НЗДТГ, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд хамтран зохион байгуулж буй “Монголчуудын өв соёлын Даншиг наадам-Хүрээ цам 2023” Хүй долоо худагт үргэлжилж буй. Энэ үеэр иргэд, наадамчин олныг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тэдний аюулгүй байдлыг хангах, мөн тохижилт, үйлчилгээний чиглэлд авч буй арга хэмжээний талаар холбогдох албаныхнаас тодрууллаа.
Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хүнсний чанар стандартын хяналтын улсын ахлах байцаагч Б.Хонгор:
-Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Эрүүл мэндийн газар, Мал эмнэлгийн газар зэрэг байгууллагаас 36 албан хаагч ажиллаж буй. Даншиг наадамд үйл ажиллагаа эрхлэхээр хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэлийн зөвшөөрөл авсан 60 гаруй аж ахуйн нэгж, байгууллагад эрүүл ахуйн шаардлага тавьж, аюулгүй байдлын мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, хяналт тавин ажиллаж байна. Энд 60 гаруй аж ахуйн нэгж, байгууллага худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа бөгөөд ариун цэврийн чиглэлээр зарим нэг зөрчлийг арилгууллаа.
Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-ын эрүүл ахуйн халдвар, хамгааллын улсын ахлах байцаагч Д.Өлзийбаяр:
-НЭМГ-аас 18 улсын байцаагч Даншиг наадмын талбайг халдваргүйжүүлэх ажилд хяналт тавин ажиллаж байна. Наадмын бэлтгэл ажлын хүрээнд 20 мянган ам метр талбайг халдваргүйжүүлж ажилласан. Наадмын талбайд ариун цэврийн 20 байгууламж байршуулсан бөгөөд ашиглалт, ариутгалд хяналт тавьж буй. Ариун цэврийн байгууламжид хоёр цаг тутамд цэвэрлэгээ хийж байгаа.
Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн дарга С.Ариунболд:
-Даншиг наадмын үеэр Нийслэлийн Түргэн тусламжийн төвөөс таван баг буюу 12 хүн хоёр өдрийн турш 24 цагаар байрлан ажиллаж байна. Хурдан морины унаач хүүхдүүд, наадамчид, иргэд, жуулчид, уран бүтээлчдийг болзошгүй эрсдэл, осол аваараас урьдчилан сэргийлж, эм тариа, эмнэлгийн хэрэгсэл, халдвар ариутгалын бодисын нөөцийг бүрдүүлсэн. Өнөөдрийн хувьд хязаалан насны морины уралдаанаар нэг хүүхэд мориноос унасан, азаар ямар нэгэн бэртэл, гэмтэл аваагүй. Мөн иргэд, наадамчдаас 40 орчим дуудлага, мэдээлэл ирсэн. Үүнээс иргэд хувиараа морь унаж байгаад моринд хөлөө гишгүүлэх гэхчлэн зөөлөн эдийн гэмтэл авсан тухай гурван дуудлага ирсэн. Бусад нь даралт ихсэх, зүрх судасны өвчлөлийн дуудлага байна. Эдгээрийн дунд онц ноцтой, гэмтэл, хугарлын шинжтэй дуудлагууд алга. Наадамд маш олон хүн ирсэн тул бага насны хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулж, наршихаас сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, анхаарал болгоомжтой зорчоорой. Эрүүл мэндийн тусламж шаардлагатай иргэд 103 руу залгахад энд ажиллаж байгаа баг хугацаа алдалгүй үйлчлэх боломжтой.
Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Оюутболд:
-Хүй долоо худагт болж буй Даншиг наадмын үеэр иргэдийн аюулгүй байдлыг хангах, хэв журмыг сахиулах, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхээр наймдугаар сарын 4-6-нд буюу гурван өдрийн хугацаанд цагдаагийн алба хаагч нар ажиллаж байна. Энэ жилийн хувьд наадамчин олны хөл хөдөлгөөн их, гаднын жуулчид ч олон ирсэн. Тэгэхээр зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнийг зохицуулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах, тэр дундаа бага насны хүүхдүүдийг осолд өртөхөөс сэргийлэх арга хэмжээ авч, бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Түүнчлэн наадмын хүрээнд болох урлагийн тоглолт, үзвэр үйлчилгээ, олныг хамарсан арга хэмжээний үеэр нийтийн дэг журам алдагдахаас сэргийлж буй. Гадаадын жуулчдад мэдээлэл өгөх, туслах, тэднийг болзошгүй эрсдэлээс сэргийлэх чиглэлд 30 орчим оюутан цагдаа ажиллаж байгаа юм. Одоогоор хүүхэд эцэг эхээсээ төөрсөн гэх долоон дуудлага мэдээлэл ирлээ. Согтууруулах ундаа хэрэглэсний улмаас бусдын амгалан тайван байдал алдагдуулсан болон гэмт хэргийн шинжтэй хоёр тохиолдол гарсан. Бид шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна.
УБЗАА-ны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн хяналтын ажилтан В.Мягмардолжин:
-Сонгинохайрхан дүүрэгтэй гэрээтэй ажилладаг ТЦҮ ОНӨААТҮГ-ын зам, талбайн 20 үйлчлэгч, мөн жолооч, ачигч гээд 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хог тээврийн дөрвөн машинтайгаар ажиллаж байна. Түүнчлэн Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дөрвөн үйлчлэгч, усны хоёр, бохирын нэг машинтайгаар буюу нийт 45 хүн ажиллаж байгаа. Мөн тус байгууллагын био 13 жорлон байгаа. Бид хог хаягдлыг цуглуулах, ачиж тээвэрлэх, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийх, жорлонгийн бохирыг соруулах, зөөх зэрэг ажлыг гүйцэтгэж байна гэлээ.
ТЦА-ны Замын цагдаагийн газрын Замын хөдөлгөөний бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Сүхбат:
-“Монголчуудын өв соёлын Даншиг наадам-Хүрээ цам” болж байгаатай холбоотойгоор Улаанбаатар хотоос Хүй долоо худгийг зорих хөдөлгөөн, мөн тус газар дахь явган зорчигчдын тоо ч нэмэгдсэн. Иймээс замын цагдаагийн алба хаагчид иргэдийн аюулгүй байдал, хөдөлгөөний ачааллыг зохицуулах чиглэлээр ажиллаж байна. Одоогоор ямар нэгэн ноцтой зөрчил гараагүй. Наадамчид хийгээд сүсэгтэн олонд аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцож, хүүхдүүдийг хараа хяналтгүй орхихгүй, хөдөлгөөнд оролцуулахгүй, заавал харгалзах хүнтэй болон гараас нь хөтөлж замын хөдөлгөөнд оролцуулахыг зөвлөж байна. Хэн хэндээ хүндэтгэлтэй, соёлтой хөдөлгөөнд оролцсоноор зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, цаашлаад иргэд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирохгүй байх боломжтой гэв.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Холбоотой мэдээ