Оросын нийслэл дэх "Москва-Сити" бизнесийн төв рүү өнгөрсөн долдугаар сарын 30-нд нисгэгчгүй онгоцоор халдсаныг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч хэвлэлийн төлөөлөгч Фархан Хак буруушаасан мэдэгдэл хийлээ. Тэрбээр "Яахав, энэ халдлагад хэн буруутай вэ гэдэг анхны мэдээлэл бидэнд алга. Гэхдээ мэдээжийн хэрэг, бид иргэний байгууламж руу халдахыг эсэргүүцэж, үүнийг зогсоохыг хүсч байна" гэж хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.
Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, дроны дайралтаас болж эвдэрсэн барилгад Оросын хэд хэдэн яамны оффисууд байрладаг гэнэ. Түүнчлэн наймдугаар сарын 1-ний шөнө мөн адил Москва дахь тэнгэр баганадсан барилгыг дахин нисгэгчгүй онгоцоор дайрсан гэж мэдээлсэн.
Харин Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өнгөрсөн долдугаар сарын 30-нд цацсан видео илгээлтдээ, дайн Оросын нутаг дэвсгэрт эргэн ирж байгаа нь зүй ёсны бөгөөд шударга зүйл гэж мэдэгджээ.
Оросын хараат бус хэвлэл мэдээллийн Верстка мэдээлснээр, сүүлийн гурван сарын хугацаанд Москва болон бүс нутагт дор хаяж 28 нисгэгчгүй онгоц халдлага үйлдсэний 12 нь хохирол учруулсан байна. Москвагаас эдгээр халдлагад Украиныг буруутгасан бөгөөд Киев цөөн тохиолдолд дроны дайралтыг хүлээн зөвшөөрсөн.
Путин бүрэн хэмжээний дайралт эхэлснээс хойш Оросын цэргүүд Украин дахь орон сууцны барилга, иргэний дэд бүтцэд тогтмол цохилт өгч, их хэмжээний хохирол учруулж, энгийн иргэдийн амь насыг хохироосон. НҮБ-ын хүний эрхийн агентлагийн мэдээлснээр, 2022 оны хоёрдугаар сарын 24-өөс энэ оны долдугаар сарын 30 хүртэл Орос-Украины дайны улмаас наад зах нь 9369 энгийн иргэн амиа алдаж, 16646 хүн шархадсан байна. Байлдааны ажиллагаа үргэлжилж байгаа газруудаас мэдээлэл хойшлогдоод байгаа тул хохирогчдын бодит тоо нэлээд өндөр байх магадлалтай. Түүнчлэн, энгийн иргэд амиа алдсан тухай олон мэдээг шалгах шаардлагатай хэвээр байна.
ЭХ СУРВАЛЖ: THE KYIV INDEPENDENT
Холбоотой мэдээ