УБЦТС: Өндөр хүчдэлийн шугам унаснаас болж хүний амь эрсдээгүй

Хуучирсан мэдээ: 2023.08.07-нд нийтлэгдсэн

УБЦТС: Өндөр хүчдэлийн шугам унаснаас болж хүний амь эрсдээгүй

УБЦТС: Өндөр хүчдэлийн шугам унаснаас болж хүний амь эрсдээгүй

Улаанбаатарт орсон ширүүн борооны улмаас дөрвөн хүний эрдэнэт амь эрсдэж, олон айл өрх усанд автан, орон гэргүй болж өмч хөрөнгөөрөө хохироод буй. Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага дарь эхийн нэгдүгээр гудамжинд байрлах монгол гэрт иргэн М /61 настай, эмэгтэй/ иргэн О /32 настай, эмэгтэй/ нар цахилгаанд цохиулан нас барсан. Тэд Хэнтий аймгийн Хэрлэн сумын оршин суугчид байсан бөгөөд Улаанбаатар хотод түр хугацаанд ирээд байсан талаар албаныхан мэдээлсэн. Тэгвэл олон нийтийн сүлжээгээр эдгээр иргэдийн түр хугацаанд байрлаж байсан айл өндөр хүчдэлийн шонгоос дур мэдэн тог татаж хэрэглэдэг байсан гэх мэдээлэл цацагдаж эхэллээ. Энэ талаар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас тодрууллаа.

"УБЦТС" ТӨХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан байцаагч инженер Г.Ганболд:

-Манай Шуурхай үйлчилгээний бригад газар дээр нь очиж үзлэг шалгалт хийсэн. Олон нийтийн сүлжээгээр үерээр цахилгааны тулгуур шон унаж, тогонд хоёр иргэнд цохиулж нас барсан гэж мэдээлсэн. Гэтэл мэргэжилтнүүд шалгалт хийхэд тог цахилгааны гэмтэл гарсан зүйл байгаагүй. Агаарын шугамын тулгуур унаагүй, Явган хүний зам дагуух гэрэлтүүлэг унаагүй, ямар нэгэн цахилгааны утас тасраагүй байсан. Магадгүй тухайн айлын гэр дотор цахилгааны гэмтэл гарсан байхыг үгүйсгэхгүй. Тухайн айл өрх дур мэдэн өндөр хүчдэлийн шонгоос тог татсан асуудал байгаагүй. Хуулийн байгууллага шалтгаан нөхцөлийг нь тогтоож буй" гэдэг хариултыг өгөв.

Эх сурвалжийн хэлж байгаагаар тухайн айл өрх айлын хашаанд буугаад удаагүй байсан гэнэ.

Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс эдгээр иргэний ар гэрт тус бүр хоёр өрөө орон сууц олгохоор шийдвэрлэсэн гэдгээ мэдэгдсэн. Д.Сумъяабазар "Хэдийгээр хүний амь насыг эд хөрөнгөөр барагдуулах боломжгүй ч бид шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллана. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд ч нийгмийн хариуцлагын хүрээнд үерт өртсөн иргэдэд туслахаар  хамтран дэмжлэг үзүүлэхээ илэрхийлээд байна. Тусламж дэмжлэг үзүүлэх иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд дүүргийн онцгой комисс руу хандахыг хүсье" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж