Хууль төрсний дараа: Бага ангийн сурагчдад дүн тавихгүй

Хуучирсан мэдээ: 2023.08.07-нд нийтлэгдсэн

Хууль төрсний дараа: Бага ангийн сурагчдад дүн тавихгүй

Хууль төрсний дараа: Бага ангийн сурагчдад дүн тавихгүй

"NEWS" агентлаг “Хууль төрсний дараа” булангаараа Боловсролын ерөнхий хуульд “суусан” онцлох заалтуудаас хүргэж байна.


УИХ-ын хаврын чуулганаар Боловсролын ерөнхий хуулийн төслийг баталсан нь хэрэгжиж эхлээд байна. Энэхүү хууль хэрэгжиж эхэлснээр хүүхэд хаана суралцаж байгагаас үл хамаарч чанартай боловсролыг тэгш хүртээмжтэй хүртэх боломж нөхцөлөөр хангагдана гэдгийг салбарын сайд нь онцлоод буй. Тэгвэл эл хуульд зааснаар бага ангийн сурагчдад дүн тавихгүй болжээ. Дүн тавьж, хооронд нь өрсөлдүүлдэг нь анги дэвших бүрд хичээлийн хоцрогдлыг бий болгодог сөрөг үр дагавар дагуулж байна гэх асуудал хөндөгдөж ирсэн тул хүүхдийг ахиц дэвшлээр нь үнэлдэг болох аж. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн тэмдэглэснээр хүүхэд өөрөө өөрийнхөө ахиц дэвшлээр сургалтаа үнэлүүлдэг тогтолцоонд 2025 оноос шилжих юм байна. Ингэхдээ мэдлэг, чадвар, төлөвшил гэсэн гурван үзүүлэлтээр хүүхдийг бэлтгэдэг болох нь.

Гуравдугаар ангиас нь англи хэл заана

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад гуравдугаар ангиас нь эхлэн англи хэл заана. Гэхдээ эх хэлээрээ суралцах болон бусад гадаад хэл суралцах эрхийг үл хөндөнө гэж хуульчилж өгчээ. Энэ нь ерөнхий боловсролын сургуулиудад франц, хятад, орос, герман зэрэг бусад орны гадаад хэлийг үзэхэд асуудал үүсэхгүй, Тодруулж хэлбэл, тухайн сургуульд суралцагч нь франц, герман хэл үзэх сонголт хийсэн бол түүнийгээ үзэх боломжтой байна гэсэн үг юм.

Багш мэргэжлийн сонгон хичээллүүлнэ

Боловсролын ерөнхий хуульд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангид багш мэргэжлийн сонгон бүлэг хичээллүүлж, амжилттай төгсөгчийг, багш бэлтгэх дээд боловсролын сургалтын байгууллагад элсэн суралцахад нь төрөөс дэмжлэг үзүүлэхээр болжээ. Дэмжлэг үзүүлэх журмыг Засгийн газар батлах юм байна.

Мөн багш бэлтгэх сургалтын хөтөлбөрөөр амжилттай суралцсан суралцагчид сургалтын төлбөрийн хөнгөлөлт, дэмжлэг төрөөс үзүүлэхээр заасан байна.

Сайн багш бэлтгэж байж, сайн сурагчид ерөнхий боловсролын 12 дугаар ангийг төгсдөг болно гэж үзэж буй. Иймээс багшаа бэлтгэхээс нь эхлээд багш болсны дараа ч тасралтгүй хөгжүүлдэг тогтолцоог бий болгох юм байна. Сайн багш өндөр цалин, гүйцэтгэлийн урамшуулал авдаг болохоор хуульчилж өгсөн аж.

Мөн өнгөрсөн хугацаанд өөр ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулж, нэмэлт орлого олохыг хориглодог байсан бол энэхүү хуулиар зөвшөөрсөн байна. Ингэснээр багш үндсэн ажлын цагаас бусад цагт өөр ажил олгогчтой зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулж, нэмэлт орлого олж болно. Энэ харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 57 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна гэж зааж өгчээ.

Түүнчлэн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сул орон тоонд аймаг, сум, дүүрэг, баг, тосгоны удирдлагын захиалгаар, эсхүл өөрийн хүсэлтээр гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажиллах гэрээ байгуулсан багшид төрөөс дэмжлэг үзүүлэх юм байна.

Багшид 33 өдрийн нэмэгдэл амралт олгоно

Боловсролын ерөнхий хуулийн 13.3-т багш, ажилтан дараах нийгмийн баталгаагаар хангагдана гэж заажээ.

13.3.1.хөдөлмөрийн онцлогийг харгалзан бүх түвшний боловсролын сургалтын байгууллагын захирал, эрхлэгч болон бусад ажилтанд ажлын 15 өдөр, багш, багшийн туслах, дотуур байрны багш, нийгмийн ажилтан, хоол зүйч, сэтгэл зүйч, арга зүйч, сургалтын менежерт ажлын 33 өдрийн нэмэгдэл амралт олгохоор заасан байна.

Сум, тосгонд ажиллавал гурван жил тутамд тэтгэлэг авна

Хот, хөдөөгийн боловсролын чанарыг ялгааг арилгах зорилгоор Улаанбаатар хотоос алслагдсан газарт ажиллах дараах хүмүүст эхний тав дахь жил болон дараагийн гурав дахь жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмж улсын төсвөөс олгохоор заажээ. Тодруулбал, .сум, баг, тосгон дахь төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын захирал, сургалтын менежер, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш, албан бус боловсролын багш, цэцэрлэгийн арга зүйч, сургуулийн номын санч, эмч, хоол зүйч, тогооч, багш, багшийн туслах, сэтгэл зүйчид эхний тав дахь жил болон дараагийн гурав дахь жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс олгох юм байна.

15-аас доошгүй жил ажиллавал хүүхдийг нь хөнгөлөлттэй нөхцөлөөр дээд сургуульд сургана

Хуульд зааснаар төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн дээд сургуульд үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулах бөгөөд холбогдох журмыг Засгийн газар батлах юм байна.

Багш, ажилтны амьдрах нөхцөлийг сайжруулах, орон сууцжуулахад төрөөс дэмжлэг үзүүлнэ. Бүх түвшний боловсролын сургалтын байгууллага нь багшийг сургалтын үйл ажиллагаанд шаардагдах техник, тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүн, бичиг хэргийн материалаар хангана.

Төрийн болон орон нутгийн өмчийн сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтанд өндөр насны тэтгэвэр тогтоолгоход Төрийн албаны тухай хуульд заасны дагуу нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно.

Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, буцалтгүй тусламж авсан багш, ажилтныг төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хөдөлмөрийн хууль тогтоомжийн хүрээнд үргэлжлүүлэн ажиллуулах тохиолдолд энэ хуулийн 13.3.3 дахь заалт хамаарахгүй.

Цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирлыг Засаг дарга томилохгүй

Сонгууль бүрийн дараа эсвэл Засаг дарга солигдсоны дараа  сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг өөрчилж,  томилдог байв. Улстөржилтийг зогсоох зорилгоор тус хуульд Засаг дарга сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилдог байсан тогтолцоог халжээ.

Өөрөөр хэлбэл, боловсролын байгууллагаас нь сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг сонгон шалгаруулалтаар тодруулж, томилохоор болсон байна. Хэн туршлагатай, хэн чадвартай, хэн мэдлэгтэй, хэн хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн хүн нь сургууль, цэцэрлэгийг удирддаг болох аж.

Монгол Улсын хэмжээнд төрийн өмчийн 1000 орчим цэцэрлэг, 700 орчим ерөнхий боловсролын сургууль байдаг аж. Дээрх хууль шинэчлэгдэн батлагдсантай холбоотойгоор бүх төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчдийг аттестачлах болжээ.

Боловсролын ерөнхий хуультай холбоотой заалтыг энэхүү линкээс үзэх боломжтой.

legalinfo.mn - БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж