Сурвалжлага: Иргэд улаан гараараа шавар шавхайтай ноцолдож байна

Хуучирсан мэдээ: 2023.08.07-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Иргэд улаан гараараа шавар шавхайтай ноцолдож байна

Сурвалжлага: Иргэд улаан гараараа шавар шавхайтай ноцолдож байна

Хүнд машин механизмын дуу хангинаж, овоолсон лаг шавар ачна. Албан хаагчид амны хаалт зүүж, хүрз, шүүрээр “зэвсэглэн” зам дагуух хог хаягдлыг цэвэрлэнэ. Харин иргэд улаан гараараа шахам гэр, байшингийнхаа шаврыг шавхаж, хувингаар зөөж байгаа харагдав.

Үерт урссан гэрээс бүтэн үлдсэн зүйл нэг ч алга. Тооно, хаалга, хана гээд бүх мод нь хугарч, цагаан эсгий, бүрээс нь бор шавартай хутгалджээ. Зам дагуух ганц нэг байшингийн суурины шороо үерт урсч, юу юугүй нурахад бэлэн. Энэ бол Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны дүр зураг. Манай сурвалжлах баг Дарь эхийн уулзвар дээр очиход замаар зорчих хэсгийг хааж, албаныхан цэвэрлэгээ хийж байсан юм. Иргэдийн хувьд үерт өртсөн айлуудыг лаг шавраас нь салгах шаардлагатай байхад албаныхан замаа эхлээд цэвэрлэж байгаад бухимдаж буйгаа илэрхийлэв.

"АЛБАНЫХАН ЗОХИОН БАЙГУУЛАЛТГҮЙ, ИРГЭДЭД ӨГЧ БАЙГАА МЭДЭЭЛЭЛ Ч АЛГА"

Хашаа байшин нь бүхэлдээ усанд автсан иргэн Б.Баяраа “Албан хаагчид зам хэсгээ л цэвэрлээд байна. Замаа цэвэрлэж, машины зорчих хөдөлгөөнийг нээх нь зөв ч үерт автсан айлуудыг цэвэрлэх шаардлага байна шүү дээ.  Түмэн айл усанд автчихсан байхад зам цэвэрлэх нь чухал юм гэнэ. Үнэндээ албаныхны ажлыг ойлгохгүй байна.

Өглөөнөөс хойш байшин доторх лаг шавраа өөрсдөө гаргаж цэвэрлэлээ. Онцгой байдлынхан тусалж, дэмжихгүй байна. Лаг шавраа шавхаж, эд хогшлоо гаргаад тавьчихлаа. Ашиглаж болох юм нэг ч алга.

Яг ямар ажил хариуцсан хэн гэдэг дарга нь ч мэдэгдэхгүй юм. Гудамжаар дүүрэн машин техник, төрийн хувцас өмссөн албаныхан холхилдоод. Биднийг өөрсдөө гэр байшингаа цэвэрлэ, албаныхан гадна хэсгийг цэвэрлэнэ гэсэн. Бид тэр түр хоргодох байранд очоод яах юм бэ. Өдөржингөө энэ бохир дунд албаныхныг хэзээ ирж туслах бол гээд хараад сууж байна. Заавал замын зорчих хэсгийг цэвэрлэж байж, айлууд руу орно гэнэ. Энэ замаар явахгүй бол тэр дарганцарууд нь үхчих гээд байгаа юм уу” хэмээн бухимдав.

Тэдний арын хашаа мөн л үерийн усанд урсч, нуржээ. Гэрийн эзэн хүүгийн хамт эд хогшлоо зөөж гаргаж байлаа. Гэрийн эзэн “Манайх энэ газарт 23 жил амьдарч байна. Өмнө нь ийм айхтар үер бууж байгаагүй. Өчигдрийн борооноор бэлхүүсээр татсан их ус орж ирсэн. Арай дэндүү. Би амбаарынхаа дээвэр дээр гарч, эсэн мэнд гарлаа. Байшин маань арай гайгүй. Үүдний амбаарын хэсэг усанд автсан. Бас хашаанд байсан айлын гэр, хашаа, жорлон тэр чигээрээ усанд урссан. Албаныхан ямар ч зохион байгуулалтгүй, иргэдэд өгч байгаа мэдээлэл, тусламж, дэмжлэг алга. Дээрээс нь тог цахилгаан байхгүй.

Үерийн усны лаг шавар, хог хаягдлаа ачуулмаар байх юм. Тэгсэн зөвхөн замаа янзална гээд л ажиллаад байна. “Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” гэгч болж байна” гэсэн юм.

ҮЕРТ ӨРТСӨН АЙЛУУДЫГ 5 ГА ГАЗАРТ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛНЭ

Өчигдрийн байдлаар дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үерийн улмаас үүссэн нийт 1003 тонн лаг шавар хог, шороог тээвэрлэж, цэвэрлэжээ. Усанд урссан 54 тээврийн хэрэгслийг татан гаргаж, авто замыг чөлөөлөх ажиллагааг цагдаагийн 416 алба хаагч, шуурхай албаны 34 автомашин, хоёр кран, техник хэрэгсэлтэй гүйцэтгэсэн байна. Хот тохижилтын газрын 89 хүнтэй баг 24 машин механизмтай ажиллаж, хог, лаг шаврыг цэвэрлэн Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгт тээвэрлэн хүргэсэн гэх мэдээллийг албаныхан өгсөн.

Иргэн Б.Мичид зам дагуу авто угаалгын газар ажиллуулдаг. Эднийх үерийг гарз хохирол багатай давсан байна. Тэрбээр “Бид тухайн барилга төлөвлөлтийг маш сайн хийсэн учраас үерт өртөж, хохирол амсаагүй. Бусад айлуудаа хараад сэтгэл шимшрээд л сууна.

Цэрэг, цагдаа, онцгой байдал, ТҮК-ийн ажилчид цаг наргүй ажиллаж байна. Ер нь барилга байгуулж барихдаа газраа зөв төлөвлөж, усны хаялгаа сайн хийвэл байгалийн гамшигт өртөхгүй байх боломжтой гэдгийг биеэрээ мэдэрлээ” гэв. Харин ойролцоо ажилладаг дугуй засварын бетонон суур нь нурах эрсдэлтэй болжээ. Эзэд нь хэдэн тоосго тавьж, түр торгоосон харагдана. Эзэн нь үерийн усанд урсч, хагарсан хэсэгтээ дайрга шороо асгуулахаар албаныхныг хүлээж байгаагаа хэлсэн юм.

Газрын албаны мэдээллээр Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нийт зөвшөөрөлгүй буусан 46 айл өрх байна. Эдгээр айл өрхүүдийг үерийн эрсдэлтэй бүсээс яаралтай нүүхийг 2018 оноос удаа дараа мэдэгдэж байжээ. Нийслэлийн ИТХ-аар батлагдсан байршилд үерт өртсөн айл өрхийг нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөний дагуу Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны таван га газрын байршил бэлэн болсон байна.

"ГАЗАР ДЭЭРЭЭ ХҮНДЭЭ ХҮРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ЮМ АЛГА"

“Албаныхан үерийн голомтод цэвэрлэгээ хийж, ариутгаж байна гэдэг хариултыг өгч байна. Бид өглөөнөөс хойш өөрсдийнхөө боломжоор орон гэрээ шавраас салгалаа. Гэрээр дүүрэн шавраа өчигдөр орой унталгүй цэвэрлэж, хүн орж гарахаар болголоо. Зарим хүмүүс 400-700 мянган төгрөгөөр эксковатор, ачааны машин хөлсөлж, хашаагаа цэвэрлүүлж байна. Өчнөөн эд хөрөнгөөрөө хохирчихоод дахиад машин техник хөлсөлнө гэдэг үнэхээр хүндрэлтэй байна. Яг ажил хариуцаж байгаа хүн байна уу гэхээр хэсгийнхээ ахлагч, хороондоо ханд гэх юм.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр албаныхан олноороо шуурхай ажиллаж байна гээд байдаг. Газар дээрээ хүндээ хүрч ажиллаж байгаа юм алга.

Өнөөдөр ард иргэд нь чухал юм уу, зам чухал юм уу. Замаа л янзална гээд байх юм. Иргэд нь гэртээ орж чадахгүй байхад анхаарахгүй байна. Учраа олохгүй гайхаад зогсч байна. Манайхан өчигдөр гэртээ байгаагүй. Фэйсбүүкээр үерийн бичлэг хараад гэртээ иртэл усанд автаад орох, гарах ямар ч нөхцөлгүй байсан. Тэгээд бид 127 дугаар сургуульд байгуулсан түр хоргодох байранд очиход “Та нар гэр орноо алдаагүй бол энд хонуулахгүй” гээд хонуулаагүй. Тэгээд бид машин дотроо хоносон” тухай иргэн Э.Ууганбаяр ярилаа.

Д.Энхчимэг гэх эмэгтэй үер буудаг өдөр дөрвөн хүүхэдтэйгээ уул руу гарч, эсэн мэнд гарсан тухайгаа ярив. Тэрбээр “Ер нь дуу цахилгаантай аадар бороо орно гэдэг мэдээллийг сонссон. Арай ч ийм үер болно гэж бодоогүй ээ. Би дөрвөн хүүхдээ аваад уул руу гарч зугтааж, эсэн мэнд гарсан. Орой үер намжихаар нь байшингийнхаа хоёр давхарт гарч, хоносон. Нэг давхар тэр чигээрээ лаг шаварт автсан.

Өнөөдөр дүү нараа дуудаж, сая л байшингаа цэвэрлэж дууслаа. Өмсөх хувцас, хоол хүнс юу ч байхгүй болсон. Хүүхдүүдээ айл руу явуулж, өөрсдөө ар гэрээ янзалж байна.

Хашаа байшингаа орхиж болохгүй болохоор түр байранд очиж чадахгүй л байна. Онцгой байдлын газрыг өчигдөр шөнөөс хойш хэд хэдэн удаа дуудахад гэрт ирээд “Танайх аюултай түвшинд байна. Лаг шаврыг нь соруулахгүй бол болохгүй юм байна” гэсэн. Гэвч бохир соруулах машин ирээгүй. Лавлаж асуухаар “Машины шатахуун дуусчихсан шаврыг нь соруулах боломжгүй” гэж хэлсэн. Тэгээд ах дүү нараа дуудаж, лаг шавраа хувингаар зөөж гаргалаа” гэсэн юм.

ИРГЭД ТҮР ХОРГОДОХ БАЙРНААС ИЛҮҮ ХАМААТНЫХАА АЙЛД ХОНОЖ БАЙНА

Дүүргийн 21 дүгээр хороонд байрлах 127 дугаар сургуулийн байранд түр хоргодох байр гаргажээ. Сургуулийн үүдний хэсэгт онцгой байдлын албан хаагчид иргэдэд заавар зөвлөмж өгч байлаа. Тэнд тусламж дэмжлэг хүссэн иргэдээс илүү төрийн албаныхан байрласан байв. Мөн үерт өртсөн айл өрхүүдэд туслах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөл цөөнгүй хандаж байсан юм.

Тэдний нэг бол “Bozolo” дэлгүүрийн хамт олон. Дэлгүүрийн ажилчид сэтгэлийн хандиваа дарга нарт бус иргэд өгөх хүсэлтэй байгаагаа хэлж байв.

“Манай дэлгүүрийн хамт олон үерт өртсөн айл өрхүүдэд дэм тус болохоор бараагаа ачаад ирсэн. Хандиваа ямар хүмүүст өгөх нь тодорхойгүй байна. Дүүргийн Улаан загалмайн ажилчид хандивыг нь нэгдсэн журмаар өгнө гэж байна. Ард иргэдээ үерт өртсөн 250 өрхөд туслахыг уриалж байна” гэдгийг менежер Э.Хосбаяр хэлж байв. Мөн орон гэрээ цэвэрлэж буй иргэдэд ариун цэврийн цаас, хоол хүнсний бүтээгдэхүүн тарааж байгаа хэсэг залуус ч замд таарсан юм.

БЗД-ийн Онцгой байдлын хэлтсийн орлогч, хошууч Э.Энхбаяр:

-Иргэд өөрсдийнхөө эд хөрөнгийг харах гээд түр хамгааалах байранд ирэхгүй байна. Аль болох ах дүү, хамаатан садныхаа гэр рүү явцгаасан. Хорооны нутаг дэвсгэрт өчигдрийн 19.00 цагаас хойш тог цахилгаан хязгаарласан. Өчигдөр оройны байдлаар түр хоргодох байранд хоёр хүүхэдтэй нэг эмэгтэй болон эхнэр нөхөр ирж хоносон. Бид үерт өртсөн бүх иргэдийг хүлээн авч байгаа.

Энд хөнжил гудас, халуун хоол цай, эм тариа бүх зүйл бэлэн. Зарим иргэд буруу ойлгосон байна. Улсын онцгой комиссоос нийтдээ 250 хүнсний багц гаргаж, дөнгөж сая нэн шаардлагатай 50 өрхөд багцыг олгохоор албан хаагчид гарлаа.

Бид юуны түрүүнд зам гарцныхаа лаг шаврыг чөлөөлчихөөд иргэдийн хашаа хороог цэвэрлэнэ. Мөн шаварт урссан тээврийн хэрэгслүүдийг гаргасан. Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчдаас гадна бусад дүүргийн алба хаагчид хүч нэмэгдүүлэн 24 цагаар ажиллаж байна” гэв.

Гэрэл зургийг Б.Эрдэнэбилгүүн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж