Хэнтий аймгийн Баян-Адарга сумын иргэн Ц.Төмөр, түүний эхнэр Л.Гэрэлзаяа, ээж Б.Даариймаа нарт холбогдох бусдын 56 бог малыг хулгайлсан хэргийг өчигдөр /2023.08.02/ Давж заалдах шатны шүүхээр хэлэлцсэн нь олны анхаарлыг татаж, талцав.
Нэг хэсэг нь “Наймхан ишигний хэрэгт ял өгч болохгүй, сулла” гэж шаардсан бол нөгөө хэсэг нь “Эвий минь ийм жаахан 1.2 настай хүүхдийг бодохгүй ээж, аавд нь ял өгдөг муухай шүүгч нар шүү. Манай шүүхийнхний байж буй царайг хараарай” гэж шүүгч нар луу довтолцоов. Тун цөөхөн хэсэг нь “Өнчин ишиг хулгайлсан ч хулгай шүү” гэж үнэнийг хэлснийхээ төлөө бусдын ад болов.
Гэхдээ шүүх хуралдааныг live-аар дамжуулсан тул олон нийт тодорхой ойлголттой болсон болов уу.
Учир нь, Ц.Төмөр, түүний эхнэр Л.Гэрэлзаяа, ээж Б.Даариймаа нарт холбогдох эл хэрэг нь найман ишигний хэрэг биш 56 тооны бог малыг бусдынх гэдгийг мэдсээр байж, хуучин цэнхэр өнгийн будгийг нь танигдуулахүй байх зорилгоор ногоон өнгийн будгаар будаж, өөрчилсөн. Улмаар найман ишгийг портер машинаар зөөвөрлөн, Н.Г-гийн хонин сүрэгт нийлүүлж, тавьсан болох нь нотлох баримтуудаар батлагдсан. Иймээс Давж заалдах шатны шүүхээс хэргийг Анхан шатны шүүх рүү шилжүүлсэн нь асуудлыг улам ноцтой болгож буй аж. Хэдийгээр Давж заалдах шатны шүүхээс Ц.Төмөр, Л.Гэрэлзаяа нарыг суллах шийдвэр гаргасан ч энэ нь Анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэтэл хэрэгжинэ гэсэн үг. Тодруулж хэлбэл, хэрэг хэрэгсэхгүй болоогүй тул эхнэр, нөхөр хоёрын хоригдох хугацаа нэмэгдэж болзошгүй төдийгүй Анхан шатны шүүхээс 80 настай Б.Даариймааг цагаатгасан нь үндэслэлгүй гэж прокурорын гаргасан эсэргүүцлийг Давж заалдах шатны шүүх хүлээн авсан нь ял ч авч болзошгүй болжээ.
Энэ талаар өмгөөлөгч нар байр сууриа илэрхийлсээр байна. Тухайлбал, өмгөөлөгч Б.Мэргэн “8 ишигний” гэх хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны эхлэл хэсэг буюу өмгөөлөгчдийн гомдол, прокурорын эсэргүүцлийн үндэслэл, төгсгөл хэсэг буюу шүүхийн шийдвэр хэсгийг үзлээ.
Олон хүний ойлгоод, бичээд байгаа шиг хэрэг хэрэгсэхгүй болж суллагдсан, баяр хүргэх, нэг гэр бүл элэг бүтэн болчихсон юм алга л байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлгүй болсон гэж шүүгдэгчдийн өмгөөлөгчид гомдол, прокурор эсэргүүцэл бичсэн байна. Өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгох, харин прокурор Б.Даариймааг цагаатгасан нь үндэслэлгүй гэж давж заалдсан гэсэн үг.
Давж заалдах шатны шүүх өмгөөлөгчийн гомдлыг хүлээж аваагүй буюу хэргийг хэрэгсэхгүй болгоогүй бол прокурорын Б.Даариймааг цагаатгасан нь буруу гэсэн эсэргүүцлийг үндэслэлтэй байна гэж үзэж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шилжүүлжээ. Хэдийгээр Анхан шатны шүүх дахиж хэлэлцээд хэрэгсэхгүй болгох боломжтой ч тэгэхгүй л болов уу. Давж заалдах шатны шүүх шууд Б.Даариймаад ял өгөх боломжгүй тул анхан шатны шүүхийг хуралдаанаа дахиж хий гэсэн нь ял өг л гэсэн агуулга харагдаж байна. Тэгэхээр уг нь цагаатгагдсан байсан Б.Дайриймаа ял авах, цаашлаад хамгийн бага ял авсан байсан нөгөө хоёрын ял нэмэгдэх магадлалтай. Баяр хүргэх биш байдал дордсон л асуудал.
Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаар шүүгдэгчдийг шууд хорьдог ч Давж заалдах шатны шүүхийн магадлал гарч байж шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болдог. Тодруулбал, Анхан шатны шүүхийн хорих ял өгсөн шийтгэх тогтоол гарснаар шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээвэл ялтан болж хорих ангид хуваарилагддаг.
Өнөөдрийн хувьд Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх хуралдаанаа хийтэл хоёр шүүгдэгчийг хорьж шалгах шаардлагагүй гэж үзсэн учраас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээгээр сольсон. Үүнийг л суллагдчихлаа, хэрэгсэхгүй болчихлоо гэж ойлгоод байх шиг” гэжээ.
УИХ-аас Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах хүрээнд малын хулгайтай тэмцэх зорилгоор хэд, хэдэн удаагийн өөрчлөлт хийж байсан. Тодруулбал, 2015, 2017 онд Эрүүгийн хуулийг шинэчлэн батлахдаа малын хулгайтай тэмцэх зорилгоор тодорхой өөрчлөлт оруулж байсан юм. Ингэхдээ малын хулгайчид нийтэд тустай ажил хийлгэх, 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр зүйчилсэн ч малын хулгайг өөгшүүлж байна гэж үзэн, УИХ 2020 оны нэгдүгээр сард баталсан Эрүүгийн хуульд заасан малын хулгайтай холбоотой ялыг чангаруулсан. Тухайлбал, найман бог, хоёр бод хулгайлсан этгээдийг зургаан сар зорчих эрх (2020-1-1 мөрдөгдөнө)-ийг хязгаарлах ( гэрт нь хорих)-аас эхлээд 5 жил хүртэл шоронд ял эдлүүлнэ. Түүнээс дээш тооны мал хулгайлбал хүндрүүлэх нөхцөлөөр 2-8 жил хүртэл хорих ял оноохоор хуульчилсан. Энэ үед уг хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг ахалж ажиллаж байсан, одоогийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Өнчин ишиг хулгайлсан хүн ч тав хүртэлх жилийн хорих ялтай" байхаар малын хулгайчид оногдуулах ялын бодлогыг чангатгаж өгсөн" гэдгийг чуулганы хуралдаанаар төслийг хэлэлцэх үед мэдэгдэж байв.
Иймээс Анхан шатны шүүхийн шүүгч нар Ц.Төмөрт 2 жилийн хорих ял, Л.Гэрэлзаяад 2.6 жилийн хорих ял тус, тус оноосон нь УИХ-аас баталсан хууль, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэн хэргийг шийдвэрлэжээ гэж хэлэх үндэстэй юм.
Хэрвээ малын хулгайчид ногдуулж буй ял хатуу байна гэж үзвэл УИХ-аар хуулийн заалтыг өөрчлөх л гарц бий. Түүнээс шүүх рүү дайраад, шүүгч нарыг харааснаар асуудал шийдэгдэхгүй юм.
Ер нь цаашдаа хулгай бүрт бага, жижгээс үл хамаарч хяналт тавьж, хариуцлага хүлээлгэдэг байхыг нийгмээрээ шаарддаг болъё. "Малын хулгай хулгай биш, харин улстөрчдийн хэдэн тэрбумын хулгай бол жинхэнэ хулгай" гэдэг өнцгөөр хандах юм бол хэзээ ч энэ улсад шударга ёс тогтохгүй. Хэн чанга хашгирсан нь дийлдэг тийм л нийгэм бүрэлдэнэ тогтоно. Хулгай хийсэн бүхэн хуулийн хариуцлага хүлээдэг байх шударга нийгмийг бий болгохын төлөө бүгдээрээ шаарддаг, шахдаг, хянадаг, хариуцлага ярьдаг болцгооё.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ