Танго бүжиглэх дуртай Ромын пап Францис

Хуучирсан мэдээ: 2023.08.03-нд нийтлэгдсэн

Танго бүжиглэх дуртай Ромын пап Францис

Танго бүжиглэх дуртай Ромын пап Францис

Монгол Улсаас Ватикантай дипломат харилцаа тогтоосон 1992 оноос хойш анх удаа Ромын пап Францис энэ сарын 31-нээс есдүгээр сарын 4-ний өдрүүдэд Улаанбаатарт айлчлах гэж байна. Энэ удаагийн ХҮМҮҮС буландаа Ромын пап Францис буюу Хорхе Марио Берголиог онцолж байна. 


Аргентины санваартан Хорхе Марио Берголио 2013 онд Ромын шинэ папаар сонгогдож, Францис хэмээх алдрыг хүртсэн. Тэрбээр 741 оноос хойш буюу 1000 орчим жилийн дараа Европоос өөр тивээс сонгогдсон пап гэдгээрээ шашны хүрээнийхний анхаарлыг ихээр татдаг.

Пап Францисын өвөг дээдэс Италиас Аргентинд цагаачилж ирсэн гэдэг. Өвөг эцэг нь 1929 онд Бенито Муссолинигийн фашист дэглэмээс зугтаж, Аргентин руу цагаачилсан ажээ. Францисын эцэг нь төмөр замчин байсан бөгөөд эхээс тавуулаа.  Тэрбээр 1936 оны арванхоёрдугаар сарын 17-нд Аргентин улсын Буэнос-Айрес хотод төржээ.

Залуудаа хэдэн жил хими-технологич мэргэжлээр ажиллаж байсныг нь тэр бүр хүмүүс мэддэггүй. Тэрбээр зургадугаар ангиасаа Буэнос Айрес хот дахь Дон Боскогийн мэргэжлийн сургалттай дунд сургуульд элсэн суралцаж, хими технологич мэргэжлийн дипломтой төгссөн байдаг.

Гэхдээ Буэнос Айрес хотын шашны семинарт суралцсанаар санваартан болох замнал нь эхэлжээ. Тэрбээр 1958 онд Христийн нийгэмлэгт элсэх хүсэлт гаргасныхаа дараа Чили улсын Сантьяго хотод хүмүүнлэгийн ухаанаар суралцаж төгссөн. Улмаар хоёр жилийн дараа тус нийгэмлэгт элссэн байна. Үүний дараа 1960 онд Сан Хосегийн Максимо Коллежид суралцаж, философийн эрдмийн зэрэг хүртжээ. Улмаар 1964-1965 онд шашны коллеж болон Санта Фе хотын дунд сургуульд уран зохиол, сэтгэл судлалын багшаар ажилласан байдаг. Мөн Сан Мигелийн Философи, Шашин судлалын факультетад үргэлжлүүлэн сурч, тус факультетаддаа шашин судлалын профессороор ажиллав.

Харин 1969 онд католик шашны санваартны хэргэм хүртэж, 1973-1979 онд Аргентины Христийн нийгэмлэгийн мужийн тэргүүн болж, 1998 онд 62 насандаа Буэнос-Айресын тэргүүн хамба болсон байна. Тэрбээр Ромын пап болох тухайгаа Аргентины Хаврын баярын үер анх олж сонсчээ.

Францис нэгэн ярилцлагадаа, Христийн шашны урсгалуудыг нэгэн адил авч үзэж, эв нэгдлийг бэхжүүлэх нь чухал гэдгийг онцолж байсан.

Ромын пап болсныхоо дараа шашны номлол сургаалаа зөрчсөн санваартнуудын гэмт үйлдэл болон авлигатай тэмцэнэ гэдгээ мэдэгдэж зарим нэг ажлууд хийж эхэлжээ. Түүнийг АНУ-д айлчлах үеэр католик санваартны хүчингийн хэрэг олны анхаарлыг татаж байсан бөгөөд үүнээс үүдээд "Насанд хүрээгүйчүүдийг хамгаалах Папын зөвлөл"-ийг байгуулсан.

Үүнээс гадна 1000 гаруй жилийн өмнө тусгаарлагдсан Үнэн алдартны сүмийн тэргүүнтэй уулзалт хийсэн нь түүхэн үйл явдал болсон. Тэрбээр 2016 онд Куба улсын Хавана хотын нисэх онгоцны буудалд Москвагийн Үнэн алдартны хамба Кирилтэй уулзаж, хамтарсан Тунхаглал гаргасан юм. Католик болон Үнэн алдартны сүмийн тэргүүнүүд 1054 оноос хойш уулзаж байгаагүй.

Сонирхуулахад, тэрбээр хөлбөмбөгт хорхойтой бөгөөд залуудаа Сан Лоренцо де Алмагро багийг хөгжөөн дэмждэг байсан гэнэ.  Мөн танго бүжиг болон Латин Америкийн уламжлалт бүжиг болох милонгад дуртай. Францис багаасаа уушгины өвчинтэй байсан бөгөөд 21 настайдаа өрөөсөн уушгиа авхуулжээ.

Папын хувьд ажлаа зохих ёсоор гүйцэтгэхийн тулд дагаж мөрдөх ёстой хэд хэдэн уламжлал байдаг. Пап олон хэлээр ярьж, төрийн тэргүүнүүдтэй уулзаж, олон нийтийн үйл ажиллагааг удирдан явуулахаас гадна ганц бие хэвээр байх ёстой.

Тиймээс Францис эхнэргүй, гэр бүлгүй. Түүхэнд ердөө дөрвөн Ромын пап гэрлэж байсан. Францис 2022 онд гэр бүлүүд хүүхдүүдийг тэжээвэр амьтнаар солих нь хувиа хичээсэн хэрэг гэж мэдэгдээд шуугиан тарьж байв. Мөн пап болсныхоо дараа нэг уламжлалыг өөрчилж, Төлөөлөгчийн ордон гэхээсээ илүү Ватиканы зочны байшинд үлдэхийг сонгосон. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж