Улсын онцгой комиссоос /УОК/ үерийн нөхцөл байдлын талаар өнөөдөр /2023.08.06/ мэдээлэл хийлээ.
Шадар сайд С.Амарсайхан:
-Үерийн үеэр харамсалтайгаар амиа алдсан 10 сартай нярай, 14 настай хүүхэд, хоёр том хүн нийт дөрвөн хүний ар гэрийнхэн, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Хэлж ирдэггүй, хийсч ирдэг байгалийн гамшиг, аюулд амь насаа алдсан иргэдийн ар гэрийнхний эмчилгээ оношилгоо болон бусад асуудалд УОК болон нийслэл, дүүргийн Засаг даргын зүгээс анхаарч ажиллаж байна.
Цаашид хөдөө орон нутагт аадар борооноос үүдсэн эрсдэл нэмэгдэх магадлал өндөр байна. Өчигдөр Увс аймгийн Тариалан сумын Тариат багийн нутаг дэвсгэрт гэрийнхээ гадаа байсан хүүхэд аянгад цохиулж, хоёр нь амь эрстэж, нэг нь эмнэлэгт биеийн байдал хүнд байгаа мэдээлэл ирсэн.
Наймдугаар сард түр зуурын дуу цахилгаантай, хүчтэй аадар бороо үргэлжлэн орох мэдээллийг ЦУОШГ-аас өгсөн. Иймд иргэд анхаарал, сонор сэрэмжээ дээшлүүлж, эрсдэлгүй газар зорчихыг хүсье.
Зэвсэгт хүчний 150 алба хаагч үерийн голомтод ажиллаж байна. Мөн хэрэгтэй техник хэрэгслийг хангах ажлыг шуурхай зохион байгуулж байна.
Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд Х.Булгантуяа:
-НҮБ, Дэлхийн зөн зэрэг байгууллагуудтай хамтарч гамшигт өртсөн айл өрхүүдэд дэмжлэг үзүүлнэ. Мөн цэвэрлэгээ, ариутгал хийхэд олон нийт, хувийн хэвшлийн оролцоог хангах, тодорхой санхүүжилтийг шийдэх ажлыг ХНХЯ Онцгой байдлын ерөнхий газартай хамтран зохион байгуулна.
Холбоотой мэдээ