсан айл өндөр хүчдэлийн шонгоос дур мэдэн тог татаж хэрэглэдэг байсан гэх мэдээлэл цацагдсан. Энэ талаар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас тодруулахад,Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан байцаагч инженер Г.Ганболд "Манай Шуурхай үйлчилгээний бригад газар дээр нь очиж үзлэг шалгалт хийсэн. Олон нийтийн сүлжээгээр үерээр цахилгааны тулгуур шон унаж, тогонд хоёр иргэнд цохиулж нас барсан гэж мэдээлсэн. Гэтэл мэргэжилтнүүд шалгалт хийхэд тог цахилгааны гэмтэл гарсан зүйл байгаагүй. Агаарын шугамын тулгуур унаагүй, Явган хүний зам дагуух гэрэлтүүлэг унаагүй, ямар нэгэн цахилгааны утас тасраагүй байсан. Магадгүй тухайн айлын гэр дотор цахилгааны гэмтэл гарсан байхыг үгүйсгэхгүй. Тухайн айл өрх дур мэдэн өндөр хүчдэлийн шонгоос тог татсан асуудал байгаагүй. Хуулийн байгууллага шалтгаан нөхцөлийг нь тогтоож байна" гэдэг хариултыг өгсөн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж