Үерийн улмаас 20 хүн нас барж, тог цахилгаан тасарчээ

Хуучирсан мэдээ: 2023.08.02-нд нийтлэгдсэн

Үерийн улмаас 20 хүн нас барж, тог цахилгаан тасарчээ

Үерийн улмаас 20 хүн нас барж, тог цахилгаан тасарчээ

Хятадын нийслэл Бээжин хот болон ойр орчмын газруудад үерийн улмаас 20 хүн амь үрэгдэж, 27 хүн сураггүй болсныг өчигдөр Засгийн газраас мэдээлжээ. Бээжинд 11 хүн нас барж, эрх баригчид сураггүй алга болсон 27 хүнийг хайж байна гэж албан ёсны Синьхуа агентлаг мэдээлсэн бол Хэбэй мужид есөн хүн нас барсан байна. 

Хятадын дарга Ши Жиньпин  орон нутгийн засаг захиргаанд үер, хөрсний нуралтаас хүмүүсийг аварч, хүний ​​амь нас, эд хөрөнгийн хохирлыг багасгахын тулд "бүх хүчээ дайчлан" ажиллах зарлиг гаргажээ. 

Үерийн улмаас автозамууд эвдэрч сүйдэн, модод унаж, гэрлийн шон гэмтсэнээс олон мянган өрх гэрэл цахилгаангүй болсон байна. Нийслэл хотын Фангшан дүүргийн 60,000 орчим айлын цахилгаан тасарсан тухай Финикс телевиз мэдээлэв.

Бээжин хотын захын хороолол болон ойролцоох Тяньжин, Жуожөү хотуудын сургууль болон бусад олон нийтийн барилгуудын хоргодох байранд олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Бээжингээс баруун өмнө зүгт орших Жуожөү хотод эрсдэл өндөртэй бүс нутгаас 125,000 орчим хүнийг хоргодох байранд шилжүүлсэн байна. Нийслэлээс зүүн зүгт орших Тяньжиний боомт хотын засгийн газар хавдсан Юндин голын ойролцоох 35,000 хүнийг нүүлгэн шилжүүлсэн гэж мэдэгдэв.

Ойрын хэдэн жилд болоогүй ноцтой үерийн байдал Бээжингийн иргэдийн сандаргаж,  гайхшруулж байна. Бээжин хотод ихэвчлэн хуурай зун байдаг ч энэ жил дээд амжилт тогтоосон халуун байлаа. Гэтэл бусад бүс нутаг, ялангуяа Хятадын өмнөд хэсэг зуны улиралд ер бусын хүчтэй үерт нэрвэгдэж, олон хүн амь үрэгдсэн. Тус улсын бусад бүс нутгууд гантай тэмцэж байна.

Гудамжаар урссан шаварлаг ус Бээжингийн баруун захад орших Ментугоу дүүрэгт автомашинуудыг урсгасан бичлэг цацагдсан. "Гудамжинд байрлуулсан автомашинууд хөвж урсан. Миний байшингийн ард зогсож байсан хоёр машин ердөө нэг минутын дотор урсч алга болсон" гэж оршин суугч Лю Шуанбао ярьжээ.

Онцгой байдлын ажилтнууд өчигдөр гудамж талбайг цэвэрлэхийн тулд бульдозер ашигласан байна.

Хэбэй мужийн цаг уурын агентлагийн мэдээлснээр, Бямба гаригаас хойш зарим газарт 500 миллиметр бороо оржээ. Зарим бүс нутагт цагт 90 миллиметр хур тунадас орсон байна. Бээжин, Тяньжин, Шижяжуан зэрэг Хайхэ сав газрын 13 голын усны түвшин анхааруулах түвшинг давсан гэж Усны нөөцийн яамнаас  мэдээллээ. Шанси мужаас Хэбэй мужийн баруун хэсэг рүү 42 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.

Өмнө нь өнгөрсөн долдугаар сарын эхээр баруун өмнөд хэсгийн Чунцин мужид үерийн улмаас дор хаяж 15 хүн амиа алдаж, баруун хойд нутгийн Ляонин мужид 5590 орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн.

Хятадын орчин цагийн түүхэн дэх хамгийн их үхэл, сүйрэл дагуулсан үер 1998 онд болж, 4150 хүн амиа алдсаны ихэнх нь Хөх мөрний эрэг дагуу амьдардаг хүмүүс байжээ. Мөн 2021 онд төвийн Хэнань мужид үерийн улмаас 300 гаруй хүн нас барсан. 

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж