Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар гоонь эрчүүдээ эхнэртэй болгох зорилгоор “Алтайн залуус” чуулга уулзалтыг зохион байгуулж байсан юм. Нэг жилийн өмнө зохион байгуулсан дээрх арга хэмжээний хүрээнд танилцсан хосуудаас гурав нь өчигдөр /2023.08.03/ хуримаа хийжээ. Хосуудад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нар өргөө цагаан гэр бэлэглэсэн бол Говь-Алтай аймгийн зүгээс тус бүр 50 бог мал өгөхөөр болжээ.
Цаашдаа ч нутаг орондоо гэр бүл болон амьдрах залууст тус аймгийн Засаг даргын Тамгын газраас 50 бог мал таслан өгч, дэмжих болжээ.
Ирэх жил УИХ-ын сонгууль болно. Тиймээс сонгуульд өрсөлдөх санаархалтай улстөрчдийн хувьд аймаг, сум үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадам олз болж, бэлэг тарааж, хандив өргөж байна. Хантайшир уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн үндэсний их баяр наадмын үеэр Соёлын сайд Ч.Номин Говь-Алтай аймгийн ерөнхий боловсролын сургуулиудад Элон Маскын "Старлинк"-ийн төхөөрөмж тарааж, олныг шуугиулсан бол сайд Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нар зүгээр суусангүй, залуу хосуудад гэр бэлэглэв.
Г.ХОРОЛ