Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам байнгын ашиглалтад орлоо

Хуучирсан мэдээ: 2023.08.02-нд нийтлэгдсэн

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам байнгын ашиглалтад орлоо

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам байнгын ашиглалтад орлоо

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам байнгын ашиглалтад орсноор үндэсний төмөр замын сүлжээг 416,1 километрээр өргөтгөжээ.

Барилга хот байгуулалтын яамны Барилга, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулгаар ахлуулсан Улсын комисс Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замд ажиллаж, урьдчилсан шатны техникийн комиссын өгсөн үүрэг даалгавруудыг бүрэн хангасан гэж үзээд, улсын комиссын гишүүдийн 100 хувийн саналаар тус төмөр замыг байнгын ашиглалтад хүлээн авсан байна.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам нь жилд 15-20 сая тонн ачаа тээх хүчин чадалтай, гол замын даац 25 тонн, нэг өртөө, зургаан зөрлөг бүхий гуравдугаар зэрэглэлийн төмөр зам аж.

Тус чиглэлийн төмөр замыг Монгол инженер, техникийн ажилтнууд бие даан бүтээн босгосон үндэсний бүтээн байгуулалт гэдгээрээ онцлогтой.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын доод бүтцийн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний жанжин штаб, дээд бүтцийн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг ажилласан бөгөөд үндэсний 106 компани, аж ахуйн нэгж туслан гүйцэтгэгчээр оролцжээ.

Төслийн бүтээн байгуулалтад 10 мянга гаруй хүн оролцож, 3 мянга гаруй машин техник ашигласан байна.

Энэхүү төмөр зам байнгын ашиглалтад орсноор Эрдэнэс Тавантолгойн уурхайн экспортын хэмжээг нэмэгдүүлэх, гуравдагч зах зээлд хүргэхийн зэрэгцээ төмөр замын трассын дагуух бүс нутагт байрлаж буй бусад уул уурхайнуудын экспортыг дэмжинэ.

Мөн авто замын тээвэртэй харьцуулахад тээврийн өртгийг хоёр дахин бууруулж, хоёр мянга орчим ажлын байр нэмэгдүүлэх нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой бүтээн байгуулалт болсноороо онцлогтой.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барихад 837,6 мянган ширхэг бетон дэр, бэхэлгээ, 871 км шилэн кабель суурилуулж, 25,1 сая метр куб газар шорооны ажил хийсэн байдаг.

Мөн төмөр замын трассын дагуу 595 ш гүүр хоолой барьж, 22 мянган метр.кв барилга байшин ашиглалтад оруулж, дэлхийд тэргүүлэгч SIL4 шаардлагыг хангасан БНСУ-ын дохиолол холбооны системийг суурилуулж, MNS6229:2010 стандартад бүрэн нийцсэн ачааны хүнд даацын төмөр замыг бүрэн ашиглалтад оруулжээ.

Сануулахад, өнгөрсөн оны есдүгээр сард Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд Монгол Улсын анхны нэгдүгээр зэрэглэлийн, уулзваргүй, хүнд даацын төмөр зам ашиглалтад орсон юм.

Уг төмөр зам баригдсанаар Монгол Улс жилдээ 30-50 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрсийг тээвэрлэн экспортлох, улсын төсөвт жилд дунджаар 44 сая ам.долларын татвар төвлөрүүлэх, БНХАУ руу экспортлох нүүрс тээврийн өртөг Тавантолгой уурхайгаас Ганцмод боомт хүртэл 47 ам.доллароос 12 ам.доллар болж, тонн тутамд 4 дахин буурах, 2000 орчим тогтмол ажлын байр нэмэгдэх боломжтой гэж албаныхан тайлбарлаж байв.

Төмөр замын төслийн захиалагчаар “Тавантолгой төмөр зам” ХХК, ерөнхий гүйцэтгэгчээр “Бодь интернэшнл” ХХК, туслан гүйцэтгэгчээр дотоодын 600 орчим ААН, 2000 гаруй техник, машин механизм, 5000 гаруй инженер, техникийн ажилтан, ажиллах хүчин ажиллажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж