Нийслэлд өчигдөр /2023.08.05/ орсон түр зуурын ширүүн борооны улмаас Баянзүрх дүүргийн 21, 24 болон бусад хороодод үер буусан. Үүний улмаас 100 орчим айл үерт автаж, гэр байшин нь усанд автаж, машин, эд хөрөнгө нь урсч, хоёр хүн тогонд цохиулж нас барсан харамсалтай осол гарсан билээ.
Мөн эцэг, эхтэйгээ автомашинд зорчиж явсан 10 сартай хүүхэд эндсэн. Тодруулбал, үерт урссан машинд зорчиж явсан эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг ухаангүй байхад нь олж ГССҮТ-д хүргэсэн бол хүүхдийг шөнө эрлийн баг хайж цогцсыг нь үүрээр гүүрний доод хэсгээс олсон байна.
Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст өчигдөр 22:46 цагт яаралтай тусламжийн 103 дугаараас иргэн Б, Д нар машинтайгаа үерт автаж, өөрсдөө ГССҮТ-д биеийн муу, шокын байдалтай байна гэсэн. Тухайн хүмүүс машинтайгаа үерт урсч байгаад эрсдэлээс сэргийлэхийн тулд машинаасаа гарч дээр нь хүүхдээ тэвэрч сууснаа санаж байна, удалгүй хүүхдээ усанд алдсан гэж хэлжээ. Үүний дагуу цагдаа, онцгойгийн алба хаагчид ажиллаж 02:40 цагийн үед машиныг олж гаргасан.
Хүүхдийг ойролцоох хэсгээс хайж 03:00 цагийн үед гүүрний хэсгээс цогцсыг нь олсон.
Эцэг, эхийнх нь биеийн байдал маш хүнд шоктой байгааг БЗД-ийн цагдаагийн хэлтсээс мэдээллээ.
Холбоотой мэдээ