Хонгконг, Токиод хэсэг багшилсныхаа дараа Жак Ма саяхан хөдөө аж ахуйн технологийн шинэ компанид хөрөнгө оруулалт хийсэн гэж мэдээлжээ. Түүний хөрөнгө оруулсан агротехнологийн стартап "1.8 Meters Marine Technology (Zhejiang) Co" нь өнгөрсөн долдугаар сарын 20-нд Ханжоу хотод байгуулагдсан бөгөөд тус хотод "Алибаба" байрладаг. Өдгөө 58 настай Жак Магийн тэрбумтан болсон түүх нь Хятадын "Амазон" гэгдэх интернэт худалдааны "Алибаба" компаниас эхлэлтэй.
Түүний хөрөнгө оруулалттай холдингуудын нэг болох "Hangzhou Dajingtou No22 Arts Culture Co." нь стартапын 10 хувийг эзэмшдэг байна. Хятадын засгийн газраас технологийн салбарын бизнес эрхлэгчдэд хяналтаа тогтоох арга хэмжээ авч, Жак Ма олны нүднээс алга болсноос хойш бараг гурван жил болсны дараа тэрбээр шинэ бизнест хөл тавьжээ.
Тэрбээр 2020 оны аравдугаар сард Хятадын санхүүгийн зохицуулалтын тогтолцоог шүүмжилж, Хятадын банкуудыг "ломбард" сэтгэлгээтэй ажиллаж байна гэж мэдэгдснээр эрх баригчдыг хилэгнүүлсэн. Хятадаас явсан хэдэн жилийн хугацаандаа Жак Ма дэлхийгээр аялж, хөдөө аж ахуйн технологийн чиглэлээр суралцсан байна. Тэрбээр 2021 оны аравдугаар сард Испанид байхдаа байгаль орчны асуудалтай холбоотойгоор хөдөө аж ахуйн технологийн талаар суралцаж байгааг эх сурвалжууд мэдээлсэн. Мөн энэ чиглэлээр суралцахаар тэрбээр Нидерланд, Япон, Тайландаар аялсан байна.
Тэгвэл энэ оны тавдугаар сард Токиогийн коллежид тогтвортой хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийг судлахын зэрэгцээ багшийн албан тушаалд ажиллана гэж зарласан.
Жак Ма 2019 онд "Алибаба"-гийн удирдах албан тушаалаас тэтгэвэртээ гарсан бөгөөд удирдах зөвлөлд үлдсэн.
ЭХ СУРВАЛЖ: "BUSINESS INSIDER"
Холбоотой мэдээ