"News" агентлагийн редактор Ж.Нямсүрэн АНУ-аас мэдээлж байна.
АНУ-ын дэд ерөнхийлөгч хатагтай К.Харрис Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй Цагаан ордонд уулзах үеэрээ “АНУ нь Монгол Улстай ардчилал, зах зээлийн эдийн засаг, хүний эрх, эрх чөлөө, иргэний нийгмийн төлөвшил зэрэг нийтлэг үнэт зүйлсэд суурилсан харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ач холбогдол өгч буй”-гаа илэрхийлэв. Хэдийгээр 60 насны босго шүргэж яваа ч наснаасаа хамаагүй залуу харагдах хатагтай Харрис үсээ шоколадан бороор будуулж, судалтай саарал хүрэм өмссөн нь энгийн дулаахан имиж бүрдүүлжээ.
Тэрбээр хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах, ардчилал, хүний эрхийг хамгаалах, сайн засаглалыг бэхжүүлэх, цаашид энэхүү ойр дотно хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлж нягт хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа онцолсон юм.
Түүний урилгаар АНУ-д анхны айлчлалаа хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улс АНУ-тай сансар судлалын чиглэлээр хамтран ажиллах боломжуудыг судлах, цахим эдийн засаг, өндөр технологийн салбар дахь боловсон хүчний чадавхийг нэмэгдүүлэх, англи хэлний багш бэлтгэх, харилцан солилцох тоог нэмэгдүүлэх, ногоон хөгжил, онц чухал эрдэс баялгийн салбарт хамтран ажиллах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх” хүсэлтэйгээ байгаагаа онцлоод Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарласантай холбогдуулж ардчиллыг бэхжүүлэх, авлигатай тэмцэх чиглэлд нягт хамтран ажиллах сонирхолтой байна” гэлээ. 1987 онд дипломат харилцаа тогтоосноос хойшхи 36 жилийн хугацаанд хоёр улс стратегийн түншүүд болж харилцаагаа өргөжүүлсэн. Гэсэн хэдий ч хоёр орны худалдааны эргэлт нь 2023 оны хагас жилийн байдлаар ердөө 157 сая ам.доллараар хэмжигдэж буй нь чамлалттай үзүүлэлт юм. Өнгөрсөн 2022 онд АНУ-тай 276 сая ам.долларын худалдаа хийснээс 9.9 сая ам.долларын экспорт, 266.1 сая ам.долларын импорт хийжээ. Харин АНУ-ын зүгээс Монголд 885 сая.ам долларын буцалтгүй тусламжийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа аж.
Монгол Улсын Ерөнхий сайдын АНУ-д хийж буй айлчлалын гол нь зорилго нь хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх ба өргөжүүлэх.
Тиймээс Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх хүрээнд талууд Стратегийн гуравдагч хөршийн эдийн засгийн замын зураглалыг шинэчлэн байгуулснаар Монголд АНУ-ын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байна.
Айлчлалаар яригдсан сайн мэдээ нь Агаарын тээврийн тухай хэлэлцээрийг байгуулж, Монгол-АНУ-ын хооронд 2024 оны хоёрдугаар улирлаас шууд нислэг үйлдэхээр болсноо мэдэгдлээ. Мөн АНУ-аас Бойнг 787 онгоц авахаар тохирсон. Энэ онгоц нь 2018 онд үйлдвэрлэгдсэн, хамгийн сүүлийн үеийн загвар аж.
Ингэснээр хоёр улс хоорондын бизнесийн харилцаа өргөжиж иргэд харилцан зорчих, аялал жуулчлалыг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм. Монголын парламент хаврын чуулганаар Боловсролын ерөнхий хуулийг хэлэлцэн батлахдаа үндсэн гадаад хэл нь англи хэл байхаар хуульчилсан.
Тиймээс англи хэл заах багш бэлтгэх, боловсон хүчний дэмжлэг үзүүлэх асуудлаар хатагтай Харрист Ерөнхий сайдын зүгээс хүсэлт тавьсан юм. Энэ хүрээнд АНУ-д 1000 багш бэлдэхээр тохиролцлоо
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Цагаан ордонд хатагтай К.Харрисаас гадна АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдантай уулзах товтой байсан ч хүүгийнх нь дуулиан шуугианаас болоод тэрбээр “гэртээ нуугдахад” хүрсэн бололтой. Хантер Байден татвараас зайлсхийсэн, хууль бусаар буу эзэмшсэн зэрэг мэдээ мэдээлэл сүүлийн хэдэн долоо хоногт АНУ-ын хэвлэлүүдийн трэнд сэдэв болж байгаа гэх. Украины эсрэг Оросын цэргийн ажиллагаанаас хойш Монголын бамбай улсын үүрэг, оролцоо дэлхийд геополитикийн тавцанд эрс нэмэгдсэн. Монголыг дэлхийн энх тайвны бэлгэ тэмдэг гэж харах, энэ утгаараа гадаадын урилга, заллага, айлчин, гийчдийн цуваа тасрахгүй байгаа билээ. АНУ бол ардчиллын өлгий нутаг, Монголын гуравдагч хөршийн бодлогод чухал байр суурь эзэлдэг. Тиймээс Ерөнхий Л.Оюун-Эрдэнийн айлчлал улс төр, эдийн засгийн агуулгаараа цаг үеэ олсон, ач холбогдолтой болохыг ч гадаад, дотоодын экспертүүд, олон улсын судлаачид дүгнэж байна.
Холбоотой мэдээ