Баянгол дүүргийн хэмжээнд 2023-2024 оны хичээлийн жилд 4 сургуулийн ачаалал нэмэгдэх төлөвтэй байна. Гурван ээлжийг шийдвэрлэх ажлын хэсэг өнөөдөр /2023.08.04/тус дүүрэгт ажиллах үеэр асуудал нь хүндэрч байгаа сургууль, цэцэрлэгийн удирдлага болон гүйцэтгэгч компанийн төлөөлөлтэй уулзаж дундын шийдлийн талаар хэлэлцлээ.
Гурван ээлжээр хичээллэж болзошгүй сургуульд дараах сургуулиуд багтаж буй аж.
- Эрдмийн өргөө цогцолбор нь Монгол Улсын хамгийн олон буюу 6200 сурагчтай сургууль. Хичээлийн хоёр байртай. Өргөтгөл болох 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажил 2018 онд эхэлсэн. Барилгын ажлын явц 90 орчим хувьтай үргэлжилж байна. Үлдэгдэл санхүүжилтийг шийдвэрлэж энэ хичээлийн жил эхлэхэд хүлээн авна.
- 28 дугаар сургуулийн тухайд мөн ачаалал өндөртэй сургуулиудын нэг. Барилгын ажлын явцад анхны зураг дээр нэмэлтээр сургуулийн барилгуудыг хүзүүвчээр холбох, гадна фасадыг өөрчлөх зөвлөмжийг холбогдох байгууллагууд өгсөн байдаг. Энэ зөвлөмжүүдээс үүдэлтэйгээр барилга ашиглалтад орох хугацаа хойшлохоор байсан юм. Хэлцлийн үр дүнд барилгын зурагт өөрчлөлт орохгүй байхаар зохицуулах, энэ хэрээр ажил урагшлах боломжтой гэсэн шийдэлд хүрсэн.
- Тус дүүргийн 18, 26 дугаар хорооны сургуулиудын тухайд түрээсийн байранд тодорхой ангиудыг хичээллүүлэхээр богино хугацааны шийдэлд хүрээд байна.
4. Богд Ар хороололд баригдаж байгаа цэцэрлэгийн хувьд барилга угсралтын ажил 2019 онд эхэлсэн. Өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй. Төсвөөс санхүүжилтээ бүрэн авсан. Даваа гаригт хуралдах техникийн зөвлөлийн хурлаар асуудлыг эцэслэн шийдвэрлэхээр болжээ.
Улаанбаатар хотын хэмжээнд ирэх есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жил эхлэхэд нийт 47 сургууль гурван ээлжээр хичээллэж болзошгүй байгаа юм. Иймд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан уржигдраас эхлэн дүүргүүдэд ажиллаж эхэлсэн. Хамгийн эхний өдөр Сонгинохайрхан дүүрэгт ажилласан бол өчигдөр Сүхбаатар, харин өнөөдөр Баянгол дүүрэгт ажиллаад байгаа юм.
Сүхбаатар дүүргийн 4 сургууль 3 ээлжээр хичээллэж болзошгүй байна
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан 2023-2024 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангах хүрээнд нийслэлийн дүүргүүдэд ажиллаж, гурван ээлжээр хичээллэж болзошгүй байгаа сургуулиудад авах арга хэмжээний талаар талуудыг оролцуулан шийдэл гарган ажиллаж буй.
Тэгвэл өчигдөр /2023.08.03/ Сүхбаатар дүүргийн сургуулиудын барилгын явцын мэдээлэлтэй танилцлаа. Тус дүүргийн хэмжээнд 2023-2024 оны хичээлийн жилд 4 сургуулийн 1477 суралцагч 3 ээлжээр хичээллэх эрсдэлтэй байна.
Иймээс дараах зохицуулалт хийхийг үүрэг болгожээ. Үүнд, нийслэлийн 31, 71 дүгээр сургууль болон 12 дугаар хороонд баригдаж буй 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлыг энэ онд багтаан дуусгах,
Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд баригдаж буй 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын бохир зайлуулах шугамыг яаралтай шийдвэрлэх,
“Агар дүнз” ХХК, “Мана- Гал” ХХК-иудтай байгуулсан гэрээг цуцлах хүртэлх арга хэмжээ авах,
Нийслэлийн 149 дүгээр цэцэрлэгийн барилгын ажлын гэгээвчний төсвийг судалж, шийдвэрлэхээр боллоо.