Үерт орон гэрээ алдсан хүнд нөхцөлд байгаа иргэдийг 127-р сургуулийн спорт зааланд түр байрлуулаад байгаа билээ. Нийслэлийн Тэргүүний 127-р сургууль дээр ажиллаж байгаа Түр хорогдох байранд одоогоор 49 хүн ирж, тусламж үйлчилгээ аваад байна.
Тодруулбал, энэхүү түр хорогдох байранд Монголын улаан загалмай нийгэмлэгээс 50 хөнжил, 50 гудас, 20 нөмрөг, гал тогооны таван багц, ариун цэврийн таван багц, Баянзүрх дүүргийн улаан загалмайн дунд шатны хороо 40 хөнжил, 50 гудас, таван нөмрөг, нийт 90 хөнжил, 100 гудас, 25 нөмрөг, гал тогооны таван багц, ариун цэврийн таван багцыг хүлээлгэн өглөө.
Баянзүрх дүүргийн Улаан загалмайн хорооны сайн дурын идэвхтнүүд хорогдох байранд ирсэн иргэдэд анхны тусламж, нийгэм, сэтгэл зүйн тусламж үйлчилгээ, шуурхай үзүүлэх, холбон зуучлах үйлчилгээг 24 цагаар холбогдох төрийн байгууллагуудтай хамтран хүргэж байна. Сайн дурын ажилтнууд үерт өртсөн иргэдэд цэвэр ус, халуун цай, аарц, хоолоор үйлчилж, Гамшгийн үед ажиллах бэлтгэгдсэн сайн дурын 4 идэвхтэн үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх сурталчилгааны материал тарааж, мэдээлэл өгч ажиллаж байна.
Л.ЭНХТУУЛ
Холбоотой мэдээ