Увс аймагт Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-эрдэнэ долдугаар сарын 31-ний өдөр ажиллахдаа Хяргас нуураас 5 км-ийн зайд үүссэн хогийн цэгийг яаралтай зөөвөрлөж устгалд оруулах ажлын чиглэлийг Ханхөхийн Улсын тусгай хамгаалалтын захиргаанд өгсөн.
Тэгвэл уг ажлыг гүйцэтгэх шаардлагатай төсвийг нь шуурхай шийдвэрлэж өгснөөр Хан Хөхийн Улсын тусгай хамгаалалттай газар хогийн цэгийг нүүлгэх ажлыг эхлүүлсэн байна.
Хяргас нуурыг зорьж энгийн өдөр 1000-1200, амралтын өдрүүдэд 10,000-15,000 гадаад, дотоодын жуулчид амрахаар ирдэг байна. Өмнөх жилүүдтэй харьцуулахад жуулчид эрэг дагуу хог хаяхгүй, зориулалтын газраа бие засдаг болсон байна. Харин эрэг дагуу авто машинтайгаа отоглож байгаа байдал хэвээр байв. Иймд эргээс 2,5-3 метрээс дотогш авто машин оруулахгүй байх, жуулчдын амрах тухтай нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа юм байна. Одоогийн байдлаар ариун цэврийн 10 байгууламж, хог хаягдлын 10 цэг ажиллаж байна. Хогийн цэгийг нүүлгэснээр нуурын болон хөрсний бохирдол үүсгэхгүй байхад чухал ач холбогдолтой юм.
Хяргас нуурын бохирдлыг сар бүр тогтмол хийдэг ба хяналтаар хэвийн гарч байгаа тухай хариуцах албаны хүмүүс мэдээллээ.
Л.ЭНХТУУЛ
Холбоотой мэдээ