Н.Эрдэнэхүү: Энэ жил анх удаа хорт хавдарт "дархлаа" эмчилгээг ашиглана

Хуучирсан мэдээ: 2023.08.04-нд нийтлэгдсэн

Н.Эрдэнэхүү: Энэ жил анх удаа хорт хавдарт "дархлаа" эмчилгээг ашиглана

Н.Эрдэнэхүү: Энэ жил анх удаа хорт хавдарт "дархлаа" эмчилгээг ашиглана

Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/-ийн элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын тасаг үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ойг угтаж зохион байгуулж буй “Элэгний 7 хоног”-ийн талаар өнөөдөр тус төвийн ерөнхий захирал /2023.08.04/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.


ХСҮТ-ийн ерөнхий захирал Н.ЭРДЭНЭХҮҮ: 

Монгол Улсын Засгийн газар, Хавдар судлалын үндэсний төвөөс хүний нөөцийг чадавхижуулах чиглэлд анхаарахаас гадна, техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, шинэ тоног төхөөрөмжийг эх орондоо нутагшуулж, хүн ардын эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлэхийг эрхэм зорилгоо болгож ирлээ. Энэ үүргийг ХСҮТ-ийн эмч, эрүүл мэндийн ажилтнууд амжилттай гүйцэтгэж ирлээ. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд элэг, цөс, нойр булчирхайн хавдрын эмчилгээг цогцоор нь хөгжүүлэхэд тодорхой ахиц дэвшлүүд гарлаа.  Мэс заслыг өөр түвшинд хүргэсэн.

Өмнө 500 мг-аас дээш цус алдаад ширээн дээрээ нас бардаг байсан хагалгаа одоо манайд энгийн хагалгаа болсон. Хамгийн өндөр ач холбогдол нь энэ. Тухайн үед боломжгүй мэт сонсогдож байсан хагалгаанууд өнөөдөр манай тасагт хийгддэг болсон.

Тиймээс ирэх долоо хоногоос элэг, цөс, нойр булчирхайн хавдрын долоо хоногийг зохион байгуулахаар боллоо. Түүнчлэн ХСҮТ-ийн  Элэг, цөс нойр булчирхайн хавдрын тасаг байгуулагдсаны 15 жилийн ой тохиох гэж байна. Өнгөрсөн хугацаанд жилдээ 800-1000 орчим элэг, цөс, нойр булчирхайн хагалгаа хийгдсэн байна. Амжилт сайн байгаа. Дэлхийн түвшинтэй харьцуулахад хоцрогдсон зүйл байхгүй. Өнгөрсөн зургаан жилд хавдраар өвдсөн иргэний  таваас дээш жил амьдрах хувь нь 10 хувиас дээш болсон байна. Энэ 10 хувь гэдэг тийм амар тоо биш л дээ. Түүнээс өмнөх жилүүдэд энэ тоо дөрөвхөн хувь байсан. Энэ бол ХСҮТ-ийн Элэг, цөс, нойр булчирхайн хавдрын тасгийн хамт олны харилцаа холбоо, хүний нөөц чадавхижсантай шууд холбоотой. Жил ирэх тусам хавдраар өвчилж байгаа иргэдийн тоо өсч байна.

Тухайлбал, 2021 онд жилд 6000 гаруй иргэн хавдраар өвчилж байсан бол 2022 онд 6882 иргэн хавдраар өвчилсөн дүн мэдээтэй байна. Энэ тоо цаашид 7000 давах магадлалтай байна. Өвчлөлийн тоо нэмэгдэж байна. Өвчлөлийн хэрээр нас баралт нэмэгдсэн эсэхийг аваад үзвэл багассан байна.

2021 онтой 2022 оны дүн мэдээг харьцуулахад 200 гаруй тохиолдлоор буурсан. Хавдрын тоо өсөхөд Монгол Улсын Засгийн газраас эрт илрүүлэг үзлэг оношилгоонд орон даяар бүх иргэдийг хамруулах ажил  зохион байгуулж байгаа нь нөлөөлсөн. Хэдийгээр хавдраар өвдсөн ч гэсэн таваас дээш жил амьдарч байгаа иргэдийн тоо  жил бүр хоёр хувиар нэмэгдэж байгаа нь сайн хэрэг. Гэсэн хэдий ч хожуу шатанд илэрч байгаа тохиолдлын тоо буурахгүй байна. Хавдар дотроо ходоодны хорт хавдрын тохиолдол нэмэгдсэн. Тиймээс ирэх долоо хоногт зохион байгуулагдах ХСҮТ-ийн элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын тасаг үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ойг угтаж, энэ салбартаа тэргүүлэгч дэлхийн эмч мэргэжилтнүүд Монголд хүрэлцэн ирнэ.

Япон, Солонгос, Франц,  ОХУ, БНХАУ, Казахстан зэрэг олон улсаас эрдэмтэн, судлаачид, эмч, мэргэжилтнүүд ирэх юм. Тэдний нэг удаагийн лекц маш өндөр төлбөртэй болдог. Монголд ямар ч үнэ төлбөргүй болох учраас энэ боломжийг эрүүл мэндийн салбарынхан бүү алдаасай гэж хүсч байна.

Олон улсаас ирсэн зочид Монгол Улсын эмч, мэргэжилтнүүд, эмнэлгийн тусламж үйлчилгээнд үнэлгээ өгөхөөс гадна Монголын эмч, мэргэжилтнүүд тэднээс суралцах боломж нээгдэж байна. Өөрөөр хэлбэл, олон улсын эмч, мэргэжилтнүүдийн хийж байгаа хагалгааны үеийн үйл явцыг цахимаар шууд дамжуулж эмч, мэргэжилтнүүддээ харилцан туршлага судлах боломж нөхцлийг бүрдүүлнэ.  Түүнчлэн элэг, цөс, нойр булчирхайн хавдрын чиглэлээр орчин үед ямар эм, эмчилгээ, мэс засал, эмнэлгийн ямар шинэ арга барил нэвтрүүлж байгааг судлах, суралцах боломж бүрдэж байна.

Мөн “Элэг бүтэн Монгол” төслийн хүрээнд олон амжилт гаргасан. Түүний хажуугаар эмийн эмчилгээ, химийн эмчилгээ, туяа эмчилгээ гэсэн цогц эмчилгээг ХСҮТ-д нутагшуулснаар хавдрын тусламж үйлчилгээг цогцоор нь  хүргэх боломжтой болсон. Өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, гаргасан амжилтуудаа салбарынхандаа болон олон нийтэд танилцуулах гэж байна.

Энэ жилээс эхлэн анх удаагаа хавдрын эмчилгээнд  "дархлаа" эмчилгээг нэвтрүүлэх гэж байна. Дархлаа эмчилгээ гэдэг бол хамгийн сүүлийн үеийн эмчилгээ.  Одоо хэрэглэж байгаа хими эмчилгээний тухайд хавдрын эсийн эсрэг бүх биеийг нь хордуулж устгадаг. Энэ бол суурь эмчилгээ.  Үүний хажуугаар бай эмчилгээ буюу тухайн хавдрын эсэд нь тохирсон эмчилгээг хийдэг. Харин дархлаа эмчилгээний  тухайд хүний биеийн дархлаа эсүүдийг идэвхижүүлж, дархлаа эсүүдээр дамжуулж хавдрыг устгах эмчилгээний шинэ технологи Монгол Улсад нэвтрэх гэж байна.

Үнэ өртгийн хувьд өндөр учраас өмнө нь хэрэглэж чаддаггүй байсан. Тэгвэл хэд хэдэн байгууллагын хоорондын хамтын ажиллагааны хүрээнд гэрээ байгуулснаар дархлаа эмчилгээг хавдрын эмчилгээнд хэрэглэгдэх боломжтой болж, хавдраар өвдсөн иргэдийн амьдрах хугацаа тодорхой хэмжэгээгээр нэмэгдэх боломжтой боллоо.  Ийнхүү дэлхийд хамгийн сүүлийн үед хийгдэж байгаа дархлаа эмчилгээг Монголдоо нэвтрүүлэх болсондоо баяртай байна гэдгийг тодотгосон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж