VS: Авлига хорооллыг нураана, нураахгүй

Хуучирсан мэдээ: 2023.08.02-нд нийтлэгдсэн

VS: Авлига хорооллыг нураана, нураахгүй

Улаанбаатар хотод өнгөрсөн долдугаар сард орсон борооны улмаас голын ай сав газар, эрэг дагуух барилга, орон сууцны хорооллууд усанд автаж, аж ахуй, нэгж иргэд хохирол амсаад буй. Ийм байдалд хүрэхэд Дунд голын хөвөөнд баригдаж буй "Aqua Garden"  зэрэг хороолол нөлөөсөн гэж үзэн, тус барилгын ажлыг түр хугацаагаар зогсоох шийдвэрийг Барилга хот байгуулалтын яамнаас гаргасан юм. Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, үер усны далан, суваг, шуудуу хааж газар олгосон, барилга барьсан, холбогдох зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудыг АТГ болон холбогдох хууль, хяналтын байгууллагад яаралтай өгч шалгуулах, шаардлагатай бол зарим объектыг нураах хүртэл арга хэмжээ авахыг үүрэг болгосон. Тиймээс бид энэ удаагийнхаа VS буландаа "Aqua Garden"  хорооллыг буулгах боломжтой эсэх талаар талуудын байр суурийг хүргэж байна.


 

А.Амарбаясгалан
"Эм энд Жи" компани буюу "Aqua garden" хорооллын захирал

-"Aqua garden" хороолол, Усан парктай холбоотой худал гүтгэлэг мэдээлэл их явлаа. Манай компанийн нэр хүндэд их халдаж байна. Aqua garden хороолол Улаанбаатар хотыг үерт автуулчихсан мэт маш олон ташаа мэдээлэл явсан. Авлига хороолол хэмээх сонин нэрийг манай байгууллагад хаяглалаа. Манай компанийг өөр өрсөлдөгч байгууллагууд доромжилсоор ирлээ. Би бүгдээс нь асуумаар байна. Хэнд хэзээ хэдэн төгрөгийн авлига хаана яаж өгчихсөн юм бэ. Хэн хэнд авлига өгсөн юм. Тийм асуудал байгааг хэн мэдэж байгаа вэ. Өнөөдөр авлига өгдөггүй үнэнч шударгаар зөв явж байгаа компанийг оролддог юм байна. Манай компанийн бүх зүйлийг шалгавал ямар шударгаар ажилладаг гэдгийг мэдэх болно. Угаасаа ч манай байгууллагын үйл ажиллагааг маш олон шалгасан. Юу ч гараагүй болохоор өрсөлдөгч газрууд санаатайгаар авлига хороолол гэдэг нэрийг өгсөн. Өнөөдөр хэн нэгэнд миний хамтрагч болоод найз нөхөд, танил зэрэг манай компанийн зүгээс ямар нэгэн байдлаар авлига өгсөн асуудал байвал би хариуцлагаа хүлээе. Угаасаа огтоос нэг ч төгрөгийн асуудал байхгүй учраас зориудаар бидний ажлыг зогсоохоор ийм нэршил өгч байгаа бололтой. Манай барилгыг голын голдирол өөрчилсөн мэтээр яриад байгаа. Үе үеийн сансрын зургийг та бүхэн хаанаас ч олоод харж болно. Голын голдирол гэж зүйлийг Эм энд Жи болоод өөр хэн нэгэн 1 мм, 1 см ч тэр өөрчлөөгүй. Байгаль өөрөө урсаж яваад зохицуулаад ирсэн тэр голдирол яг л хэвээрээ байгаа. Голын голдирол өөрчилж, урсцыг боож хааж үерийн далан барилаа гэж сийх ч үгүй худлаа мэдэгдэл гаргалаа. Төр хувийн өмчид өөрийн үзэмжээр хандаж болох юм уу. Хэрэв манай хорооллыг нураавал зохих ёс хууль журмаар нь хувийн өмчөө хамгаалах болно. Өнөөдөр миний өмчид халдаж байгаа төр маргааш таны өмчид халдахгүй гэх баталгаагүй болчихлоо. 2011 онд Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас ард иргэдийг үер усны аюулаас сэргийлэхийн тулд Дунд, Сэлбэ гол дээр үерийн даланг барьсан. Тэр тогтоол нь байна. Барихдаа голын урсгалд нөлөөлсөн, голдирол өөрчилсөн зүйл ерөөсөө байхгүй.

З.Батбаяр
Усны газрын дарга асан

-Орон нутгийн засаг захиргааны байгууллагын үндсэн үүрэг бол хууль биелүүлэх. Юундаа тэр хүмүүсээс айгаад нурааж, болно болохгүй гэх мэт юм яриад байгаа юм бэ. Хүний амь насыг хороосон хүнийг хуулийн дагуу шоронд хийдэг. Үүнтэй нэгэн адил Монгол Улсын хууль зөрчиж барилга барьсан бол тэр барилга байх ёсгүй. Барилгын тухай хуулинд барилга буулгах талаар нийтийн эрх ашгийг зөрчсөн бол тухайн барилгыг буулгаад, буулгасан зардлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх ёстой. Тийм учраас зөвшөөрөлгүй барилга барьсан газруудын газрын зөвшөөрлийг нь хүчин болгох хэрэгтэй. Хоёрдугаарт, барилга буулгах үйл ажиллагааны тендер зарлаад, шалгарсан компанид нь барилга буулгах тусгай зөвшөөрлийг нь өгчих. Хоёр компани нэг нь барилгаа үлдээх, нөгөөх нь нураах гээд явж байг. Тэгээд хэн нь дийлэхийг нь харъя. Шүүх хуулийн дагуу шийдвэрээ гаргана биз. Хуулин дээр нь нураах зүйл заалтууд нь тодорхой тусчихсан байгаа. Би ганц нэгхэн газрын талаар яриагүй. Голийн гольдрол хааж барьсан, хууль зөрчиж барьсан бүх барилга, байгууламжийн талаар ярьж байна. Хоёрдугаарт, өөр аргууд ч бий. Тухайлбал, Орон нутгийн тусгай хамгаалалтанд авна гэж сайхан арга бий. Миний бие 2005,2006 онд дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч байхдаа  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлуудыг зэрэг хуралдуулж байгаад Сэлбэ голыг орон нутгийн тусгай хамгаалалтад авч байсан. Энэ нь мартагдсан. Тэгвэл одоо ингээд тусгай хамгаалалтанд хотын захиргаа аваатахаач ээ. Тусгай хамгаалалттай газар нутгаар аваад, хамгаалалтын бүсээ тогтоочих юм бол тэр дотор барилга барьсан хүмүүсийн үйл ажиллагаа хууль бус олж хувирна. Зөвшөөрөлгүй барилгуудыг нураах үйл ажиллагаа сайхан бүтнэ. Гуравдугаарт, Монгол Улсад ардчилсан тогтолцоо үүсэн бий болсноос хойш анх удаа 2004 онд  Усны тухай хууль батлагдсан. Харамсалтай нь Усны тухай хуулийг хэн ч хэрэгжүүлэхгүй байна. Өөрөөр хэлбэл голын ай сав газраас 50 метр газар барилга байгууламж барьж болохгүй гэдгийг тодорхой заачихсан байгаа. Усны тухай хуульд Монгол орны усны нөөцийн нэгдсэн менежмент, Сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийг 2012 онд Засгийн газрын хуралдаанаар төлөвлөгөө болоод Байгаль орчны сайдын тушаалаар Туул голын усны нөөцийн менежментын төлөвлөгөөг баталсан. Харамсалтай нь 2012 онд Усны газар татан буугдсанаар энэ чиглэлээр хийсэн ажлуудыг дарга нар шүүгээндээ хийгээд мартчихсан. Тун удахгүй гаргаж тавих болно. Тухайн үед ямар ямар эрсдлээс хэрхэн яаж сэргийлэх талаар тусгасан байсан. Тухайлбал, Усны нөөцийн нэгдсэн менежментын төлөвлөгөө гэх хуулийн нэрийг 2019 онд Улсын усны нөөцийн менежментын төлөвлөгөө болгоод өөрчилчихсөн. Тэнд усны нөөцийн нэгдсэн менежмент гэх  дэлхий нийтээр яригдаж байгаа маш чухал агуулгыг авч хаясан. Үнэнийг хэлээд 2035 он гэхэд Улаанбаатар хот усаар хангаж чадахгүй болно. Цаашлаад 2040 он гэхэд Улаанбаатар хотын хоногийн усны хэрэглээ нэг сая метр куб болно. Одоогийн байдлаар хоногт 300 мянган метр куб гарчихсан явж байгаа. Өөрөөр хэлбэл, усны хэрэглээ 2040 онд хоногт гурав дахин нэмэгдэх нь. Гэтэл усны нөөцийн талаар 50 жил ярьлаа. Бодитой өөрчлөлт юу ч алга. Цаашлаад усан хангамжийн асуудал аюултай байдалд хүрчихээд байхад өнөөдөр үер яриад сууж байна. Үерийн дараа ган болдог. Арван жилийн өмнө би Сэлбэ, Туул гол ширгэлээ гэж ярьж байсан. Одоо Туул, Сэлбэ гол дээр хүн үхлээ гэж ярьж байна. Дахиад 10 жилийн дараа ган ярина. Энэ бүхний хамгийн гол гарц нь усан сан.Болдог бол нэн түрүүнд усан сан бий болгоход анхаарч ажилламаар байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж