Улсын баяр наадмын төв талбай буюу Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газар жилээс жилд хумигдаж, олон давхар үнэтэй орон сууцууд тойрон сүндэрлэх болсон. Уг нь Төв цэнгэлдэх нийслэлийн өмч байхдаа 31 га газрыг хамардаг байж. Гэвч Т.Нямдаваагийн мэдэлд очсоноор хэдхэн жилийн дотор аравхан га болтлоо багасчээ. Гэтэл энэ жил 100 жилийн ой тохиож буй зарим аймгуудын шинээр байгуулсан цэнгэлдэх хүрээлэн улсынхаас хэд дахин том багтаамжтай байх жишээтэй.
Олон жил газрын маргаантай явж ирсэн Төв цэнгэлдэх хүрээлэнг Хүй долоон худаг, Яармагт байгуулах тогтоол шийдвэр гарч, хэрэгжиж чадалгүй өдийг хүрсэн.
Сураг сонсох нь ээ 2023 оны дөрөвдүгээр сард Засгийн газрын хуралдаанаар Яармагт барих цэнгэлдэх хүрээлэнг болиулж, Хүй долоон худагт шинэ цэнгэлдэх байгуулахаар болжээ.
Улаанбаатар хотын төвөөс 32 километрийн зайд байрладаг Хүй долоон худагт “Монгол наадам” цогцолборыг байгуулах талаар албаныхан сүүлийн хэдэн жил ярих болсон. Тэр дунд олны анхаарлыг татаж буй хамгийн том бүтээн байгуулалт нь 30 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн юм. Сүүлд, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг хэлэхдээ “Хүй долоон худагт цэнгэлдэх хүрээлэн байгуулах шийдвэр гарсан. Төв цэнгэлдэхээс гадна хоёр үндсэн байршилд стадион байгуулна” гэдгийг хэлж байв. Энэ талаар түүнээс дахин тодруулахад "Өмнө нь Хүй долоон худаг болон Нисэх Яармагийн аюулгүйн тойргийн зүүн урд хэсэг гэсэн хоёр газар цэнгэлдэх хүрээлэн барих шийдвэр гаргасан байсныг нэгтгэсэн. Ингэснээр Хүй долоон худагт шинэ цэнгэлдэх хүрээлэн байгуулахаар болсон" гэсэн юм.
ХҮЙ ДОЛООН ХУДАГ ДАХЬ 12 МЯНГАН ГА ГАЗАРТ 26 БАЙГУУЛАМЖ БАЙГУУЛНА
“Монгол наадам” цогцолбор орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар анх 2013 онд байгуулагдсан. Тус газар байгуулагдсан цагаас хойш улсын 12.582 мянган га газрыг “Монгол наадам” цогцолборын бүтээн байгуулалтад зориулан, ашиглахаар тусгай хэрэгцээнд авсан байдаг. “Монгол наадам” цогцолборын үндсэн бүтээн байгуулалтын ерөнхий төлөвлөгөө гарсан бөгөөд ойролцоогоор томоохон 26 орчим бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөөд байгаа ажээ. Үүний хамгийн том байгууламж нь 30 мянган хүний суудалтай битүү цэнгэлдэх хүрээлэн юм.
Мөн 10 мянган хүний суудалтай морь барианы болон сур харвааны задгай асар, шагайн харвааны битүү асар, морин тойруулга, жороо морины цэнгэлдэх байгуулахаар төлөвлөсөн талаар албаныхан танилцуулж байсан удаатай.
Тус газрын дарга С.Сайнбаяр "Өмнө нь Засгийн газрын тогтоолоор Хүй долоон худаг, Яармаг гэсэн хоёр газар цэнгэлдэх барихаар баталсан байсан. Тэр шийдвэрээ дахин Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, 30-40 мянган хүний багтаамжтай цэнгэлдэх хүрээлэнг Хүй долоон хутагт "Монгол наадам" цогцолборын талбай дээр барихаар шийдвэрлэсэн. Хөрөнгө оруулагчдын тал руу саналаа явуулсан. Тэд танилцаад нарийвчилсан ажлын зураг, төсвөө тодорхой болгох байх. Ерөнхий төлөвлөгөөгөөр 26 барилга байгууламж барьж, 2030 он хүртэлх төлөвлөгөөгөө баталсан. Засгийн газрын хуралдаанаар 2022 онд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталсан. Ерөнхий зарчим нь хуучин макет, зураг төслөөрөө явна. Одоо газар нутаг нь тодорхой болсон учраас улсаас дэд бүтцийг нь шийдэж, тог цахилгаанаа татна" гэдэг мэдээллийг өглөө.
“МОНГОЛ НААДАМ” ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫН МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭСЭН
Тус газрын дарга асан Д.Хатанбаатар 2019 онд ярихдаа “Манай байгууллага тусгай хэрэгцээт газрыг 2015 онд авахад иргэн, аж ахуй нэгжийн хууль ёсны өмчлөх эрхийг зөрчсөн газрын давхцлын асуудал байсан. Энэ асуудлыг 2016 оноос хойш гурван жил хөөцөлдөж, одоогоор Төв аймгийн Аргалант сумаас авч байгаа газрын асуудлыг бүрэн шийдвэрлэсэн. Мөн дээр нь нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс 551 га газрыг авч байгаа. Ингээд газрын асуудлыг нөхөн төлбөргүйгээр шийдвэрлэж, НИТХ-д өргөн барьж, тогтоол шийдвэр гаргуулна. Засгийн газрын тогтоолынхоо өөрчлөлтийг оруулбал 2015 онд 256 дугаар тогтоолоор авсан газар маань хууль ёсных болж баталгаажих юм. Ингээд газрын асуудал баталгаажсанаар бүтээн байгуулалтынхаа 50 хувийг шийднэ гэсэн үг.
Мөн Хүй долоон худагт дэд бүтцийн асуудлаа шийдвэрлэж чадах юм бол бүтээн байгуулалтын ажил төр, хувийн хэвшлийн түншлэлээр өрнөх боломжтой. Бид ажлаа дунд болон урт хугацаанд төлөвлөн харж байгаа. Нийт 12 мянган га газар дээр аялал жуулчлалын томоохон бүс байгуулахын тулд мэргэжлийн спортын холбоодынхоо удирдлагуудтай уулзаж, ярилцаж байна” гэдгийг хэлж байв.
Санхүүжилтийн хувьд “Монгол наадам” цогцолборыг байгуулахад одоогоос дөрвөн жилийн өмнө 500 орчим тэрбум төгрөг яригдаж байсан.
Зөвхөн олон улсын стандартад нийцсэн цэнгэлдэх хүрээлэн барихад урьдчилсан байдлаар 150 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэдэг тооцооллыг албаныхан хэлж байв.
Монгол Улсад жил бүрийн Үндэсний их баяр наадмын үеэр гадаадын маш олон жуулчин зорин ирдэг. Харамсалтай нь, наадмын үеэр ирсэн нийт жуулчдын 20 орчим хувь нь л Төв цэнгэлдэх хүрээлэнд баяр наадам сонирхоод буцдаг. Тиймээс ирэх жилүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн байршлыг солих уу, шинээр байгуулах байгууламжийн бүтээн байгуулалтыг хэрхэн хийх нь ихэд сонирхол татаж байна.
ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН ХЭДХЭН ЖИЛИЙН ДОТОР АРАВХАН ГА БОЛТЛОО БАГАСАВ
Цэнгэлдэх хүрээлэнгийн газар жилээс жилд хумигдаж, олон давхар үнэтэй орон сууцууд тойрон сүндэрлэх болсон. Уг нь Төв цэнгэлдэх нийслэлийн өмч байхдаа 31 га газрыг хамардаг байж. Гэвч Т.Нямдаваагийн мэдэлд очсоноор хэдхэн жилийн дотор аравхан га болтлоо багасчээ. “Төв цэнгэлдэх хүрээлэн” компани нийт 12.7 га газар эзэмшдэг.
Олон улсын карго, сургалтын төв, караоке баар гэсэн хаяг Төв цэнгэлдэх хүрээлэнг тойрон үйлчилгээ явуулна. Газрын тохижилтын талаар ам нээгээд ч хэрэггүй. Улсын баяр наадам дөхөхөөр л улсын төсвөөр хэдэн сандал, саравчийг нь засна. Бусад үед мартагдаад удаж буй.
Хэдий Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 51 хувийг хувьчилсан ч газрыг нь зөвхөн спортын зориулалтаар түрээсэлж, ашиглах ёстой. Гэтэл сүүлийн жилүүдэд хашаа хатгаж, барилга байгууламж барихаас гадна машин ачилтын үйлчилгээний явуулж байсныг албаныхан зогсоосон сурагтай.
Нийслэлээс 2020 онд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 49 хувийг хувьчлах шийдвэр гаргаж, 20 гаруй тэрбумаар үнэлэх асуудлыг ярьсан удаатай.
Холбоотой мэдээ