Хятад улсаас чип үйлдвэрлэхэд ашиглагддаг гол түүхий эдийн экспортыг хязгаарлах шийдвэр гаргасан нь Мягмар гаригаас хэрэгжилж эхэллээ. Энэ нь АНУ, Япон, Нидерландаас Хятадын хагас дамжуулагчийн салбарт тавьсан хязгаарлалтын хариу арга хэмжээ гэж олон хүн үзэж байна.
Хятадын аж ахуйн нэгжүүд наймдугаар сарын 1-нээс эхлэн галли, германий метал болон эдгээр элемент агуулсан аливаа бүтээгдэхүүнийг экспортлохдоо лиценз авах ёстой болжээ. Судлаачдын үзэж байгаагаар Хятад улс дэлхийн галлийн үйлдвэрлэлийн 94 ба түүнээс дээш хувийг, германий үйлдвэрлэлийн 60 орчим хувийг хянадаг. Экспортын шинэ дүрэм нь нийлүүлэлтийн 40 хувийг Хятадаас авдаг Японы чип үйлдвэрлэлийн салбарт нөлөөлж болзошгүй гэж "Nikkei" мэдээлэв.
Хятад улс өнгөрсөн долдугаар сарын эхээр хязгаарлалт хийх тухай зарласан нь АНУ болон Европт галлийн үнэ бараг 20 хувиар өсөхөд хүргэсэн. Энэхүү шинэ дүрэм нь Хятадын үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхлын үүднээс хэрэгжиж байгаа боловч АНУ-аас тус улсын өндөр технологийн салбарын эсрэг тавьсан хязгаарлалтын хариу арга хэмжээ гэж үзэж байна.
Япон бол галлийг хэрэглэгч дэлхийн хамгийн том хэрэглэгч бөгөөд эдгээр шинэ зохицуулалт нь тус улсын компаниудад нөлөөлнө гэсэн үг юм.
Японы галлийн 40 гаруй хувийг хаягдал болон бусад эх үүсвэрээс, 60 хувийг импортоор авдаг бөгөөд эдгээр импортын 70 хувийг Хятадаас авдаг.
Шинэ гарсан журам нь экспортын чанар, тоо хэмжээнд нөлөөлөхгүй гэж Хятадын Худалдааны яам мэдэгдэв. Экспортлогчид үндэсний аюулгүй байдлын протокол болон бусад зохицуулалтын шалгуурыг дагаж мөрдвөл экспорт үргэлжлэх болно. Одоогоор шинэ хяналт нь Японы компаниудын түүхий эд худалдан авалт болон бусад бизнесийн үйл ажиллагаанд нөлөөлөөгүй байна.
Японы засгийн газар 2019 онд Өмнөд Солонгос руу чип хийх материалын экспортыг хязгаарлах шийдвэр гаргаж байсан. АНУ, Японы дэвшилтэт хагас дамжуулагчийн экспортыг хязгаарласан нь Хятадын зүгээс хүчтэй эсэргүүцлийг дагуулсан. Хятадын Худалдааны яамны дэд сайд асан Вэй Жиангуо хэлэхдээ, галли, германий экспортын хяналт нь хариу арга хэмжээний дөнгөж эхлэл байж магадгүй гэж анхаарууллаа.
Цаашид Хятад улс эдийн засаг, дипломат дарамт шахалт үзүүлэх хэрэгсэл болгон тодорхой бараа бүтээгдэхүүнд ноёрхлоо улам өргөжүүлж магадгүй.
Галли, германи нь тийм ч ховор биш бөгөөд ихэвчлэн бусад уурхайн үйл ажиллагааны дайвар бүтээгдэхүүн болгон авдаг. Гэхдээ Хятадад хямдаар цэвэршүүлэх үйл явц нь эдгээр мяталлын хямд үнийг дэмжиж, бусад бүс нутагт эдгээр металлыг олборлох нь ашиггүй болгожээ. Хятадаас тавьсан шинэ хязгаарлалт нь эхлээд үнийн өсөлт, зарим эд ангиудын нийлүүлэлт, үйлдвэрлэлд саатал гарахад хүргэж болзошгүй юм. Гэсэн хэдий ч урт хугацаанд эдгээр хязгаарлалт нь бусад орны компаниудыг эдгээр металлыг олборлоход түлхэц өгч, улмаар Хятадын зах зээлийн ноёрхлыг эсэргүүцэж болзошгүй юм. Сонирхолтой нь, саяхан Пентагон электроникийн хаягдлаас галлийг гаргаж авах төлөвлөгөөгөө зарлажээ.
ЭХ СУРВАЛЖ: YAHOO NEWS
Холбоотой мэдээ