Хүчтэй орсон борооны улмаас Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн Нарийны гүүрний 2 талын чулуун бэхэлгээ эвдэрч, хөвөө хучилтын ирмэгт тулж урссанаас болж авто замын зорчих хэсгийн хөрс нуралт үүссэн тул авто машин зорчих боломжгүйд хүрээд байгаа юм. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж, Улсын онцгой комиссоос түр зам тавьж, хөдөлгөөн нээх хүртэл түр хугацаагаар тус гүүрээр зорчихгүй байхыг анхаарууллаа.
Учир нь, Говь-Алтай аймгийн 100 жилийн баяр наадам өнөөдөр дуусаж буйтай холбоотойгоор Улаанбаатарыг чиглэх хөдөлгөөн нэмэгдэх төлөвтэй байгаа тул иргэд, наадамчид, аялагч жуулчид та бүхэн түр зам тавин, аюулгүй хөдөлгөөн нээх хүртэл хүлээхийг зөвлөж байна.
Баянхонгор АЗЗА түр зам тавихаар ажиллаж буй юм байна.
Мөн Баянхонгор аймгийн Онцгой байдлын алба, цагдаагийн алба хаагчид болон АЗЗА ажиллан суудлын авто машиныг аюулгүй байдлыг нь ханган нэвтрүүлж, том оврын автомашин, автобусны хөдөлгөөнийг түр хязгаарлажээ.