Яллагдагч нарын гомдлоор шүүх рүү шилжүүлсэн хэргийг буцаан татав

Хуучирсан мэдээ: 2023.08.02-нд нийтлэгдсэн

Яллагдагч нарын гомдлоор шүүх рүү шилжүүлсэн хэргийг буцаан татав

Яллагдагч нарын гомдлоор шүүх рүү шилжүүлсэн хэргийг буцаан татав

НЭМЭЛТ: 

"Нүүрсний" гэх тодотголтой хэрэгт холбогдон яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийг шүүх рүү шилжүүлсэн байсан ч яллагдагч болон өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу буцаан татжээ. Эл асуудалтай холбогдуулж, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс дараах мэдэгдлийг гаргаад байна.

Мэдэгдэлд "Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “Нүүрсний хэрэг” гэх тодотголтой 11 яллагдагч, 141 хавтастай эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэхээр 2023 оны наймдугаар сарын 1-ний өдөр ирүүлснийг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2022 оны гуравдугаар сарын 4-ний өдрийн 53 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-д заасан журмын дагуу прокуророос хэргийг хүлээн авах явцад яллагдагч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын зүгээс Улсын ерөнхий прокурорт гомдол гаргасны дагуу Нийслэлийн прокуророос тухайн гомдлыг шийдвэрлэх хүртэл хугацаагаар хэргийг буцаан татсан.

Жич: Хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүх хэргийг хүлээн авахаас татгалзаж байна гэх буруу ташаа мэдээлэл олон нийтэд тарааж байгаа тул цаашид эх сурвалжаас мэдээллийг авахыг хүсье" гэжээ.

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын хэргийг шүүхэд шилжүүлжээ

“Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарт холбогдох хэргийг АТГ-аас шалгаж, прокурорт шилжүүлсэн. Авлигатай тэмцэх газраас мэдээлэл өгөхдөө прокуророос хэргийг хянаж, өчигдөр /2023.08.01/ шүүхэд шилжүүлсэн гэдэг мэдээллийг өглөө. Энэ талаарх мэдээллийг удахгүй прокурорын байгууллагаас өгнө гэв.

Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн 2022 оны арванхоёрдугаар сарын 13-нд нүүрсний хэрэгт нэр холбогдсон 17 албан тушаалтныг зарласан. Үүнээс гадна УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханыг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн юм. Авлигатай тэмцэх газраас түүнд холбогдох хэргийг 2023 оны тавдугаар сарын 10-нд шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлж байв.

Түүнийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д хамаарах нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй, мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх хэрэгт буруутган, хэргийг шүүхэд шилжүүлэх санал гаргасан.

Хэргийн мөрдөн байцаалтын явцад "нүүрсний" гэх хэрэгт  холбогдсон 11 яллагдагч нарын дунд худал мэдүүлэг өгөх, гэрчид хууль бусаар нөлөөлсөн зүйл ангитай иргэд байгаа. ХНХ-ын сайд асан Т.Аюурсайханы зүйл анги нэмэгдээгүй гэдгийг АТГ-аас мэдээллээ.

Мөн нүүрсний хэргээр хоригдож байсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг тус компанийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн. Түүний хэргийг мөн шүүхэд шилжүүлжээ.

Энэ талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн мэдээлэл өгөхдөө "Нүүрсний" гэх тодотголтой хэрэг дээр хэд хэдэн УИХ-ын гишүүн асан шалгагдаж байгаа. Эдгээрээс заримынх нь хэргийг шүүх рүү шилжүүлсэн. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад долдугаар сарын 21-ний өдөр хүргүүлсэн. Нийслэлийн прокурорын газраас өчигдөр /2023.08.01/ яллах дүгнэлт үйлдэж, шүүх рүү шилжүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3.3 зүйлд заасан гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх, 22.10.1 зүйл болон 22.10.2 хэсэгт заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжих, 22.4.4 заасан хахууль авах, 22.5.1 заасан хахууль өгөх, 18.6.2 заасан мөнгө угаах, 22.1.2 зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 21.2.1 заасан худал мэдүүлэг өгөх, 21.5 хэсэгт заасан гэрчид хууль бусаар нөлөөлөх зэрэг зүйл ангиар шалгаж, яллагдагчаар татсан мөрдөн байцаалтын хэргийг шүүхэд шилжүүлсэн" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж