Энэ оны наймдугаар сарын 1-нээс Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн наймдугаар тогтоол хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр хоёрдугаар шатлал буюу дүүргийн зарим нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхэд 13А маягт шаардах болжээ. Эл шийдвэр нь хоёр дахь шатны эмнэлгээр үйлчлүүлэгчдэд чирэгдэл учруулаад зогсохгүй Өрхийн эмнэлгүүдийн ачааллыг нэмж, маягт программд шивүүлэхэд их цаг шаардаж байгаа учир энэхүү шийдвэрээ эргэж харахыг иргэд хүсч байна.
Өнгөрсөн Мягмар гаригаас /2023.08.01/ хэрэгжиж эхэлсэн тус тогтоолын дагуу Өрхийн эрүүл мэндийн төвүүд маягт шаардлагатай нарийн мэргэжлийн эмчийн үзлэг буюу:
- дотор,
- зүрх судас,
- мэдрэл,
- хүүхэд,
- дотоод шүүрэл,
- эмэгтэйчүүд,
- жирэмсэн эхчүүд дүүргийн эмнэлгийн амбулаторид үзүүлэхэд заавал 13А-тай очих ёстой аж.
ЭМДЕГ ТУС ТОГТООЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ГЭВ
Энэ талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар/ЭМДЕГ/-аас тодруулахад "Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн наймдугаар тогтоол хэрэгжиж эхэлсэн. ЭМДЕГ бол зөвхөн хэрэгжүүлэгч учраас ЭМЯ-наас энэ талаар тодруулах хэрэгтэй. Бүх шатны эмнэлэгт үзүүлэхэд 13А шаардахгүй.
Тодорхой заасан нарийн мэргэжлийн эмчийн амбулаторийн үзлэгт хамрагдахад 13А шаарддаг болсон. Өрхийн эмнэлгээсээ маягт авч программд нэрээ оруулснаар үзлэгийн төлбөр ЭМД-аар төлөгдөнө" гэсэн юм.
Тус тогтоолтой холбоотой мэдээллийг emd.gov.mn сайтаас харах боломжтой. Эмч нар ч энэ тогтоолд бухимдалтай байгаагаа илэрхийлж, өрхийн эмнэлгийн ачаалал нэмэгдэж байгаагаас гадна программд нэвтрэхгүйгээс болж үзлэгийн хүнээ авч чадахгүй, хүлээлгэхгүйгээр үзэхээр Эрүүл мэндийн даатгалын сангаас гүйцэтгэлээ авч чадахгүй байна гэж үүсч буй хүндрэлийг тодотгож буй.
ЭМЯ: НААДМЫН ӨМНӨ ЭМДҮЗ VIII ТОГТООЛЫГ БАТАЛСАН
Эрүүл мэндийн яамнаас холбогдож асуухад "ЭМДҮЗ-ийн хурлаар наадмын өмнө тус наймдугаар тогтоолыг баталсан. Хэрэгжилттэй холбоотой олон талын сэтгэгдлүүд бий. Гэхдээ энэ бол цоо шинэ зүйл биш. 13А маягтыг өмнө нь цахимаар авах журам 2019 онд гарсан байдаг. Хэрэгжилтийн хувьд хангалтгүй байсан бөгөөд энэ сарын 1-нээс хэрэгжилтийг цахимжуулж байгаа.
13А маягт яаралтай тусламжид хамаарахгүй. Харин дүүргээс шууд цаг авч үзүүлдэг зарим нарийн мэргэжлийн эмч нарийн тусламж үйлчилгээнд хамааралтай.
Программ гацаж, иргэдэд хүндрэл учруулж байгаа талаар ЭМДЕГ, тогтоолын хэрэгжилттэй холбоотой асуудлаар ЭМДҮЗ-д шууд хандаж болно. ЭМДҮЗ-д Эрүүл мэндийн сайд, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын бусад мэргэжилтнүүд бий. Ямартай ч огт байхгүй зүйлийг шинээр батлаагүй. Зөвхөн цахим хэлбэрт бүрэн шилжээгүй байсан 2, 3 дугаар шатлалын эмнэлгийн зарим нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхэд л тус тогтоол хамаарна" гэх хариултыг өглөө.
ӨЭМТ-ҮҮД: ИРГЭН ӨӨРӨӨ ҮЗҮҮЛЖ БАЙЖ ШААРДЛАГАТАЙ ТОХИОЛДОЛД 13А ШИВНЭ
Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хэрэгжиж эхлээд гурав хонож байгаа тус шийдвэртэй холбоотой мэдэгдлүүдээ гаргаад буй. Тодруулбал, иргэнд утсаар 13А маягт олгохгүй бөгөөд нэн шаардлагатай байсан ч өөрийн биеэр өрхийн эмнэлэгтээ үзүүлж байж, шаардлагатай тохиолдолд заасан нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх бол 13А шивнэ гэв.
Хэрэв энэ асуудалтай холбоотой санал байвал иргэдийг Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах төвийн 1111 төвд хандахыг мөн зөвлөжээ.
Холбоотой мэдээ