"News" агентлагийн редактор Ж.Нямсүрэн АНУ-аас мэдээлж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийж буй айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд АНУ-ын Тээврийн сайд Пит Бүттэжэйж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхсан юм. Энэ үеэр Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт хоёр улсын тээврийн сайд нар гарын үсэг зурлаа. Мөн Тээврийн салбарын харилцан сонирхсон асуудлаар хамтран ажиллах тухай санамж бичиг байгууллаа.
АНУ-МОНГОЛЫН ХООРОНД ДОЛОО ХОНОГТ ХОЁР УДАА НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ
Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын дуулгаснаар МИАТ компани ирэх 2024 оны гуравдугаар улирлаас АНУ-Монголын хооронд шууд нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа аж. Шууд нислэг үйлдсэнээр нислэгийн хугацаа 2-3 дахин багасах аж. Эдийн засгийн хувьд иргэн болон компанид үр ашигтай байх гэнэ. Монголчууд дамжин нислэгийн цаг хугацаа, зардал мөнгөө хэмнэх, МИАТ компанийн хувьд ашиг олох боломжтой юм байна. Монголчууд жилдээ 41 сая ам.долларыг АНУ-ын нислэгт зарцуулдаг. Жилдээ 60 мянган монгол АНУ руу дамжин нислэг үйлддэг. Энэ мөнгийг дотооддоо шингээхээс гадна өвлийн үед Тайланд, Вьетнамаас дамжин нислэг авахаар төлөвлөж буйгаа салбарын сайд нь мэдээллээ.
“МИАТ”-ийн хувьд хил нээгдсэнээр чамгүй ашиг орлоготой ажиллаж эхэлсэн гэж тус компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир ярилаа. “МИАТ” компани өнөөдрийн байдлаар 13 чиглэлд нислэг үйлдэж байгаа. Үүнээс Европ руу хоёр, Ази руу 11 нислэг үйлдэж байна. АНУ-Монголын хоорондын нислэгийн тийзийн үнэ 50 хувь байх болов уу гэж урьдчилсан байдлаар тооцож байгаа аж. Одоогоор АНУ -руу долоо хоногт хоёр удаа нислэг үйлдэх юм байна. С.Бямбацогт сайд хэлэхдээ нислэгийг Сан Франциско руу хийхээр төлөвлөсөн. Гэхдээ хаашаа, хэдэн удаа нислэг хийх нь нээлтэй асуудал гэв.
БОЙНГ 787 ОНГОЦ ХОЁРЫГ ТҮРЭЭСЭЛНЭ
Энэ сарын 10-ны өдөр агаарын шинэ хөлгөө хүлээж авах гэнэ. Хоёр дахь хөлгийг ирэх оны гуравдугаар сард хүлээж авах юм байна. Уг хөлөг нь өргөн биетэй, 14 мянган километр буухгүй нисэх техникийн боломжтой аж. Мөн 296 зорчигчийн суудалтай. Эдгээрээс 16 нь бизнес, 21 нь тусгай, 259 нь энгийн суудал юм. Мөн "В767" маягийн агаарын хөлөгтэй харьцуулахад түлшний зарцуулалт 20 хувиар бага тул байгальд ээлтэй, техник эдийн засгийн үр ашигтай аж. Боинг 787 нь 1110 км/цаг хүртэл хурдлах чадамжтай иргэний нислэгийн хамгийн хурдан онгоцнуудын нэг юм.
АНУ ДЭЛХИЙН 130 УЛСТАЙ АГААРЫН ТЭЭВРИЙН ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛСАН
АНУ нь дэлхийн 130 улстай (Европын Холбоо болон гишүүн орнуудыг оролцуулаад) Агаарын тээврийн тухай хэлэлцээр байгуулсан. Монгол Улсын Засгийн газар 39 улсын Засгийн газартай Агаарын харилцааны тухай хоёр талын хэлэлцээр байгуулсан, бөгөөд эдгээрээс 27 улс нь АНУ-тай Агаарын тээврийн тухай хэлэлцээр байгуулжээ.
Агаарын тээврийн тухай хэлэлцээрийн үндсэн зарчмууд нь:
➢ Агаарын тээвэрлэгчдийн үйлдэх нислэгийн маршрутын хувьд нээлттэй байна;
➢ Нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчдийг хоёр талаас томилгоо хийхгүй бөгөөд шаардлага хангасан агаарын тээвэрлэгчид хоёр улсын хооронд нислэг үйлдэх боломжтой;
➢ Хоёр улсын хооронд үйлдэгдэх нислэгийн багтаамж, давтамж, агаарын хөлгийн маяг зэрэгт аливаа хязгаарлалт тавихгүй бөгөөд агаарын тээвэрлэгчид зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан нислэгийн давтамж, багтаамжийг өөрөө тогтоох эрхтэй;
➢ Агаарын тээвэрлэгчид нь Хэлэлцэн тохирогч нөгөө талын нутаг дэвсгэрт газрын үйлчилгээг өөрөө гүйцэтгэх эрхтэй;
➢Аяллын дугаар хамтран ашиглах зохицуулалтыг хоёр талын болон гуравдагч улсын агаарын тээвэрлэгчидтэй хамтран нислэг үйлдэх эрхтэй;
➢ Нислэгийн тарифыг агаарын тээвэрлэгчид чөлөөтэй тогтоох, зэрэг болно.
Энэхүү Агаарын тээврийн тухай хэлэлцээр нь Олон улсын иргэний нисэхийн тухай 1944 оны Чикагогийн конвенцод нийцүүлэн, хоёр орны нутаг дэвсгэрийн хооронд болон хилийн чанадад агаарын харилцаа тогтоох зохицуулалтыг тохирсон, олон улсын нийтлэг жишгээр байгуулсан, агаарын харилцааны чөлөөтэй харилцааг зохицуулсан хэлэлцээр юм.
Холбоотой мэдээ