Монгол Улсын Ардын жүжигчин Э.Амартүвшин өнөөдөр /2023.08.04/ Италийн Верона хотын задгай тайзнаа энэ цагийн дуурийн ододтой "Риголетто" дуурийн гол дүрд дуулах болжээ. Тал нутгийн хүү тэрбээр өдгөө Италийн хамгийн эртний алдартай задгай тайз болох Верона хотын Аренад Ж.Вердийн суут бүтээл “Риголетто” дуурийн Риголеттогийн дүрээр танигдаж, дуурийн эх орныг уулга алдуулж яваа.
"Ньюс" агентлаг өнгөрсөн 2022 оны “ОНЫ ХҮН”-ээр ЭНХБАТЫН АМАРТҮВШИНГ нэрлэсэн билээ.
Тэрбээр анх 2010 онд Оросын алдарт дуучин Галина Вишневскаягийн нэрэмжит уралдаанд оролцоод, нэгдүгээр түүврээсээ хасагдсан байна. Үүний дараа Парист болсон уралдаанд шилдэг 20 дуучны нэгээр шалгарчээ. Ийнхүү тэрбээр амжилт руу алхам алхмаар дөхсөөр л байв. Харин 2011 онд Буриадад болсон “Вайкаль” олон улсын уралдаанд түрүүлж, тэр жилдээ Чайковскийн нэрэмжит олон улсын тэмцээнээс хоёрдугаар байр болон үзэгчдийн нэрэмжит шагналыг эх орондоо авчирсан юм. Үүнээс хойш монгол залуугийн нэр дэлхийд шуугиан тарьж эхэлсэн түүхтэй.
Э.Амартүвшин 2015 онд дуурийн урлагийн оргил, дэлхийн шилдэг дуучин шалгаруулах “BBC Cardiff Singer of the World” наадмын хоёр том шагналын нэгийг хүртсэн билээ. Э.Амартүвшин одоо дэлхийн алдартай тайзан дээр жинхэнэ мэргэжлийн дуучин гэдгээ харуулахаар хөдөлмөрлөж буй.
Холбоотой мэдээ