Монголчуудын өв соёлын “Даншиг наадам-Хүрээ цам 2023” наадам наймдугаар сарын 5, 6-ны өдрүүдэд Хүй долоон худагт болж өнгөрлөө. Даншиг наадам нь Монголын өв соёлыг үр хойчдоо уламжлан хөгжүүлэх зорилготойгоос гадна жуулчдыг татах эвент болгоход оршиж буй. Иймд Даншиг наадмыг үзэхээр ирсэн жуулчдаас сэтгэгдлийг нь сонсч, нэг өдрийг хэрхэн өнгөрүүлсэн талаарх сурвалжлагыг хүргэж байна.
Энэ өдрүүдэд Монголд 3000 гаруй жуулчин ирсэн гэх тоон мэдээлэл байгаа юм.
Америк улсын иргэн ХАНС
Замын түгжрэлээс болоод нээлт үзэж чадалгүй хоцорчихсон. Даншиг наадам руу ирэх замдаа миний бодсоноос илүү удаан түгжирсэн. Нээлтийг эхнээс нь үзэж чадаагүйдээ сэтгэл жаахан хөндүүр байсан ч одоо дундаас нь ч болтугай үзэж байгаад маш их баяртай байна. Ирээд маш олон адуу харж, морины уралдаан үзлээ. Маш том эзгүй газарт олон хүн цугласан их сайхан баяр болдог юм байна. Сэтгэгдэл их өндөр байна. Дээл өмсөөд морь унасан хүмүүс их байна. Гайхалтай харагдаж байна. Монголд ирээд хоёр сар болсон. Тэр хугацаанд хэд, хэдэн газраар явсан. Ямар өргөн уудам газар нутагтай юм бэ гэж их бодогдсон шүү. Бас гайхсан. Миний хувьд Сэлэнгэ аймгаар аялах боломж гарсан.
Онгон дагшин байгальтай маш том газар нутагтай тэр нь их таалагдсан. Тэнд очоод уул руу их гарсан. Ууланд авиралт их хийсэн. Бас их сайхан байсан.
Энэ удаагийн аялал маань жаахан шахуу болчихсон. Дараагийн удаа Монголд ирэхдээ илүү тав тухтай аялах байх. Энэ удаад аялах боломж их гараагүй. Учир нь, ажлын шугамаар явсан болохоор. Гэхдээ бид нар Чонжин-Болдог орсон. Бүргэдийн кемп буюу амралтын газарт буудалласан. Бас Тэрэлжээр аялсан байгаа. Үнэхээр гайхалтай мэдрэмж авсан. Би морь унахыг их хүссэн. Гэвч ч хүмүүс унаж гэмтэж бэртэж байгааг сонссон учраас энэ удаад морь унасангүй. Миний хувьд ази гаралтай америк хүн. Тийм болохоор хүмүүс намайг монгол хүн байна гэж андуураад байсан. Тэр жаахан хэцүү санагдсан. Мэдээж хэрэг тэдэнтэй ойлголцоход нэн тэргүүнд хэлний асуудал яригдах байх. Дараагийн асуудал нь үнэхээр удаан түгжирдэг юм байна лээ. Бид энэ газарт ирэх гэж 3 цаг түгжирсэн. Энэ асуудлаа шийдчихвэл аялж амрахад үнэхээр сайхан орон санагдсан.
Америк Улсын иргэн ТОМ
Анх удаагаа ирж байна. Үнэхээр гайхамшигтай байна. Миний хувьд Монголд ирээд удаж байгаа. Надад Монголд байх их таалагддаг. Яагаад ч юм тав тухтай гэх юм уу. Би бас дээл өмсөх их дуртай. Тийм болохоор өнөөдөр энэ баярт зориулаад дээлээ өмсөөд ирсэн. Гэхдээ энд маш их халуун байна. Монголд байх хугацаандаа Хөвсгөл рүү мөсний баярт явсан. Дараа нь Дархан, Говь-Алтай аймаг явсан. Би хотод байхаасаа илүү хөдөө аялах дуртай. Өөрийнхөө хувьд аль болох чадлаараа аялал хийдэг. Өнөөдрийн наадмын үзүүлбэрүүдээс морин дээрх үзүүлбэр бол маш өвөрмөц байсан. Миний хамгийн дуртай хэсэг. Монголын олон соёлын фестивалиудыг очиж үзэх төлөвлөгөөтэй байгаа. Тэдгээр зүйлс бүгдээрээ өөр өөрсдийн онцлогтой юм шиг санагддаг. Дээл өмсөхөөр цаанаасаа нэг тийм гоё байдаг.
Америк Улсын иргэн САРА, АРТУР, РОЖЕР
Наадам үзэж байгаадаа сэтгэгдэл өндөр байна. Өмнө бас наадам үзэж байсан. Энэ удаагийн наадам арай өөр содон болж байна. Нэг зүйл хэлэхэд “Даншиг наадам” болж байгаа талаар ямар ч мэдээлэлгүй байсан. Бидний хувьд маш их сонирхож, хайлт хийсний үндсэн дээр мэдээлэлтэй болж, энд ирсэн. Найзынхаа найзаас сонсоод ирсэн. Интернэтэд “Даншиг наадам” болж байгаа гэдэг мэт мэдээлэл тавигдсан бол илүү их хүмүүс ирэх байсан байх. Байгаль нь гоё хүмүүс нь их тайван гоё санагдсан. Хотоос гараад аймар тайван болчихсон юм шиг санагдлаа. Учир нь хотын хүмүүс их бухимддаг юм шиг санагдсан. Энд байхад орчин нь гоё чийглэг байна. Бидний хувьд говь, Архангай, Тэрэлж явсан. Тал газар их содон санагдсан. Бидний очсон газар цаг машиндаа суухад ямарч хүн таарахгүй.
ЖОН ХЬЮЗ, УИЛЛЬЯ ХЬЮЗ, Г. БУЯНЖАРГАЛ
Сэтгэгдэл их сайхан байна. Яагаад гэхээр бид наадмаар энд ирж чадаагүй. Үндэсний их баяр наадмын нээлтийг телевизээр үзсэн. Энд ирэхэд задгай талбай дээр бүх зүйл маш тав тухтай санагдлаа. Сая морин дээрээс сур харвахыг харлаа. Чингис хааны үед яг ингэж морин дээрээс байлдаж байсан байх гэх сэтгэгдэл төрсөн. Миний хувьд монгол хүнтэй гэрлэсэн. Тийм болохоор Монголд олон удаа ирсэн. Наадмын хувьд Монголд үзэж байгаа хоёр дах наадам. Хүүгийн маань хувьд түүнд хурдан морь унасан хүүхэд их гоё санагдсан. Учир нь америкт жижигхэн хүүхдүүдийг морь унаж байхыг хараагүй болохоор тэр байх. Бид Монголд байгаа хамаатан саднууддаа зочлох дуртай. Тэд нартайгаа байнга уулзаж байх нь миний хувьд их таатай байдаг.
800 гаруй жилийн түүхтэй Монгол Улсаар их бахархаж байна. Зарим тал дээр шүүмжлэлтэй хандах зүйл бас байна. Бид жил болгон Монголд ирдэг. Ирэх болгонд зам бол маш хэцүү.
Стандарт бус, шороо тоос ихтэй. Зам талбайгаа стандартын дагуу тавих хэрэгтэй байна. Бусад зүйлсийг нь хувийн хэвшил хөгжүүлээд явчих байх. Төр засаг нь замаа стандарттай тавих хэрэгтэй. Хотод байхад нүх рүү орчих гээд аягүй хүндрэлтэй. Машин бариад явж байхад монгол жолоочид дүрмээ баримталдаггүй. Цочтол гэнэт сигналаа дардаг. Хүмүүс гарцаараа гармаар байна.
Оросын Холбооны Улсын иргэн АЛЕКСАНДР, СВЕТЛАНА, ЕЛЕНА
Монгол орон манай улсын хамгийн ойрхон хөрш улс учраас бид сонгож ирсэн. Бид Орос улсын Эрхүү хотоос ирсэн. Үндэснийхээ хувцсыг өмсөөд морио унаад явж байгаа хүмүүсийг харахад маш сайхан байна. Бид нар өглөө Чингисийн талбай дээр очсон. Тэгэхэд үндэсний хувцастай маш олон хүн байсан. Монголчууд үндэсний хувцсаа өмсөөд морио унаад өв соёлоороо бахархаад явж байгаа нь үнэхээр сайхан байна. Ирэхээсээ өмнө Монгол Улсын тухай нэлээд судалсан. Ялангуяа Монголын түүх, Чингис хааны түүх зэргийг судлаад монголчууд үндэсний соёлоо хадгалаад авч явж байгааг харах сайхан байна. Цаашдаа ч үргэлжлүүлээд хадгалж явна гэдэгт итгэж байна. Бид нар өмнө нь буриадад ийм үндэсний шашны бүжгүүдийг үзэж байсан. Энд ирээд цам харайх ёслол үзлээ. Энэ үзүүлбэр монгол улсын үндэсний хэв маяг онцлогийг нь илэрхийлж байгаа байдал нь таалагдсан. Харин холоос харах нь жаахан тиймэрхүү байлаа.
Лондон хотын иргэн АНДРЕС КЕВЕДО
Наадмыг яг бүтнээр нь үзэж чадаагүй. Цам харайх хэсгээс нь эхэлж үзлээ. Аягүй сонирхолтой байлаа. Монголчуудын шүтдэг бурхдуудын талаар жаахан мэднэ. Тэр бурхдаа монголчууд маш их хүндэлдгийг харж байна. Тэр нь их таалагдлаа. Монголд анх удаа ирж байна. Монголд ирсэнээс хойш нүүдэлчин соёлыг нь сайн харж байна. Бусад улсуудаас маш их ялгаатай нь моринд их хайртай ард түмэн, морио маш их хүндэлдгийг харлаа. Бид саяхан гэр бүлээрээ Хэнтий явчихаад ирсэн. Тэгэхэд жоохон хүүхэд хүртэл морийг маш гарамгай унаж байгааг хараад аягүй их гайхсан бас их биширсэн. Тэр бас их сонирхолтой байсан. Морь унах хамгийн гоё байсан. Би дээлэндээ их дуртай. Явахаасаа өмнө маш олон сонирхолтой аяллуудыг хийхийг хүсэж байна.
Дээлтэйгээ морь унаад давхихыг хүсэж байна. Би бас Чингис хааны музей үзэхийг хүсэж байна. Монгол орон тайван аюулгүй улс юм шиг санагдсан. Бусад улсуудад аялахад бол тийм мэдрэмж төрөөгүй.
Норвеги улсын иргэн РЕБЕКА, Итали улсын иргэн ЛЕДЬЯ
Наадам үнэхээр гайхамшигтай болж байна. Ялангуяа ийм үзэсгэлэнтэй орчинд урлагийн үзүүлбэрүүдийг үзэж байгаад баяртай байна. Хэдийгээр энд үзэж байгаа ч гэсэн том дэлгэц байрлуулсан бол бид нар бүр илүү ойрхноос хөдөлгөөнийг нь, хувцсыг нь тодоор харж болох байсан. Энэ бол бидний хувьд амьдралдаа нэг л удаа үзэх боломжтой зүйл юм. Бид нар ийм сайн хөтөч, хөтөлбөртэй явж байгаад баяртай байна. “Mongolian Luxury tour company”-даа талархаж байна. Бид хоёр Монголд анх удаа ирсэн. Маш их сайхан байна. Өчигдөр дөнгөж ирсэн ч гэсэн аль хэдийнэ бид үзэх ёстой зүйлүүдтэйгээ танилцаад эхэлчихсэн. Үнэхээр гайхалтай байна. Хамгийн их таалагдсан зүйл нь маш үзэсгэлэнтэй байгальтай. Маш нөхөрсөг хүмүүстэй юм байна. Яг одоогийн байдлаар бидний хүлээлтээс илүү давчихсан байна.
Бид нар хотод орчин үеийн хөгжилтэй орчныг үзсэн. Тэгсэн хэрнээ хажуугаар уламжлалт ёс заншлаа хадгалчихсан ийм сайхан байгальд орчин үеийн хэв маяг, уламжлалт соёл хоёрыг хослуулаад явж байгаа нь маш гайхалтай байна.
Харамсалтай нь, бид нарт ирээд цам харайх ёслолыг үзэх зав гарлаа. Гэхдээ зөвхөн энийг л үзэж байгаа нь хангалттай сэтгэлд догдлуулсан мөч байна. Бидний аяллын хөтөлбөрт энэ наадамд ирэх тухай огт байгаагүй. Бид өчигдөр л гандан орохдоо маргааш “Даншиг наадам” болох гэж байгаа гэдгийг мэдсэн. Тэгээд хөтчөөсөө тийшээ очиж үзэх ямар боломж байна вэ гэдгийг асуусан. Бид нар энэ наадмыг үзэхийн тулд зарим хөтөлбөрүүдээ шахаад замаа өөрчлөөд ерөөсөө маш шахуу хөтөлбөртэй наашаа амжиж ирсэн. Одоо энийг үзэж байна. Энэ бүх зүйлээс гадна бүх юм маш их өнгө алагласан байгаа нь миний сэтгэлийг догдлуулж байна. Хамгийн чухал нь хэдийгээр бид орчин үеийн хөгжилтэй хотод амьдарч байгаа ч гэсэн яг өөрсдийнхөө соёл ёс уламжлалаа хадгалаад явж байгаа тийм газрууд л хамгийн сайхан газрууд байдаг юм байна. Бид хоёрын хувьд азийн орнуудаар аялж байсан. Гэхдээ азийн орнуудтай харьцуулахад монгол орон хамгийн онцлог газар юм. Маш өргөн уудам нутагтай. Өөрсдийнхөө нүүдэлчин соёлоо хадгалчихсан орчин үеийн соёлтой хослуулаад амьдарч байгаа энэ л ерөөсөө хамгийн гайхалтай явдал юм. Бүх юм цогцоороо маш гайхалтай байна. Байгаль, соёл, ахуй амьдрал, хүмүүс нь бүх л зүйл нь таалагдаж байна.
Энэ удаагийн “Даншиг наадам- Хүрээ цам 2023” монголчуудын өв соёлыг харуулсан олон олон үзэсгэлэн худалдаа нээгдсэн байв. Тэдгээрээс зарим онцлох үзэсгэлэнг танилцуулъя.
Монголын үндэсний таван тансаг идээний танилцуулга
Төлөөлөгч С.ОЮУН-ЭРДЭНЭ
-Таван тансаг идээнд ногоон идээ, цагаан идээ, хар идээ, улаан идээ, шар идээнүүд ордог. Энэ бүхнийг аялал жуулчлалын хүмүүст танилцуулах Монголын өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой. Жуулчид бол маш ихээр сонирхож байна. Тайлбарлавал шар идээнд амттанууд буюу зэрлэг жимсээр хийсэн бүтээгдэхүүнүүд ордог. Харин цагаан идээнд Монгол оронд ургадаг гурил гурилан бүтээгдэхүүн, үр тариагаар хийсэн амттанууд багтдаг. Улаан идээнд мах махан бүтээгдэхүүн Монголын хоол болох таван цул, сархинагийн ороомог, бүхэл чанасан мах гэх мэт бүтээгдэхүүн ордог бол ногоон идээнд ургамлын гаралтай бүтээгдэхүүн багтдаг. Хар идээнд бол мэдээж хэрэг сархад орно. Жуулчдын хувьд нэлээд өндөр сэтгэгдэлтэй байсан. Үндэсний идээ ундаа ийм гоё үзэмжтэй, үндэсний хэв маягийг орчин үеийн хэв маягтай хослуулсан гэдгээрээ онцлогтой. Ганцхан жуулчдад гэхээс илүү бас дотоодын хүмүүст бас танилцуулж байна.
Бүүвэй брэнд
Төлөөлөгч Э.Өлзийжаргал
-Өнөөдрийн үзэсгэлэнд бүүвэй брэндийг танилцуулж байна. Хонины нэхийгээр нэхий зүүмэл хийдэг. Өнөөдрийн хувьд Чингис хааны өнгө тамга, хадны сүг зураг оруулсан бүтээл, дугуй хээтэй, өлзий хээтэй бүтээлүүдийг дэлгэсэн. Бидний бүтээлийг жуулчид их сонирхож байна. Монголчууд маань ч гэсэндээ хэрэглээндээ нэвтрүүлжээ. Өмнө нь зөвхөн нэхий дээл л өмсдөг байсан бол одоо орны бүтээлэг маягаар олбог хийсэн нь хэрэглээнд түлхүү нэвтэрч байна.
Есөн эрдэнээр бүтээгдсэн “Дэлхийн нууц товчоо” ном
Философич О.Төмөр
-Миний бие 2015 онд “Дэлхийн нууц товчоо” хэмээх номоо туурвисан. Монголчууд эртнээс ном судраа есөн эрднээр чимдэг байсан уламжлалыг баримталж энэхүү “Дэлхийн нууц товчоо” номоо есөн эрдэнээр чимэглэн бүтээж, коллекц болгон гаргасан. Энэхүү ном маань 2015 онд Монголд хэвлэгдээд 2016 онд Орост хэвлэгдэж дэлхийн 10 гаруй улсад түгсэн. Уйгаржин болон кирилл үсгээр хэвлэгдсэн. Утга агуулгын хувьд ирээдүйд Монголд тохиолдож болох 16 бошго буюу зөгнөл ирээдүйн хүн төрөлхтөн сайн сайхан амьдрах. Хүн ёс суртахуунтай филлософтой амьдрах тухай 100 сургаал айлдвар үгс орсон. Шинэ бүтээл нь хүн төрөлхтний нууц товчоо гэдэг нэртэйгээр наймдугаар сард хэвлэгдэнэ. Итали, Испани, Франц зэрэг европын орнуудын жуулчдад өөрийнхөө гарын авлага танилцуулгаа өгч байна.
Гэрэгэ
Бие төлөөлөгч Б.Тулга
-Бид Гэрэгэ бүтээлээ эх үзмэрээс нь хуулбарлаж, бэлэг дурсгал болгон өгөх зориулалтаар зах зээлд оруулан, жуулчдад сонирхуулж байгаа юм. Энэ Гэрэгэ бүтээл нь 990-ийн сорьцтой мөнгөн. Ориг эх үзмэр нь 5 дахин жижигхэн Гэрэгэ байдаг. Бидний бүтээсэн Гэрэгэг дагалдах ном нь долоон улсын хэл дээр бичигдсэн байдаг учраас жуулчдын хувьд гэр лүүгээ авч яваад манай соёл уламжлалтай танилцах боломжтой. Бид жуулчдад бүтээлээ худалдаалах болгондоо жуулчдад анх ямар зориулалтаар ашиглаж байсан, яагаад монголчуудын хувьд ийм үнэ цэнэтэй талаар тайлбарладаг.
Зүүмэл урлал
Төлөөлөгч Ц.Сэлэнгэ
-Манай бүтээлүүд дахин боловсруулалт хийдгээрээ давуу талтай. Торго, даавууны өөдөс, хуучин хувцсыг ашиглаад гэр ахуй бэлэг дурсгалын бүтээгдэхүүнүүд хийдгээрээ онцлогтой. Тэр бүтээлүүдээрээ дандаа монгол ахуйг харуулахыг зорьдог. Зүүмэл урлал нь байгаль орчинд ээлтэй.
Хоёрдугаарт, хөгжлийн бэрхшээлтэй өрх толгойлсон, Улаанбаатар хотын алслагдсан дүүрэгт амьдардаг эмэгтэйчүүдэд сургалт явуулж тэдгээр хүмүүс өөрсдийн хийсэн бүтээлээ зарах боломжтой. Жуулчдын хувьд бидний бүтээлийг маш их сонирхож байна. Учир нь бүх бүтээгдэхүүнүүд маань гараар хийдэг дахин давтагдашгүй бүтээлүүд байгаараа онцлогтой. Цаашлаад хувцсыг ч дахин амилуулах боломжтой.
Мөн даншиг наадмын үеэр иргэд болон жуулчдад морь унуулах үйлчилгээ явуулж байгаа иргэнээс бид жуулчид хэр их сонирхож үйлчлүүлж байгаа талаар тодруулсан юм.
Уяач Т.Хашчулуун “Морь 3000 төгрөгөөр унуулж байгаа. Жуулчид маш их сонирхож ирдэг ч хэлмэрч орчуулагчид нь зөвшөөрдөггүй. Манай морьд бол бүгдээрээ намхан, хүн гэмтээхээр биш. Миний хувьд өөрөө ч бас хөтлөөд явах боломжтой. Зүгээр морины хажууд зургаа даруулаад өнгөрдөг дөө. Үнийн хувьд 1500-2000 төгрөгийн хооронд байна” гэж ярилаа.
Л.ЭНХТУУЛ
Холбоотой мэдээ