Өмнөд Солонгост хоёр долоо хоног хүрэхгүй хугацаанд хоёр дахь удаагаа хутгатай этгээд хүмүүсийг гэмтээсэн хэрэг гарсан. Энэ нь хүн амины хэрэг бага гардаг, галт зэвсгийн хатуу хязгаарлалттай, аюулгүй гэгдэж ирсэн Өмнөд Солонгос улсад айдас төрүүлэв.
Тодруулбал, Сөүлийн ойролцоох Соннам хотын худалдааны төвд нэгэн эрэгтэй машинаараа хажуугаар өнгөрөгч хүмүүсийг дайрч, бууж ирээд олон хүнийг хутгалсан хэрэг гарсан. Түүнийг газар дээр нь баривчилсан боловч 14 хүн шархадсан байна. Хохирогчдын хоёрынх нь биеийн байдал хүнд байна.
Соннам хотын оршин суугч 78 настай Ли Ён Жа хэлэхдээ, "Би хүүхдүүддээ буу зэвсгээс айж, гадаад руу явахдаа болгоомжтой байгаарай гэж үргэлж захидаг байсан ч одоо би Өмнөд Солонгост байхаас илүү их айж байна" гэж ярьжээ. Тэрбээр Пүрэв гаригт болсон үйл явдлын үеэр хүмүүсийн хашгирахыг сонссон гэж Ройтерс агентлагт мэдээлжээ.
Тус дүүргийн өөр нэг оршин суугч, 26 настай Чой Жун Хо Баасан гаригийн өглөө ажилдаа явах замдаа, халдлага болсон худалдааны төвийн ойролцоо явахдаа маш сонор сэрэмжтэй байсан гэж түгшингүй ярьжээ.
Үүнээс хэдхэн хоногийн өмнө Сөүл хотод 32 настай эрэгтэй хутга барин хүмүүс рүү халдсанаар нэг хүн амиа алдаж, гурван хүн гэмтсэн. Гэмт этгээд баривчлагдсаныхаа дараа хэлсэн үг нь иргэдийг бухимдуулж байна. Тэрбээр халдлага үйлдсэн шалтгаанаа амьдрал нь бүтэлгүй байсантай холбон тайлбарлажээ.
Ерөнхийлөгч Юн Сук Ёл энэ үйл явдлыг гэм зэмгүй иргэдийн эсрэг алан хядах ажиллагаа гэж нэрлээд, олон нийтийн санаа зовнилыг арилгахын тулд боломжтой бүх нөөцийг дайчлахыг цагдаа нарт үүрэг болгов.
Цагдаагийн комиссар генерал Юн Хи Кеун Пүрэв гаригт Өмнөд Солонгосын иргэдийг ийм халдлагаас болгоомжлохыг анхааруулж, албаны хүмүүсийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулсан байна.
Мэргэжилтнүүд үүнтэй төстэй гэмт хэрэг гарах эрсдэлтэй гэж үзэж байгаа бөгөөд эрх баригчдаас сүүлийн үед гарч буй гэмт хэргийн хэв маягт хурдан дүн шинжилгээ хийж, эсрэг арга хэмжээ авахыг уриалав.
"Сэжигтнүүд тодорхой сэдэлгүй байгаа нь эдгээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ямар ч боломжгүй гэсэн үг биш" гэж Кюннам их сургуулийн цагдаагийн шинжлэх ухааны профессор Ким До Ву хэлэв.
Жишээлбэл, сүүлийн долоо хоногт болсон хутгатай халдлага нь метроны буудлуудын ойролцоо гарсан тул цагдаа нар хүн олноор цугларсан олон нийтийн газар сэжигтэй үйлдэл хийсэн тухай мэдээлэл ирвэл сайтар хянаж, идэвхтэй оролцох ёстой гэж Ким До Ву хэллээ.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Холбоотой мэдээ