"Гар гранат / гараар шиддэг тэсрэх бөмбөг/ нь шидэх зориулалттай тул хөнгөн байдаг. Гэхдээ үүнийг дроноос унагах үед энэ нь сул тал болдог байна. Ердөө 300 грамм жинтэй тэсрэх бөмбөг нь хөнөөлт байдал бага" гэж Украины зэвсэг үйлдвэрлэгч Лёша хэлжээ. Тэгвэл Лёша найзуудтайгаа хамтран дронд зориулан 3D хэвлэх технологийг ашиглан 800 граммын жинтэй тэсрэх бөмбөгийг бүтээсэн байна. "Зайчик" /туулай/ гэж нэрлэгдсэн энэхүү тэсрэх бөмбөгийг дроноор хөөргөхөөс өмнө дотор нь "C4″ тэсрэх бодис, ган хэлтэрхийгээр дүүргэдэг аж. Туршилтын үеэр дроноос уг тэсрэх бөмбөгийг унагаахад модыг яг л "цөцгийн тос" шиг зүссэн гэж Лёша сайрхан ярив.
"Зайчик" бол Орос түрэмгийллээс хойш 17 сарын хугацаанд Украинд бий болсон хөнөөлт зэвсгийн инновацийн нэг жишээ юм. Дайн олон жил гарангийн хугацаанд сунжиран үргэлжилж байгаа тул талуудын зэвсгийн нөөц багасч эхэлжээ.
Гэхдээ боловсруулаагүй тэсрэх бодисын нөөц элбэг хэвээр байгаа аж. Үүнийг ашиглан зэвсэг сонирхогчид фронтод тулалдаж байгаа украин цэргүүдэд зориулан төрөл бүрийн зэвсгийг санаачлан үйлдвэрлэж эхэлжээ.
Лёшагийн баг өдөрт 1000 орчим тэсрэх бөмбөгийн хуванцар бүрхүүлийг хэвлэдэг байна. Харин Украины армийн зүгээс ийм бүрхүүлийг өдөрт 1500 ширхэгийг авах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Сонирхогчдын өөр нэг бүлэг болох Друк (хэвлэх) сүүлийн дөрвөн сарын хугацаанд 30,000 гаруй тэсрэх бөмбөг үйлдвэрлэдэг гэнэ.
Янис Озольс бол гадаадаас ирсэн сайн дурын зэвсгийн дархчуудын "Зэрлэг зөгий" бүлэглэлийн Латви дахь бүлгийг үндэслэгч юм. Түүний тооцоолсноор, 2022 оны арваннэгдүгээр сараас хойш Европоос дор хаяж 65,000 тэсрэх бөмбөг Украин руу тээвэрлэсэн байна. (Украины гаалийн ажилтнууд ийм ачааг хүүхдийн тоглоом, лааны суурь гэх мэтээр бүртгэн "нүдээ анин" оруулдаг гэнэ.)
3D хэвлэмэл зэвсгүүд нь үйлдвэрт үйлдвэрлэсэн төрлийн зэвсгийг шууд орлохгүй. Гэхдээ энэ нь хямдхан байдгаараа давуу тал болдог байна.
Польшийн Лодз хотын "Зэрлэг зөгий" бүлэглэлийн сайн дурын ажилтан Эмануэль Змудзински хэлэхдээ, "Том өндөг" хэмээх 27 см өндөр загварын хэвлэмэл бөмбөгийг тэсрэх бодисыг оруулалгүйгээр 3,50 еврогоос бага үнээр хийдэг. Үүнийг ердөө 1200 ам.долларын үнэтэй 3D принтер дээр хэвлэдэг байна. Мөн үйлдвэрлэлийн шугамыг шинэчлэх шаардлагагүй тул хэвлэмэл тэсрэх бөмбөгийг өөр өөр хэмжээгээр үйлдвэрлэх боломжтой. Энэ нь дроны даацад тохируулан тэсрэх бөмбөгийг төрөл бүрээр үйлдвэрлэх боломжийг олгодог байна.
Ухаалаг инноваци нь тэсрэх бөмбөгийг гайхалтай үр дүнтэй болгосон. Явган цэргийг устгах зориулалттай тэдгээр нь тэсрэх бодис савласан төв цилиндртэй.
Хоосон зайг металлын хэлтэрхийнүүдээр дүүрсэн тул бөмбөг дэлбэрэх үед хөнөөлийг нэмэгдүүлдэг байна. Оросын зэвсэгт хүчинд хэсэгчлэн эзлэгдсэн Донецк дахь Украины цэргийн албан хаагч "Дюк" хэлэхдээ, 5 кг хэвлэмэл бөмбөг буусан газраасаа 20 метрийн зайд явган цэргүүдийг устгадаг гэжээ. Түүнчлэн зарим хэвлэмэл тэсрэх бөмбөгийг хуягт техникийн эсрэг ч ашиглаж болдог гэнэ. Эдгээр тэсрэх бөмбөгийн бортогон дотор зэс, хөнгөн цагааныг шахаж, тусгайлан боловсруулсан конус хэлбэртэй болгодог. Тэсрэх бодис дэлбэрэх үед металууд нь хуяг дуулга руу нэвтрэх чадвартай хэт халсан плазм болдог байна.
Украины дронууд одоо 200 орчим төрлийн, хэмжээтэй хэвлэмэл тэсрэх бөмбөгийг ашиглаж байна гэж Дюк мэдэгджээ. Сүүлийн үед "Зэрлэг зөгий"-ийн зохион байгуулагч Озолс тэсрэх бөмбөгний нэр төрлийг багасгаж, үйлдвэрлэлийг нь стандартчилах хүчин чармайлт гаргаж байна. Ингэснээр сонирхогчдын салбар өдөр ирэх тусам мэргэжлийн болж байна.
ЭХ СУРВАЛЖ: THE ECONOMIST
Холбоотой мэдээ