Өмнөговь аймгийн Ханбогд суманд наймдугаар сарын 1-нд аянга цахилгаантай, хүчтэй бороо орохын өмнө угалз буюу нөөлөг салхи дэгджээ. Энэ талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргалаас тодруулахад “Энэ үзэгдэл нь дэвсгэр гадаргын халалтаас үүссэн борооны бөөн үүлний өмнөх хүчтэй уруудах урсгалтай холбоотой нөөлөг салхины үзэгдэл юм. Газрын гадаргын байдлаас шалтгаалж шороон хана босдог. Шороон ханы дээд тал нь цагаан өнгөтэй байгаа нь тэр түвшинд агаарын температур тэг градус байна гэсэн үг. Агаарт байсан усны уурын өтгөрөлт тэг градусын түвшинд хүрээд үүл болж харагдаж байна. Мөн агаар дахь шороо тоосонцор нь үүлэн дэх усан дусал томроход чухал үүрэг гүйцэтгэдэг" гэсэн юм.
Өнөө, магаашдаа төв болон зүүн аймгуудын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо үргэлжлэн орох тул болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Наймдугаар сарын 4-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 5, 6-нд нутгийн хойд хагаст, 7-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн өмнөд хэсгээр аагим халуун үргэлжилж, нутгийн хойд хэсгээр сэрүүхэн Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +16…+21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +21…+26 градус, өдөртөө +33…+38 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Дарьгангын тал нутгаар шөнөдөө +14…+19 градус, өдөртөө +26…+31 градус, бусад нутгаар шөнөдөө +9…+14 градус, өдөртөө +20…+25 градус дулаан байна.
Холбоотой мэдээ