Иранчууд хэт халууны үеэр 2 хоног бүх нийтээр амарчээ

Хуучирсан мэдээ: 2023.08.02-нд нийтлэгдсэн

Иранчууд хэт халууны үеэр 2 хоног бүх нийтээр амарчээ

Иранчууд хэт халууны үеэр 2 хоног бүх нийтээр амарчээ

Иран улсын засгийн газраас өнгөрсөн хоёр хоногт болсон хэт халууны үеэр орон даяар бүх нийтийн амралтыг зарласан байна. "Засгийн газрын хуралдаанаар нийгмийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс Лхагва, Пүрэв гаригийг орон даяар бүх нийтээр амрах өдөр болгон зарлах  Эрүүл мэндийн яамны саналыг зөвшөөрч баталсан" гэж төрийн сайт мэдээлжээ. Тус улсын хэмжээнд "урьд өмнө байгаагүй" хэт халалтын улмаас ийм шийдвэр гаргасан гэдгийг онцолсон байна. 

Цаг уурын албанаас Ираны олон хотод агаарын температур Цельсийн 40 градусыг давж халахыг анхааруулсан бөгөөд тэр дундаа баруун өмнөд хэсэгт 50 градуст хүрчээ.  Илам, Бушер, Хузестан зэрэг олон хотод сүүлийн өдрүүдэд агаарын температур 45 хэмээс дээш халж байгааг орон нутгийн телевиз мэдээлэв. Харин Ираны баруун хэсэгт орших Дехлоран хотод сүүлийн 24 цагийн дотор Цельсийн 50 градус хүрч халсан байна. Мөн хойд хэсгээр, тэр дундаа Ардабил хот болон Каспийн тэнгисийн өмнөд эрэгт агаарын температур нэмэгдэх төлөвтэй байгааг анхааруулжээ.

Эрүүл мэндийн яамнаас наранд удаан байснаар халуунд цохиулах эрсдэлтэйг анхааруулж, өглөөний 10:00-16:00 цагийн хооронд гэрээсээ гарахгүй байхыг уриалсан байна. Түүнчлэн сүүлийн өдрүүдэд халуунаас үүдэлтэй өвчлөлийн тоо "сэтгэл түгшээх" хэмжээнд хүрсэн гэж Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Педрам Пакайн тайлбарлав.

Өнгөрсөн зургадугаар сард Иран улс агаарын температурын оргил үед оффисын цахилгааныг хэмнэхийн тулд одоо ч эрт эхэлдэг төрийн албан хаагчдын зуны ажлын цагийг дахин нэг цагаар урагшлуулсан байна.

Зүүн өмнөд хэсэгт орших Систан-Балучистан муж халуунд хамгийн ихээр нэрвэгджээ. Мөн сүүлийн өдрүүдэд агаарын температур нэмэгдэж, шороон шуурганы улмаас 1000 орчим хүн эмнэлэгт эмчлүүлсэн байна. Тус бүс нутагт удаан хугацааны туршид усны хомсдол нүүрлэсэн бөгөөд энэ нь Даваа гаригт хөрш Афганистанд усны урсгалыг хязгаарлаж байгаа голын дээд хэсгийн даланг эсэргүүцсэн эсэргүүцлийн жагсаалыг өдөөсөн гэж Tasnim агентлаг мэдээлэв.

85 сая гаруй хүн амтай Иран нь цаг уурын өөрчлөлт болон дэлхийн температурын өсөлтөд хамгийн өртөмтгий орнуудын нэг юм. Ойролцоох орнуудын нэгэн адил энэ нь олон жилийн турш хэт хуурайшилт, халуунд нэрвэгдсэн бөгөөд уур амьсгалын өөрчлөлт үргэлжлэх тусам нөхцөл байдал улам дордох төлөвтэй байна.

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж