Говь-Алтай аймгийн Засаг дарга өнгөрсөн жилийн наймдугаар сард аймагтаа ганц бие залуучуудын танилцах уулзалтыг санаачилсан талаар цахим хуудаст хүмүүс эерэг, сөрөг олон сэтгэгдлийг илэрхийлж байв. Тэгвэл тус анхаарал татаж, шүүмжлэл дагуулсан залуусын уулзалт хоёр өдрийн турш амжилттай болж өндөрлөж, тус уулзалтаас төрсөн хосууд энэ жил аймгийнхаа 100 жилийн ойгоор хуримлаж буй талаар мэдээлсэн. Ганц бие залуусын уулзалтад жилийн өмнө 300 гаруй ганц бие залуус оролцсон бөгөөд зөвхөн танилцах бус мэдээлэл солилцох, нөхөрлөх зэрэг олон давуу талтай байсныг зохион байгуулагчид онцолсон. Чуулга уулзалтын талаар Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар дараах мэдээллийг өгч байв.
Тэрбээр, миний хувьд аймгийн Засаг даргаар томилогдсон цагаас аймгийнхаа 86 багаар явж, нарийн мэргэжлийн эмч нартай хамт иргэдтэй уулзсан. Ингээд явахад улсын хэмжээнд сүүлийн 30 жил огт хүнээ бодсон бодлого алдагдсан байна гэдэг нь харагдсан. Хөдөө багийн иргэдэд эмч үзлэг хийхэд 20, 30 настай залуус цусны даралт ихтэй, огт эмнэлгийн үйлчилгээ аваагүй байх жишээтэй. Үүнээс шалтгаалж аймгийн хүн амын дунд хорт хавдрын өвчлөл их байна. Цус ойртолт өндөр түвшинд байна.
Мөн иргэдийн хувь хүний хөгжилд огт анхаарч ирээгүй байгаа нь ажиглагдсан. Тиймээс иргэдээс санал хүсэлт авахад залуус хоорондоо танилцаж, уулзах арга хэмжээг зохион байгуулах хүсэлтийг ихээр тавьсан.
Аймгийн ганц бие залуусын асуудал бол шоу биш, хүнээ бодсон арга хэмжээ учраас сурталчилгаа биш ажил байх ёстой.
Монгол Улс сүүлийн 30 жилийн хугацаанд хүнээ бодсонгүй. Тэр дундаа залуучууд руу чиглэсэн ажил маш бага хэрэгжүүллээ. Тиймдээ ч уулзалт арга хэмжээг үр өгөөжтэй болж байна гэж дүгнэсэн.
Би Говь-Алтай аймгийн хөдөөгийн бүх багаар явсан. Уулзаад ярилцахад залуучууд голынхоо 10 залуутай найзалж, нөхөрлөх биш бусад сумынхантайгаа танилцмаар байгаагаа хэлж байлаа. Ахмадууд маань харин энэ голынхон бүгд хамаатан садан болчихлоо гэдэг асуудлыг хэлж байсан. Ингээд энэ арга хэмжээг хийж, залуусыг уулзуулах нь зөв юм байна гэж үзсэн. Аймгийн засаг дарга гэдэг бол 8-80 настай бүх хүний асуудлыг анхаарч үзэх ёстой алба хашиж байгаа хүн. Тиймээс цаашид ч хүнээ дэмжсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулах болно гэсэн юм.
Ганц бие залуусын "Алтай" чуулгад гэр бүлийн үнэт зүйл, цус ойртолт, нийгмийн эрүүл мэнд буюу нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрчимжсэн мал аж ахуй газар тариалан сэдвүүдээр илтгэгч багш нар ойлголт мэдээлэл өгөх илтгэл хэлэлцүүлж, улмаар танилцах үдэшлэгийн арга хэмжээ үргэлжилсэн. Харин энэ жил тус арга хэмжээг зохиох тов гараагүй байна.
ТЭГШ ОЙГООР ТАНИЛЦАХ УУЛЗАЛТААР НИЙЛСЭН ГУРВАН ХОС ХУРИМЛАЖЭЭ
Залуусын уулзалтаар 30 гаруй хос төрсөн талаар аймгийн ЗДТГ-аас мэдээлсэн. Тэдний төлөөлөл гурван хос өчигдөр /2023.08.02/ Хантайшир-100 баяр наадмаар хуримлажээ.
Аймгийн иргэдийн зүгээс тус уулзалтыг дахин зохион байгуулна гэвэл дэмжинэ гэдгээ мөн илэрхийлсэн байна.
Холбоотой мэдээ