АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхөөр ажиллаж буй комедиан Н.Амаржинтай ярилцлаа.
-Та АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхөөр ажиллах саналыг хэрхэн хүлээн авсан гэдгээс хоёулаа ярилцлагаа эхлүүлье. Комедиан Н.Амаржин хэзээнээс намын гишүүн болчхов оо?
-Ер нь комедиг чөлөөт цагаараа хийдэг байсан. Гэхдээ одоо нийгэм рүү чиглэсэн улс төрийн ажлыг илүү түлхүү хийнэ. Цагаа ч мөн тэр тал руу хуваарилж байна. Энэ оны дөрөвдүгээр сард АН нэгдээд, маргааш нь намын дарга удирдлагуудтай уулзаад шинэчлэх тухай ярьсан. Ялангуяа “салхи оруулах” шаардлага байгаа тул энэ ажилд намайг оролцох хэрэгтэй гээд хоёр талаасаа яриад дөрөвдүгээр сараас эхлэн даргын саналыг зөвшөөрсөн. Одоо залуус руу чиглэсэн ажил хийгээд явж байна.
-Залуусын дуу хоолой болж, тэдэн дээр “фокус”-лаж ажиллах нь байна тийм үү?
-Намын даргын байр суурь мөн л тийм байна лээ. Залуусын сонгууль болох ёстой гэдэг. Шинэчилж, шаардлагатай шинэчлэлийг өөрийн бүрэн эрхийн хүрээнд гардаад хийнэ. АН зайлшгүй шинэчлэгдэх ёстой. Хоёр сонгууль дараалж навс ялагдсан шүү дээ. Тиймээс АН залуусаа дэмжих байр суурьтай байгаа. Миний хийж чадах юм бол ерөөсөө л залуучуудаа уриалах. Зөвхөн намын томилгоогоор явбал улс орон хөгжихгүй нь ээ гэдэг талаас нь хэлнэ, уриална. Ганц би ч биш, ер нь нам дотроо үүнийг ярьж байна. Тэр талаас нь залуусаа дэмжиж, шордож, шахаж, шаардаж ажиллая гэж бодож байна.
АМЕРИКААС ИРЭЭД 11 ЖИЛИЙН ДАРАА НАМД ЭЛСЧ БАЙНА
-Олон нийтийн шүүмжлэлийг хэрхэн хүлээн авч байна вэ. Хэд хоног таны томилгооны талаар шүүмжлэл явлаа…?
-Мэдэхгүй ээ. Гэхдээ гадарлаж байна л даа. Дуучин, бөхчүүд улс төрд байсан бол одоо хошиг шог гэх л байх. Яах вэ дээ, би комедид маш дуртай. Хоббигоороо бахархдаг. Хүн болгонд хобби байгаа. Хүмүүс ганцхан комедигоор намайг мэддэг. Хүмүүсийн бодол ч яах вэ. Би боловсролын салбарт ингэх хэрэгтэй, нийгэмд ингэх хэрэгтэй гээд дураараа сошиалд донгосдог хүн шүү дээ. Дуу хоолойгоо өргөөд л.
Ер нь АН-ын үнэт зүйл зарчим, хэн нэгнийг ингэж дураар нь байлгахад орших ёстой гэж боддог. Намд элсвэл элсэхээр цаг хугацаа зөндөө байлаа. Америкад сургуульд суралцаж, төгсч ирээд 11 жилийн дараа намд элсч байна. Уг нь улс төрөөр төгссөн. Энэ хугацаанд намд элсэнэ гэж бодоогүй. 2012 оны тавдугаар сард төгсч ирсэн. Тухайн үед буюу 2012-2016 онд АН засаглаж байлаа. Засаглаж байх үед нь ороод байх сонирхол байгаагүй. 2016 оноос хойш даргын асуудал яригдаад аймар олон фракцад хуваагдаад, тамга тэмдгийн асуудал гэхчлэн маргаантай явж ирлээ. Гэхдээ энэ хугацаанд АН-ын үзэл санааг дэмждэг хэвээр байлаа. АН-ыг дэмжихгүй он жилүүд бас байсан. Тиймээс залуу хүний хувьд улс төрийнхөө сонголтыг хийлээ. Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж байна.
АН нэгдээд, асуудал жигдэрхэд нь “АН-д элсье” гэдэг шийдвэр гаргасан. Элссэний дараагаар намын удирдлагууд “залуусаа ахалж ажиллаач ээ” гэдэг хүсэлт тавьсан.
Энэ процесс нь хөнгөхөн болдог юм билээ. Одоо 9-н дүүргээр залуусыг цуглуулаад өөрсдөд нь хэрэгтэй лекц уншиж байна. Залуус руугаа чиглэсэн ажлыг хийж байна. Бид залуусын дуу хоолойг хүргэх платформ дээр ажиллаж байгаа. Том хөдөлгөөн болгоно. Залуусаас ирсэн мессежүүдийг институци рүү дамжуулдаг платформ дээр ажиллаж байна.
-АН ер нь шинэчлэгдэж чадах уу. Сүүлийн хоёр жил АН хүчтэй сөрөг хүчтэй байж чадсангүй гэх шүүмжлэл олон нийтийн дунд байгаа. Ер нь сөрөг хүчнийхээ ажлыг идэвхжүүлэх талаар ямар бодолтой байна вэ?
-Үнэмлэхүй ялдаг талд нь гарах шиг амархан юм байхгүй л дээ. Хүнийг насаар ялгаварлаж байгаа юм биш. Гэхдээ намын удирдлагууд шинэ, залуу хүмүүсээ дэвшүүлэх итгэл үнэмшилтэй явж байгаа. Өмнөх алдаан дээрээ дүн шинжилгээ хийгээд 2024 оны сонгуульд арай аятайхан "үзэх" байх гэж найдаж байна. МАН-ын туршлагаас харж байхад сонгуульд ялах нэг хэрэг, улс удирдах нь өөр хэрэг юм байна. Зөвхөн сонгуульд ялалт байгуулах бус улс орныг удирдах, тэнд мэддэг чаддаг хүмүүсийг нь тавихаар ямар гоё үр дүн гарч байна вэ. Би АН талдаа байгаа ч гэсэн өнөөдөр IT-ийн салбар ямар гоё байна вэ. МАН бас нэг талаараа салбараа мэддэг хүмүүсийг тавьж чадаж байгаа нь авууштай. Тэгэхээр хэрвээ засаглавал, эвсвэл чаддаг, чаддагийг нь тохирох салбарт нь томилох хэрэгтэй. Мэргэжлийн бус нам дагасан хүмүүсээ томилоод байвал юу ч өөрчлөгдөхгүй. Эмч, инженер, докторуудаа сонсдог байя.
Хөгийн амбицаасаа болж сандал суудал булаацалддаг биш асуудлыг арай өөрөөр шийдье гэдэг итгэл үнэмшил байна. Угаасаа улс төр ямар билээ, миний ярьснаар болчихгүй шүү дээ.
– Л.Гантөмөр даргатай нэлээд ойр ажиллаж байгаагийн хувьд залуусыг дэмжих тал дээр санаа оноо хэр солилцож байна вэ?
-Мэдээж ойр ажиллаж байгаа. Санаа оноо солилцож байгаа. Гэхдээ би улс төрийн шийдвэр, “дээгүүрээ” юу болдгийг мэдэхгүй. Ямар ч байсан платформоо хийж, залуустай уулзалт хийгээд явж байна. Дээрээс нь залуусын хүсч буй IT хиймэл оюун ухааны мундаг залуустай яаж хамтарч ажиллах вэ гэдэг дээр 5-6 ажил төлөвлөөд явж байна. Саяхан Хөвсгөлд эдийн засгийн форумыг зохион байгуулж, өөрийнхөө бизнесийн туршлагаас хуваалцсан. Энэ эвентийн үеэр АН-ын гишүүд жинхэнэ утгаараа ардчилалтай явна гэдгээ хэлж байна лээ. Ялангуяа бизнес эрхлэгчдээ дэмжих агуулгаар таван аймгийн залуустай уулзалт хийлээ.
ХОЛИМОГ ТОГТОЛЦООГ ХОЁР ГАРАА ӨРГӨӨД ДЭМЖСЭЭР ИРСЭН
-Намд элсэхээр даргын “цүнх баригч” боллоо гэж шүүмжлэх нь бий. Энэ талаар ямар байр суурь илэрхийлэх вэ?
-Барих цүнхийг нь цаанаас нь өгдөг юм болов уу. Өөрөө авчирдаг юм болов уу. Би ерөөсөө цүнх хараагүй шүү. Би ч гэсэн муусайн цүнх баригчид гээд шүүмжилдэг. Би одоо байгаа нэрийг өөрөө бүтээсэн. Амьдралаа ч гэсэн бүтээгээд хоёр сайхан хүүхдийн аав боллоо. Энэ хугацаанд 10 мянга гаруй хүүхдэд хичээл заалаа. Хэдэн ч хүнд станд ап комемидогоор өөрийн үзэл бодлоо хүргэсэн юм бүү мэд. Ер нь хүн юу гэж хэлэхийг контролдож чадахгүй. Элдвээр л хэлэх байх. Хамгийн гол нь өмнө нь намайг комеди хийж байхад доромжилж байсан хүмүүс өнөөдрийн Н.Амаржинг бий болгосон. Би сошиалаар нүдүүлээд сурчихсан, дөжирчихсөн. Мунаар цохисон ч яах ч үгүй болсон доо.
-Цаашдын төлөвлөгөөгөө хуваалцахгүй юу?
-Дарга нар нь хэнийг хаана дэвшүүлэх үү, ямар мөрийн хөтөлбөрөөр ажиллах уу гэдгээ мэдэж байгаа байх. Залуусын дуу хоолойг дарга нарт хүргэнэ гэхээс илүү хэдүүлээ залуучууд руугаа чиглэж юу хийх вэ гэдэг дээр дунд нь орилоод байж байя гэж бодож байна. Жишээ нь хиймэл оюун ухаанаар дамжуулж хиймээр байгаа гоё прожектүүд байгаа. Боловсролын реформыг хиймээр байна. Боловсролын сайд 1.3 их наяд төгрөгийн төсөвтэй. Гэхдээ энэ мөнгөөр юу хийгээд байгаа юм бэ. Залууст боломжийг бүрдүүлэх гэдэг тал дээр АН, МАН ч бай тэр тал дээр илүү ажиллахгүй бол амьдралаас тасарчихсан байна шүү.
Яадаг юм бэ, Залуу “cool” лидертэй больё гээд байгаа юм. Хүмүүс дэвших гээд байгаа юм уу гэдэг. Тэр бол миний мэддэг асуудал биш.
-Сүүлийн хэдэн сар улс төрд өрнөсөн үйл явцыг хэрхэн дүгнэв. Үндсэн хуулийн өөрчлөлт, гишүүдийн тоо гэхчлэн тогтолцоотой холбоотой өөрчлөлтүүд батлагдсан. Энэ талаар байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Дэмжиж байгаа. Нэг гишүүний эрх мэдэл багасах нь зөв. Гэхдээ ганцхан тэр аргумент байж болохгүй. Холимог тогтолцоог хоёр гараа өргөөд дэмжсээр ирсэн. Энэ сэдвээр АНУ-д сурч байхдаа дипломын ажил бичиж байлаа. Хувь тэнцүүлж байгаа учраас, хүн болгоны дуу хоолой гэдэг үүднээс дэмждэг. Энэ бол миний мэдэх хамгийн зөв хувилбар байх. Гишүүдийн тоотой холбоотой хэлэхэд хэрвээ 126 гишүүний 66 нь коммунист хулгайч байвал “дуусаа” шүү дээ. Гэхдээ энэ өөрчлөлтийн үр дүнг 4 жилийн дараа харах байх.
-Сүүлийн жилүүдэд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хумигдаж байгааг олон үйл явдал харууллаа. Та энэ талаар ямар бодолтой байна?
-Ардчиллын индекс буурсан байсан. Шалтгаан нь Ерөнхийлөгчийн сонгуулиас болсон гэдэг тайлбар байна лээ. Ер нь юу болсныг бүгд мэдэж байгаа. Хүмүүсийг үгээ хэлсний төлөө барьж хорьдог боллоо. Ардчилал, эрх чөлөө хүний эрх гэдэг концепцийг бид мэдэхгүй биш мэднэ. Ардчилал бол надтай цацуу. Ардчиллын индекс багасч байна гэдэг маш том ухралт гэж хувьдаа бодож байна. Энийг сэргээх ёстой. Сошиалын цаанаас аливаа зүйлийг эмоциороо харах гээд байдагт би дургүй. Юм л бол “ал, цаазал, дүүжил” гэдэг. Тиймээс ардчиллынхаа үнэ цэнээс ухарч болохгүй. Зүүн өмнөд Ази, Африкийн орнууд, Өмнөд Америк гэхчлэн тэдэн шиг байж болохгүй. Нэг талд нь үнэмлэхгүй ялахаар дунд шатны дарга нар буюу “даам” гарчихсан гарууд байна шүү дээ. Сонгуулийн дараа эвсээд засаг байгуулбал бие биенээ хянаад арай дээр болох байлгүй. Тэгж найдаж байна.
-Одоо цаашдаа комедигаа хийх үү?
-Би ноднин “Одоо яаана аа” гэдэг special тоглолтоо хийсэн. Тэрнээс хойш ер нь комеди хийгээгүй. Шинэ жоке бичээгүй. Сая европоор аялан тоглолтоор явчихаад ирсэн. Би комедид маш дуртай. Энэ бол толгой шаардсан ажил. “Чамтай цуг инээж байгаа бол чи комедиан, чам руу инээж байгаа бол чи алиалагч” гэдэг. Ялгаа нь энэ.
Ярилцсанд баярлалаа.
Холбоотой мэдээ